Жүжигчин Jason Momoa эхнэрийнхээ экс нөхөртэй МАШ ХАЧИРХАЛТАЙ харилцаатай байдаг


Миау | YOLO.MN
2020-10-02

Нэгэн цаг хугацааг хамтдаа өнгөрөөсөн хүнээ өөр нэгэнтэй шинэ харилцаа эхлүүлж буйг харах хэн хүний хувьд амаргүй байх болов уу? Гэхдээ хөгжимчин, ая зохиогч Lenny Kravitz-ийн хувьд тийм биш гэнэ. Тэрээр өнгөрсөн пүрэв гарагт "Men's Health" сайтад ярилцлага өгөхдөө хуучин эхнэр Lisa Bonet-ийнхоо одоогийн нөхөр, жүжигчин Jason Momoa-тай ямаршуу харилцаатай байдаг талаараа ярилцсан юм. 

Зүүн гар талаас жүжигчин Jason Momoa, жүжигчин Lisa Bonet, хөгжимчин Lenny Kravitz

АНУ-ын алдарт хөгжимчин, ая зохиогч Lenny Kravitz тэртээ 1985 онд New Edition хамтлагийн тоглолтын тайзны ард жүжигчин Lisa Bonet-тэй анх уулзаж байжээ. Тэд хоёр жилийн туршид дотно нөхөрлөсний дараа 1987 оны арваннэгдүгээр сарын 16-нд хуримаа хийсэн ч зургаан жилийн дараа буюу 1993 онд албан ёсоор хоёр тийш болсон байдаг. Тэд дундаасаа ганц охинтой болсон нь жүжигчин Zoe Kravitz билээ. 

Зүүн гар талаас бяцхан Zoe Kravitz, Lisa Bonet болон Lenny Kravitz нар

Харин жүжигчин Jason Momoa хосуудыг хуримаа хийдэг жил буюу дөнгөж 8 настайдаа ирээдүйн эхнэр Lisa-гаа зурагтаар харчихаад анхны харцаар дурлаж байсан гэдэг. Ингээд 17 жилийн дараа буюу 25 настайдаа бага байхдаа шохоорхдог байсан бүсгүйтэйгээ үнэхээр л хайр сэтгэлийн харилцаа үүсгэж чадсан билээ. Жүжигчин Jason Momoa болон Lisa Bonet нар 12 жилийн туршид үерхсэний эцэст 2017 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд өдгөө 2 хүүхдийн эцэг эх болсон юм. 

Хөгжимчин Lenny Kravitz-ийг хуучин эхнэрийнхээ шинэ нөхөртэй үнэхээр сайхан харилцаатай байдаг учир олон нийт түүнийг ихэд хүндэлж биширдэг билээ. Тэрээр энэ талаар:

- "Хүмүүс одоо ч намайг Jason болон Lisa хоёртой хоёулантай нь дотно байдаг гэхээр итгэж чаддаггүй. Мэдээж Lisa-гаас салсны дараа нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авах, сэтгэлийн шархаа эдгээх зэрэгт цаг хугацаа болон хүчин чармайлт багагүй шаардагдсан. Гэхдээ Jason-тэй анх удаа уулзахад бол "Тийм ээ, энэ залуу надад таалагдаж байна" гэж бодсон шүү". 

Тэдний харилцаа зүгээр ч нэг бие биендээ буруу санадаггүй, мэнд мэдээд өнгөрдөг харилцаа биш. Тэд бүр хос бөгж зүүдэг гээд бод доо. Өнгөрсөн оны аравдугаар сард жүжигчин Jason Momoa АНУ-ын алдарт "Saturday Night Live" шоу нэвтрүүлгийг анх удаагаа хөтлөх үед Lenny Kravitz түүнийг дэмжиж тусалж байсан удаатай. Харин Jason үүнд нь талархсан сэтгэлээ илэрхийлэн хохимой толгойн хэлбэртэй гар урлалын бөгж бэлэглэж байсан юм.

Тэдний энэхүү харилцааны талаар охин Zoe Kravitz нь "Ocean Drive" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ийн өгүүлж байжээ. Тэрээр: 

- "Эцэг эх минь хоёр тийш болсон хэдий ч дотно хэвээрээ байдаг. Төрсөн болон хойд аав хоёр маань ч хоорондоо их сайхан харилцаатай. Төрсөн аав маань Nakoa-Wolf, Lola /Jason Momoa болон Lisa Bonet нарын дундаас мэндэлсэн хүүхдүүд/ хоёрыг их хайрладаг" хэмээж байжээ. 

Жүжигчин Zoe Kravitz хойд аав Jason Momoa-тайгаа

Үнэхээр үлгэр жишээ гэр бүл байгаа биз?

Эх сурвалж: Men's Health

#Харилцаа #Хосууд