"Halloween"-ний баяраар өмсөж БОЛОХГҮЙ долоон төрлийн өмсгөл


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-10-27

Уншигч та бүхэн маань "Halloween"-ний баяр дөхөхтэй зэрэгцэн энэ жил ямар хувцсаар гоёхоо аль хэдийнэ бодоод эхэлчихсэн биз ээ! Ямар ч хамаагүй хувцас өмсчихөөд гудамжаар санаа зовохгүй алхах боломжтой цөөн хэдэн онцгой өдрийн нэг тул сонин содон зүйл туршиж, амьдралдаа өнгө нэмэх дуртай хүмүүсийн хувьд "Halloween" ихэд онцгой баярт тооцогддог. 

Тэгвэл энэхүү баяраар хэн нэгэнд эвгүй сэтгэгдэл төрүүлж, бусдын сэтгэлд санаатай эсвэл санамсаргүй байдлаар сэв суулгахаас болгоомжлох үүднээс дараах 7 төрлийн хувцсыг жагсаалтаасаа шуудхан хасаарай.

ТЕРРОРИСТ БОЛОН АЛАН ХЯДАГЧИД

Зурагт ном болон дэлгэцийн уран бүтээлүүдэд алуурчдыг дэндүү сэтгэл татам байдлаар дүрсэлсэнтэй бид цөөнгүй тааралдаж байсан билээ. Магадгүй үүнээс улбаатайгаар зарим хүмүүсийн хувьд цуврал алуурчны тухай консепт “янзтай” ч гэмээр санагддаг байхыг үгүйсгэхгүй. 

Гэвч бодит амьдрал дээр хэдэн зуун хүний цусыг урсгаж, нэг улс эсвэл нэгэн айлын түүхэнд томоос том хар толбо үлдээж орхисон хүмүүсийн дүрд хувилах нь сайхан санаа огт биш. Жишээ нь Osama bin Laden, Dylan Roof эсвэл Adolf Hitler зэрэг хүмүүсийн дүрд бүү хувираарай. Зөвхөн алан хядагчид ч гэлтгүй хохирогчдын дүрд хувирах нь ч мөн ялгаагүй онцгүй хэрэг. Зарим улсад "Anne Frank-ийн хувцас" нэртэй өмсгөлүүд худалдаалагдсан нь багагүй шүүмжлэлд өртөж байсан билээ. 

Аль нэг баяраар дүрд нь хувирч, инээд ханиад болголгүй хүндэтгэл үзүүлж, санан дурсах ёстой эмгэнэлт үйл явдлууд гэж бий. Тиймээс таны өмссөн хувцас, хувирсан дүр хэн нэгний хувьд гашуудал дагуулсан үйл явдлыг санагдуулахаар бол ерөөсөө л өмсөхгүй байхад болно.

BLACKFACE БУЮУ АРЬСНЫ ӨНГӨӨ ХУВИРГАХ

Африк гаралтай Америк хүн биш боловч энэ дүрд хувирахын тулд арьсаа хар, бор өнгөөр будахыг “Blackface” хэмээдэг. Маш олон хүмүүс үүнийг энгийн л нүүр будалт, хувиргалт гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ энэ үйлдэл өнгөт арьстнуудыг доромжилж, “шоолж” буй үйлд тооцогддог.

“Blackface” нь зүгээр л нэг арьсаа бараан өнгөөр будаж, хувцас өмсөх бус арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэмжсэн, гашуун түүхийг ахин сэргээж буй явдал юм. XIX зууны дунд үеэс эхлэн цагаан арьст жүжигчид нүүр хэсгээ хар, бор өнгөөр хэтрүүлэн будаж, боолчлогдсон өнгөт арьстнуудыг дүрсэлдэг байсан гэнэ. Энэ нь цагаан арьстнуудад хөгжилтэй байсан байж болох ч өнгөт арьстнуудын хувьд үнэхээр гунигтай, гутамшигтай хэрэг байсан бөгөөд одоо ч байсаар буй юм. 

Өдөр ирэх тусам эрчээ авч буй даяаршлын энэ үед бид нэг нэгнийхээ ёс заншил, соёл, түүхэд хүндэтгэлтэй хандаж, аливаа ялгаварлан гадуурхах үйлдэлтэй аль чадахаараа тэмцэх нь чухал. Тиймээс хэн нэгэн өнгөт арьст хүний дүрд хувирахыг хүссэн байсан ч арьсны өнгөө харин бүү өөрчлөөрэй!

БУСАД ОРНЫ ҮНДЭСНИЙ ХУВЦАС

Хэрэв аль нэг орны иргэн бидний хүндэтгэн өмсдөг дээл, малгайг “Halloween-ний баярын өмсгөл болгоод өмсчихсөн байвал танд ямар сэтгэгдэл төрөх вэ? Манай орны хэдэн зуун жилийн түүхийг өөртөө шингээсэн бахархал, хайраар дүүргэн өмсдөг үндэсний минь хувцас аймшгийн баярын өмсгөл болчихсон байвал хэнд ч сайхан сэтгэгдэл төрөхгүй биз ээ. 

Яг л үүнтэй адил аль ч орны үндэсний хувцас хэн нэгний “Halloween-ий баярын өмсгөл төдий зүйл болох ёсгүй юм. Жишээ нь Уугуул Индианчуудын хувцас, кимоно, ханбуг зэргийг өмсөхөөс татгалзаарай!

АЛДАРТНУУДЫН ЗОМБИ ХУВИЛБАР

“Halloween-ний баяраар алдартнуудын дүрд хувирахаас илүү хөгжилтэй зүйл гэж үгүй. Харин таны дуурайхыг хүссэн алдартан нас барчихсан байлаа гээд үүн дээр нь зомби будалт нэмэхгүй байхыг зөвлөж байна. Дуртайгаа илэрхийлэн, хүндэтгэл үзүүлэхийг хүссэн байтал зомби будалт нэмчихвэл таны санааг бусад хүмүүс тэс өөр байдлаар хүлээн авч магадгүй юм.

ОРОН ГЭРГҮЙ ХҮН

Биедээ шуудай углан хогийн уут үүрчхээд түүнийгээ “Halloween-ний өмсгөл хэмээн нэрлэвэл огтхон ч хөгжилтэй биш шүү. Орон гэргүйгээс болж амьдралаа арай хийн залгуулдаг, өвлийн хүйтэн, зуны халуунд ч толгой хорогдох газаргүй иргэд манай улсад ч одоо цөөнгүй байдаг. Тиймээс нүүрээ халтартуулж, уранхай ноорхой хувцас өмсөхөөсөө өмнө энэ талаар ахин нэг удаа бодоод үзээрэй. 

СЭТГЭЦИЙН ӨВЧТӨН

Өнгөрсөн жилүүдэд зөвхөн манай орны хувьд гэлтгүй дэлхийн хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хурцдаж эхлээд байгаа билээ. Энэ асуудал хурцдаагүй байсан ч сэтгэцийн өвчтөний дүрд хувирна гэдэг сайхан санаа биш нь ойлгомжтой биз ээ. 

ХҮЧИРХИЙЛЭГЧ БОЛОН ХҮЧИРХИЙЛҮҮЛЭГЧ

Хүчирхийлэлд нэг л удаа өртсөн бол хохирогчийн хувьд энэ сэдэв үлдсэн амьдралынхаа туршид мартаж чадамгүй маш том сорви болон үлддэг. Тийм байтал бие болон сэтгэл санааны хүчирхийлэгч, аль эсвэл хохирогчийн дүрд хувирах нь үнэхээр бодлогогүй хэрэг болно. 

Эцэст нь та бүхэндээ зөвлөн хэлэхэд таны сонгох гэж буй хувцас хэн нэгний санахыг хүсэхгүй дурсамжийг сэдрээхээр бол зүгээр л өөр хувцас сонгочих. Хүүхэлдэйн киноны дүр, алдартнууд, номын дүр гээд л маш олон хувцасны сонголт байхад бид заавал нэгнээ шархлуулах замыг сонгох албагүй шүү дээ! 

Эх сурвалж: Mashable, CNN

#Halloween #Хувцас