Таны арьсыг ГЭМТЭЭЖ БОЛЗОШГҮЙ гоо сайхны 7 бүтээгдэхүүн


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-11-03

Өнөө үед гоо сайхандаа анхаарал тавьдаггүй эмэгтэйчүүд байтугай эрчүүд ч ховорхон болсон биз ээ. Бид үргэлж гэрэлтсэн толигор арьстай байхыг хүсдэг ч тийм арьстай болохын тулд таарсан болгоноо хэрэглээд байж болохгүй. Учир нь таны ойр дотнын хэн нэгэнд таалагдсан бүтээгдэхүүн танд тохирохгүй ч байж болно. Үүгээр ч зогсохгүй таны арьсыг гэмтээж, аюулд оруулж ч мэдэх юм. Тиймээс та бүхэнд таны арьсыг гэмтээх магадлал бүхий арьс арчилгааны долоон бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

ШИРХЭГТЭЙ ГУУЖУУЛАГЧ

Долоо хоногт ганцхан эсвэл өдөр бүр хэрэглэдэг байсан ч татгалзах хэрэгтэй бүтээгдэхүүн бол “ширхэгтэй гуужуулагч” буюу бидний нэрлэж заншсан скраб юм. Үүнийг хэрэглэсний дараа арьс илүү толигор болсон мэт санагдаж болох ч бодит байдал дээр таны арьсны гадаргуу цочирч, гэмтсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй ширхэгтэй скраб хэрэглэсний дараа арьсны илүүдэл тослог арилсан юм шиг санагдах боловч арьснаас илүү их тос ялгарах үндэс болдог аж. Өөрөөр хэлбэл ширхэгтэй гуужуулагч хэрэглэсний дараа арьс хэт хуурайшдаг бөгөөд үүнийг чийгшүүлэхийн тулд тосны булчирхай ажиллаж илүү их тос ялгаруулдаг.

Тиймээс энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэх бол долоо хоногт хамгийн ихдээ нэг удаа хэрэглэж хэвшээрэй. Мөн хэрэглэснийхээ дараа арьсаа сайтар чийгшүүлэхээ мартуузай. 

БАТГАНЫ ЭСРЭГ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮН

Батгатайгаа тэмцэнэ гээд аль таарсан бүтээгдэхүүнээ авч хэрэглээд байж болохгүй. Энэ нь таны мөнгө санхүүд хүндрэл учруулахаас гадна арьсаа улам гэмтээж өвчлүүлэх эхлэл нь болж мэдэх юм.

Ихэнх батганы эсрэг бүтээгдэхүүн тослогийг багасгаж, арьсны үрэвслийг намдаах үйлчилгээтэй байдаг ч хооронд нь хольж хэрэглэж болохгүй найрлагууд гэж байдаг. Тиймээс арьсны эмчид хандан батганыхаа шалтгааныг тогтоож, ямар найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж болох, болохгүй гэдгээ сайтар судалж байж худалдан авалт хийхийг зөвлөе. 

ГУАША ЧУЛУУ

Гуаша чулуугаар массаж хийх нь цусны эргэлтийг сайжруулах, арьсыг гэрэлтсэн толигор болгох, хаванг буулгах зэрэг олон сайн талтай. Гэвч “дур мэдэж” хийх нь тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй шүү. "Healthline" эрүүл мэндийн сайтын мэдээлснээр, арьсандаа гуашагаар буруу массажлавал нүүрний өнгөн хэсгийн хялгасан судаснууд хагарч, улмаар ойр орчимд нь хөхрөлт үүсэх эрсдэлтэй гэжээ.

Иймээс гуаша хэрэглэхээсээ өмнө мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөг дагахыг санал болгож байна.

АРЬС ГУУЖУУЛАГЧ “ХУУРАЙ” СОЙЗ

Та арьс гуужуулагч хуурай сойзны талаар сонсож байсан нь гарцаагүй. Энэ нь хэрэглэж хэвшсэн хүмүүстээ эерэг үр дүн үзүүлдэг байж болох ч бүх хүнд “зохидоггүй”. Үүнийг хэрэглэсний дараа арьс хуурайшиж, маш эмзэг болдог. Нэн ялангуяа арьсны өвчтэй, хэт эмзэг арьстай хүмүүс хуурай сойзоор арьсаа үрэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ буруудвал таны арьс халдвар авах, өвчлөх магадлал ихэснэ.

АЛКОХОЛ АГУУЛСАН ХӨВӨН 

Алкохолтой хөвөнгөөр арьсаа арчсаны дараа арьс илүү их цэвэрхэн болсон юм шиг мэдрэмж төрдөг. Учир нь ийм төрлийн цэвэрлэгч хөвөн нь арьсыг матт болгодог аж. Гэвч бодит байдал дээр арьс хэт их хуурайшвал тослогийн тэнцвэрээ барихын тулд өөрөөсөө тос ялгаруулж, улмаар батга гарах үндэс болно. 

Тиймээс арьсныхаа тослог болон чийгшлийн тэнцвэрийг бүү алдагдуулаарай. 

ХИМИЙН ГАРАЛТАЙ ГУУЖУУЛАГЧ

Долоо хоногт нэгээс олон удаа химийн гаралтай гуужуулагч хэрэглэх нь арьсаа аюулд оруулж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл арьсанд тохироогүй найрлагатай бүтээгдэхүүн сонгосон бол арьсаа үрэвсүүлж, улмаар эмзэгшүүлэх эрсдэлтэй. 

ХАР БАТГА ХУУЛАГЧ

Хар батга хуулагч нь арьсны өнгөн хэсэгт байгаа хар батгыг хуулахаас гадна нүхжилтийг нь давхар цэвэрлэдэг гэдгээрээ онцлогтой. Гэвч уг бүтээгдэхүүнийг ойрхон давтамжтай хэрэглэснээр арьсны нүхжилт өмнө нь байснаасаа илүү томорч, ус тосны тэнцвэр нь алдагдах сул талтай. Тиймээс энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа арьсны нүх агшаагч болон чийгшүүлэгч хэрэглэх нь чухал. Мөн нэн шаардлагагүй бол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 

Эх сурвалж: Bright Side

#Гоо сайхан #Зөвлөгөө