Хоолойн өнгө нь уянгалаг эсвэл солгой байхаас үл хамааран ихэнх хүмүүс шүршүүрт орохдоо дуу дуулах дуртай байдаг. Анх гэр бүлийнхээ хэн нэг гишүүнийг усанд орж байхдаа дуулахыг нь сонссон уу, зурагтаар хэн нэгэн тийм үйлдэл хийж байхыг харсан уу, аль эсвэл цаанаасаа л дуулаад эхэлсэн үү мэдэхгүй юм. Ямартай ч олон нийтийн газар дуулах дургүй ч шүршүүрт оронгоо дуулах дуртай хүмүүс цөөнгүй
Тэр ч байтугай "шүршүүрт орохдоо дуу дуулахгүй бол биеэ дутуу угаачихсан юм шиг санагддаг" хэмээн хошигнох хүмүүс ч бий. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ шүршүүрт оронгоо дуу дуулах нь бидний бие махбодод ямар ач тустай талаар мэдээлэл хүргэх гэж байна.
1. ЦУСНЫ ДАРАЛТ БУУРУУЛДАГ
Дуу гэдэг дуулсан болон сонссон хүмүүсээ аль алийг нь тайвшруулах ид шидтэй зүйл. Олон ч судалгаагаар дуу дуулах нь бие махбод болон сэтгэл санааг тайвшруулж, цусны даралтыг харьцангуй богино хугацаанд хэвийн хэмжээнд хүргэж чаддагийг харуулсан байдаг.
2. ДАРХЛААНЫ ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛДАГ
Герман улсын Франкфуртын их сургуулийн судлаачдын хийсэн нэгэн судалгааны үр дүнд дуулах нь дархлааны тогтолцоог сайжруулж байсан аж. Судалгааны багийнхан 1 цагийн турш найрал дуу дуулсан дуучдын цусны дээжид шинжилгээ хийхэд дархлааны системд нь иммуноглобулин А эсрэг биет, стрессийн эсрэг даавар зэрэг нь ихээр ялгарч байсныг тогтоожээ.
3. СТРЕССИЙГ БУУРУУЛДАГ
Швед улсад хийгдсэн судалгаагаар ч мөн дуулах нь бие махбодод тайвшруулах нөлөө үзүүлж, зүрхний хэмнэлийг тогтворжуулдаг гэдгийг тогтоосон байдаг. Мөн аз жаргалын окситоцин дааврыг ялгаруулдаг учир сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, түгшүүрт мэдрэмжийг үгүй хийдэг аж.
Бид хайртай дотнын хүмүүстэйгээ цагийг аз жаргалтайгаар өнгөрөөхөд биед маань окситоцин даавар ялгардаг билээ. Тэгвэл дуулах нь бидэнд яг үүнтэй ижил үр нөлөө үзүүлдэг буюу шүршүүрт дуулснаар ганцаардал, сэтгэл гутрал зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг мэдрэх нь багасаж, яг л хайртай хүмүүстэйгээ цагийг хамтдаа өнгөрөөсний дараа мэдэрдэг шиг мэдрэмж төрүүлдэг байх нь.
4. ӨВДӨЛТ НАМДААДАГ
Шүршүүрт дуулахын бас нэгэн давуу тал бол өвчин намдаах чадвар. Бид сэтгэл санаа болон бие махбодын мэдрэмжүүдийг тусад нь авч үздэг ч угтаа холбоотой л зүйлс. Тиймээс өөрийн дуртай дуугаа дуулах нь таны сэтгэл санааны байдлыг дээрдүүлж, тайвшруулж, улмаар өвдөлтөө даван туулахад тань туслах болно.
5. ГАЛБИРЖУУЛДАГ
Хүн дуу дуулахад нүүр болон хүзүүний маш олон булчин ажиллаж байдаг. Мөн хавирга хоорондын булчинг сайтар хөгжүүлдэг байна. Хачирхалтай нь эдгээр булчингууд дасгал хийхэд дуу дуулсан шиг хангалттай хөгжиж чаддаггүй гэнэ. Тиймээс шүршүүрт дуулах нь яалт ч үгүй эерэг нөлөөтэй байх нь.
6. ХООЛОЙН ӨНГӨ ТААЛАМЖТАЙ СОНСОГДДОГ
Угаалгын өрөөнөөс бусад газар дуу дуулахаар тийм ч гоё сонсогддоггүй учраас л бид шүршүүрт орохдоо дуулдаг байх. Учир нь ариун цэврийн өрөөний ханын плита нь дуу чимээ шингээдэггүй тул дуу авиа бусад өрөөнд байсантай харьцуулахад хамаагүй удаан хугацаанд цуурайтдаг.
Мөн угаалгын өрөө нь ихэвчлэн зай талбай багатай байдаг тул таны хоолойд үл ялиг басс дуугаралт нэмэгдсэнээр хүчтэй, гүнзгий сонсогддог байна.
Эх сурвалж: Bright Side
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх