Шинэхэн долоо хоног эхэлж, бас нэгэн даваа гарагтай золгосон хэр нь өнгөрсөн өдрүүдийнхээ сонин хачинтай танилцаж амжаагүй юм биш биз? Тэгвэл YOLO.mn сайтын зүгээс та бүхэндээ зориулан өнгөрсөн долоо хоногт Инстаграм орчинд болсон онцлох үйл явдлуудын тоймыг хүргэж байна!
TIMOTHEE CHALAMET GQ СЭТГҮҮЛИЙН НҮҮРЭНД
“Call Me By Your Name” (2017) киноны Elio-гийн дүрээр алдар нэрийн гараагаа тавьсан жүжигчин Timothee Chalamet-ийг та бүхэн сайн таних биз ээ. Өнөө цагийн хамгийн эрэлттэй эрэгтэй жүжигчдийн нэгт зүй ёсоор багтах тэрээр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын "GQ" сэтгүүлийн нүүрийг чимсэн. Timothee зун цагийг санагдуулам, цаанаа л “дулаахан” зураг авалтынхаа хэсгээс Инстаграм хуудаснаа хуваалцаад амжжээ.
ДУУЧИН CL ЭРГЭН ИРНЭ
Өнөө цагт 2NE1 хамтлагийн талаар мэдэхгүй, дууг нь сонсоогүй залуу хүн гэж ховор биз. 2010-аад оны үед “Lollipop”, “I’m The Best”, “I Love You” зэрэг дуунуудаараа ид эрчийг авч байсан уг хамтлаг 2016 онд харамсалтайгаар тарсан билээ.
Улмаар гишүүд тус тусын уран бүтээлдээ анхаарлаа хандуулах болсон бөгөөд энэ удаад хамтлагийн ахлагч CL буюу Lee Chae-Rin шинэхэн уран бүтээлээ фенүүддээ толилуулахаар бэлтгэж буй ажээ.
GOBI CASHMERE
"Малчны хотноос Дэлхийд" уриатай Говь брэндийн Намар/Өвлийн коллекц өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарчээ. Тус брэндийн хамт олон коллекцийнхоо сурталчилгаанд олны танил загвар өмсөгчдийг бус, эгэл ардыг оролцуулсан нь багагүй олон хүмүүсийн сайшаалыг хүртээд байна.
ХЭРХЭН ЭХЭЛСЭН БЭ?
Интернет орчинд бараг л өдөр бүр шинэ трэнд гардаг. Тэгвэл цахим орчинд саяхнаас "How it started VS. How it's going" хэмээх трэнд тархаад буй юм. Энэхүү трэндийн дүрэм нь өмнө нь ямар байсан болон одоо ямар байгаагаа хоёр зурагт багтаан харуулах билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт мэргэжлийн нүүр будагч, цахим орчинд нөлөөлөгч Nikiti Dragun уг давлагаанд нэгджээ. Тэрээр хэдэн жилийн өмнө өөрийгөө трансжендэр гэдгийг мэдэгдсэн ч хуучныхаа зургуудаас тэр бүр хуваалцдаггүй байсан юм.
"АНГИЙН ОХИН АННА"
“Анна Каренина” жүжиг аравдугаар сард өнгө нэмэн, өдөр бүр УДЭТ-ын тайзнаа тоглогдож буйг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Тэгвэл тус жүжгийн амин хэсэг болсон авьяаслаг жүжигчин бүсгүйчүүд Инстаграм хуудаснаа тайзны арын зургаасаа хуваалцаад амжжээ.
TRAVIS SCOTT, KYLIE JENNER НАР АХИН ХАМТДАА
Өдгөө Stormi хэмээх бяцхан охины эцэг эх болсон реппэр Travis Scott болон телевизийн шоуны од Kylie Jenner нарын харилцааны тухай мэдээ үргэлж л олны анхаарлыг татдаг. Тэд харилцаагаа хоёр тийш болгосон гэдэг ч охиноо хамтдаа өсгөдөг билээ. Тэгвэл олон сарын дараа тэд "Givenchy" брэндийн хувцсаар гангаран хамтдаа авахуулсан зургаа нийтэлжээ.
ХӨХНИЙ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ САР
Аравдугаар сарыг дэлхий нийтээрээ “Хөхний хорт хавдраас сэргийлэх сар” болгон аян өрнүүлдэг. Энэхүү аяны хүрээнд илүү олон хүмүүст хөхний хорт хавдрын талаар мэдээлэл хүргэх болон урьдчилан сэргийлэхэд нь туслахыг зорьдог билээ. Ингээд уг аяныг тохиолдуулан уншигч охид та бүхэндээ хөхөө эрүүл байгаа эсэхийг хэрхэн шалгах аргаас хүргэж байна.
Хөхөө өөрөө шалгах арга:
Хэвтэж байхдаа, аль эсвэл гараа дээш өргөөд хөхөө нар зөв тойруулан хурууны өндгөөр зөөлөн дарна. Суганы ойр хавьд ч бас дарж үзэхээ бүү мартаарай. Шалгахдаа ямар нэгэн өвчтэй болон өвчингүй ямар нэгэн хатуу булчирхай, ургацаг, булцуу байгаа эсэхийг анзаараарай. Мөн эмч нар усанд орох бүрдээ ингэж шалгавал сайн гэж зөвлөдөг. Хөх хавдах, улайх, бэрсүүдэх, толгойноос нь шүүс гарах, хөндүүрлэх, ургацаг мэдрэгдэх зэрэг тохиолдолд яаралтай эмчид хандаарай.
Таны шинэхэн долоо хоног эрч хүч, аз жаргал, үр бүтээлээр дүүрэн байна хэмээн найдъя. Дараа долоо хоногт уулзталаа баяртай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх