YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: "Надад дасаж болохгүй шүү" гэсэн
Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. Энэ жил шинэ сургуульд элсэж ороод гэрийнхнээсээ тусдаа амьдарч эхлээд байгаа юм. Гэр бүл, найз нөхдөө маш их санаж, ганцаардаж байна. Гэтэл надтай найрсаг харьцаж, багахан халамжилдаг нэгэн хөвгүүн гарч ирсэн. Надад хэцүү байвал асуудлыг минь сонсоод тайтгаруулдаг. Түүнд таалагддаг эсвэл харьцдаг охин байхгүй ч “надад дасаж болохгүй шүү” гэсэн. Үнэндээ би аль хэдийнэ дасаад эхэлчихсэн. Түүнтэй хамт байх нь намайг сэтгэл гутралаас аварч байгаа юм шиг санагддаг.
Би ингээд л хамт байсаар л байвал бүрмөсөн дасах юм шиг байна. Гэхдээ хамт байхаа больчихвол урьдын адил, магадгүй урьдынхаасаа ч хүн байх юм шиг байна. Би яавал дээр вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Түүнд өөрийгөө хэт хамааруулах нь хортой харилцааг бий болгоно
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Чиний хувьд бүх зүйл шинэ учир дасахад хүндрэлтэй байгаа бололтой. Насанд хүрсэн хүн хүртэл шинэ орчинд дасахад их бага хэмжээгээр стрессдэг. Мөн их бага хэмжээний хугацаа зарцуулдаг. Шинэ орчинд ороход өөрийн мэдэлгүй танил, дулаан мэдрэмж төрүүлэх зүйлсийг хайж эхэлдэг. Өөртэй нь чин сэтгэлээсээ ярилцах, өөрийг нь сонсох, урамшуулах, санаа тавих хүнийг хайдаг гэсэн үг. Энэ үед эелдэг, найрсаг хандсан хүнд хурдан хугацаанд дасдаг бөгөөд энэ нь чи тэр хөвгүүнээс аюулгүй, тайван байдлыг мэдэрсэнтэй холбоотой.
Гэхдээ ямар ч зүйлийн тун нь хэтэрвэл хор болдог шиг чи тэр хөвгүүнд өөрийгөө хэт хамааруулах нь эргээд хортой харилцааг бий болгох хандлагатай байдаг. Тэр хөвгүүнтэй үргэлж хамт байж чадах эсэх нь эргэлзээтэй байна шүү дээ. Тиймээс тэр хүн чамайг сонсож, тайвшруулж байдагт нь талархаад өөрийгөө түүнд хэт их хамааруулахаас зайлсхийгээрэй. Үүний оронд чамайг орчиндоо дасахад туслах дараах аргуудыг санал болгож байна.
- Шинэ орчинтойгоо танилцаарай.
- Өөрийн хийх дуртай зүйлийн дагуу дугуйлан секцүүдэд хамрагдаарай. Ингэснээрээ дуртай зүйлээ ч хийнэ, ижил сонирхолтой хүмүүстэйгээ ч танилцах боломжтой..
- Сургуулийн хүрээнд зохиогддог ажлууд ба бусад сайн дурын ажлуудад оролцоорой.
- Зорилгоо тодорхойлоорой. Хэрэв тодорхойлсон бол түүндээ чиглэгдсэн үйл ажиллагаанд төвлөрч өөрийгөө хөгжүүлээрэй.
- Бусадтай инээмсэглэж харилцаарай, 2015 онд хийгдсэн нэгэн судалгаагаар хүмүүс сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс илүү эерэг сэтгэлийн хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлдэг гэжээ.
Дараах аргуудаас турших нь чамайг орчиндоо дасахад туслах болов уу. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: "Ингээд үхчихвэл гоё доо" гэж боддог
Сайн байна уу? Би 20 настай. Ухаан орсон цагаасаа эхлээд л амьдрах хүсэлгүй байсан. Яагаад гэдгийг нь өөрөө ч мэддэггүй. Хэд хэдэн удаа эм уусан ч үхэж чадаагүй. Байнга “ингээд үхчихвэл гоё доо” гэж боддог. Надад үнэхээр хэцүү байна. Хамгийн гол нь ярилцаад ойлголцох нэг ч хүн байхгүй. Нас явах тусам амьдрал ямар ч утгагүй болоод байна. Яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Сүүлийн үед ямар шинж тэмдгүүд илэрч байна вэ?
Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Хэдийгээр өөрийнхөө хувьд таагүй үеийг даван туулж байгаа боловч бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Сүүлийн үед ямар шинж тэмдгүүд илэрч байна вэ? Ухаан орсон цагаасаа эхлэн амьдрах хүсэлгүй болсон гэдэг нь яг хэзээнээс гэсэн үг вэ? Энэхүү байдал нь хэдий хэр хугацаанд үргэлжилсэн бэ? Үүнээс өмнө нь чиний амьдрал ямар байсан бэ? Ийм нөхцөл байдалд ороход ямар нэгэн томоохон хүчин зүйл нөлөөлсөн гэж бодож байна уу?
Дараагийн захидалдаа энэ талаар дэлгэрэнгүй бичээрэй. Мөн мэргэжлийн сэтгэл судлаачтай биечлэн уулзаж ярилцаж, тусламж авах боломжтой байдаг шүү.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Ийм үед яахаа мэдэхээ больчихдог
Сайн байна уу? Би 16 настай. Энэ тавдугаар сард нэг охинтой танилцаад, түүндээ сайн болоод, анхны хайраа олчихлоо гээд их баярлаж байсан юм. Тэгээд нэг нэгнээ илүү сайн мэдэлцсэнийхээ дараа үерхэх санал тавьсан. Тэгээд бид хоёр хоёулаа эхлээд сургуулиа төгсөх хэрэгтэй гээд орхисон. Тэр үед бид хоёрын албан бус үерхэл эхэлсэн боловч хичээл орж эхлэхэд нэг л хүйтэн хөндий болоод байлаа.
Энэ байдал надад жоохон хүнд байгаа юм аа. Стрессдээд, унтсан хэрнээ унтаагүй юм шиг байсаар нэг сар өнгөрсөн. Энэ хугацаанд энэ нөхцөл байдлаа хэнд ч хэлээгүй. Аав ээждээ хэлье гэхээр яаж ойлгуулахаа мэдэхгүй. Хичээл номондоо анхааръя гэсэн ч анхаарч чадахгүй. Би их амархан сэтгэлээр унадаг юм л даа. Тэгээд ийм үед яахаа мэдэхгүй болчихдог. Өөрийн дуртай зүйлээ хийсэн ч тайвшрахгүй. Ойр дотнын хүн нь нас барчихсан юм шиг байдалтай байгаад байна. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Энэ асуудал бүх насны хүмүүст тохиолддог
Сайн байна уу? Юуны өмнө бидэнд захидал бичсэнд баярлалаа. Чамд тохиолдсон асуудал өсвөр нас гэлтгүй бүхэл насны хүмүүст тохиолддог. Гэхдээ чиний насан дээр асуудлаа яаж шийдвэрлэх талаар мэдэхгүй байх нь элбэг. Иймээс дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд үзээрэй.
- Хамгийн эхний асуулт бол энэ харилцаа жинхэнэ хайр мөн үү? Эсвэл зүгээр шохоорхол уу? Үүнийг чи өөрөөсөө сайтар асуух хэрэгтэй.
- Хэрэв харилцаа чинь жинхэнэ хайр мөн бол. Хайртай гэдгээ хэлсэн үү? Хамт байхыг хүсэж байгаагаа хэлж ойлгуулсан уу? Мөн хайр илэрхийлэхэд зөвхөн “хайртай” гэдэг үг хангалттай биш.
- Мөн хайрын эхний шалгуур бол цаг хугацаа гэдгийг анхаараарай. Хэчнээн хол байсан ч, аль эсвэл урт хугацаанд уулзаагүйч, бүр салсан байсан ч нэг нэгэндээ талархаж, сайн сайхныг хүсэж, бие биетэйгээ учирсандаа баяртай байдаг гэдгийг санаарай
- Эцэг эхтэйгээ зөвлөлдөх нь үр дүнтэй. Ичих айх зүйлс байдаг ч ээж аав чинь чамд өөрсдийн туршлагаасаа хуваалцахаас татгалзахгүй байх. Тиймээс өөрийн асуудлыг хэрхэн шийдэх талаар асуугаад үзээрэй.
Мөн чамд тохиолдоод байгаа зүйлс хэт стресстэй байгаа бол стресс тайлах арга хэрэглэх хэрэгтэй. Жишээлбэл, өдөр тутам тэмдэглэл хөтлөх, дасгал хийх, гадуур зугаалах, гэрийнхэнтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөх гэх мэт.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач О. Отгонцагаан
АСУУДАЛ: Өмнө нь ой тогтоолт сайтай байсан ч мартамхай болчихлоо
Сайн байна уу? Би 18 настай, оюутан. Сүүлийн үед их мартамхай болсон. Дэлгүүр ороод авсан зүйлээ орой нь санахгүй байх хэмжээний. Өмнө нь ой тогтоолт үнэхээр сайн байсан ч гэнэт л ингээд мартамхай болоод эхэлсэн. Мөн сэтгэл санаагаар унах, гутрах, уйлах зэрэг сэтгэлийн ямар ч хариу үйлдэл байхгүй болчихсон. Зөвхөн инээгээд л. Юу ч болоогүй байхад инээд хүрээд байдаг болчихсон. Гэхдээ сэтгэл дотор маш том хэцүү зүйл байгаа мэт санагдаж байгаа ч яг юу гэдгийг нь мэдэхгүй байна. Яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Итгэдэг нэгэнтэйгээ ярилцах нь хамгийн зөв арга
Сайн байна уу? Юуны өмнө бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. "Сүүлийн үед" гэдэг нь энэ байдал хэр удаан үргэлжилж байгаа вэ? Хэдэн сар эсвэл хэдэн долоо хоног үргэлжилж байгаа вэ? Сайн унтаж амарч чадаж байгаа юу? Хоолны дуршил хэр байгаа вэ? Сэтгэл хөдлөлийн ямар ч хариу үйлдэлгүй болохоос өмнө ямар байсан бэ? Уйлдаг байсан уу? Өөрийгөө хэр амьдралын идэвхтэй байна гэж дүгнэх вэ? Дуртай, сонирхолтой зүйлээ хийсэн хэвээр байгаа юу? Эдгээр асуултад хариулах мөн өөр шинж тэмдгүүдийг дэлгэрэнгүй бичиж дахин захидал бичээрэй.
Хэр удаан үргэлжилж байгаа болон өөр шинж тэмдгүүдээс хамаарч стресс хямрал биш байх магадлалтай. Мөн амьдралд нь томоохон зүйл тохиолдох эсвэл өөрчлөгдсөн үү? Жишээ нь: Шинэ сургуульд орох, өмнө найзалж байсан найзаасаа харилцаагаа таслах гэх мэт. Бодоод үзээрэй. Ойр дотнынхоо хүнтэй ярилцаж үзсэн үү? Энэ байдлаа хэлсэн болов уу? Нэг л хэцүү санагдаад юу гэдгээ мэдэхгүй байх үед итгэдэг хэн нэгэнтэйгээ ярилцах нь хамгийн зөв арга шүү.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг
АСУУДАЛ: Юунд дуртайгаа хичнээн хичээсэн ч олж чадаагүй
Сайн байцгаана уу? Юуны түрүүнд бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Ахлах ангид орж суралцаад удаагүй байгаа өсвөр насны охин байна. Том болох тусам миний хувьд олон зүйл дээр дэндүү ихээр дарамт мэдрэгдэж эхлэх болсон. Хамгийн ихээр стрессдүүлж, дарамттай санагдаж байгаа асуудлуудын нэг маань мэргэжил сонголт болоод байгаа юм. Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ? Ирээдүйд эрэлттэй байх ажил мэргэжлүүд, мэргэжил сонголтод гаргадаг бидний нийтлэг алдаанууд гэхчлэн маш их сэдвээр судалгаа хийж, уншиж үзсэн боловч энэ бүхэн надад хангалттай тус болж чадаагүй. Эцсийн эцэст шийдвэр гаргах хүн нь өөр хэн ч биш ганцхан би болохоор бүх сонголтууд маань ганцхан надаас л хамаарна.
Хүн бүр л нэгэн ижил хариулт өгдөг. Өөрийн дурладаг зүйлсээ хайж ол, эсвэл өөрт байгаа авьяас чадвараа илүү хөгжүүл, олон зүйл туршиж үз гээд л. Гэтэл надад цааш нь ч хөгжүүлээд байхаар гоц гойд авьяас чадвар байхгүй. Юунд хүсэл сонирхолтой, юу намайг аз жаргалтай болгодог гэдгээ хэчнээн хичээсэн ч олж мэдэж чаддаггүй. Сонирхлоо олох гэж олон зүйлс хийж үзсэн ч тэр дундаас аль нь ч надад сайхан санагдаагүй. Яг ийм байдлаараа сүүлийн 2, 3 жил явж байна. Би яг одоо яах ёстой вэ? Юунаас эхлэх ёстой вэ? Та бүхэн надад туслаарай.
ЗӨВЛӨГӨӨ: Түгшиж байгаа нь хэвийн зүйл
Сайн байна уу, бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Мэргэжил сонголт гэдэг бол мэдээж чухал шийдвэрүүдийн нэг. Тиймээс ч санаа зовж, түгшиж байгаа нь хэвийн зүйл. Гэхдээ аливаа зүйл хэтрэхээрээ болдоггүй шиг хэт санаа зоволт нь эргээд чамайг анхаарлаа төвлөрүүлэхэд, шийдвэр гаргахад нь сөргөөр нөлөөлж байдаг.
Эхлээд стресснээс гардаг аргаа олж, тайвширсныхаа дараагаар аливаа зүйлийг тунгаан бодоод үзээрэй. Мөн хийх дуртай зүйлээ мэдэхгүй, юу чаддагаа олж хараагүй байгаа бол өөрийгөө танихад туслах сорил, тест бөглөж үзэхийг зөвлөж байна. Мэргэжлийн хүнд хандаж мэргэжил сонголтын тест бөглөн ярилцаад үзээрэй.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач И. Батцэцэг
АСУУДАЛ: Бяцхан зүйлд стрессдээд байна
Сайн байна уу? Удаан хугацааны хөл хорио олон хүмүүст нөлөөлсөн байх. Тэдний нэг нь би юм шиг байна. Миний ааш зан өөрчлөгдөөд, би өөртөө ч бараг танихаа байлаа. Өмнө нь хэр баргийн зүйлд гуниглаад байдаггүй, инээгээд л, хавь ойрынхоо хүмүүсийг ч инээлгээд явдаг байсан. Гэтэл одоо юу ч болоогүй байхад уур хүрээд, хэнд ч хамаагүй гомдлоод, бараг бүх зүйлээс залхаж, гунигтай санагдах боллоо.
Өмнө нь хэзээ ч хэн нэгний сөрөг хандлагын нөлөөнд автдаггүй, надад дургүй байсан ч тоодоггүй байсан. Одоо бол надад бага зэрэг уурлах юм уу дургүйцлээ илэрхийлэх төдийд нь гуниглаад, өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр мэдрэх боллоо. Бяцхан зүйлд стрессдээд байх юм. Энэ үеийг хэрхэн давж гарах вэ? Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Ярвайсан бүгдийн өөдөөс инээгээд байж чадахгүй
Сайн байна уу, бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Хөл хорионоос өмнө болон хойш гэрээс гадуур юу хийхэд хамгийн их цаг зарцуулдаг болохоо харьцуулаад юунд хамгийн их төвөгшөөгөөд байгаагаа мэдэхийг оролдоорой. Хүмүүс бид нэгэн хэвийн тойрогт/циклд/ орчихоороо зан төлөвийн өөрчлөлтөд орж, өөрийгөө ч ойлгохгүй, эргэн тойрноосоо залхаж эхэлдэг. Мөн хүн сэтгэлийн цэнэгээ гамнах хэрэгтэй бөгөөд ярвайсан бүхний өөдөөс үргэлж инээгээд байж чадахгүй учраас таны хувьд тэсвэрлэхээ болих үе нь эхэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнийгээ зөвөөр гадагшлуулж, бусдад эвтэйхэн ойлгуулахдаа анхаарч байх хэрэгтэй.
Өөрийгөө тайвшруулж чадах үйлдлийг олоорой. Тухайлбал зураг зурах, авсан зургаа янзлах, дуу, шүлэг зохиох, ном будах, дуу сонсонгоо дасгал, хөдөлгөөн хийх, үзвэр үзэх, гадуур (ууланд) алхах, гүйх, дээс тоглох, цагираг эргүүлэх гэх мэт. Мөн та өөрийн амьдралд болохгүй байгаа гурван зүйл, болж байгаа найман зүйлээ жагсаагаад бичээрэй. Ингэх нь танд асуудлуудаа тодорхойлох, гарц олох, болж бүтэж байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байхад туслах юм. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач И. Батцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх