ЗАХИДАЛ: Есдүгээр сарын захидлын хариу №1


ССҮТөв | YOLO.MN
2020-09-18

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Мэргэжил сонголтдоо санаа зовоод байна

Сайн байна уу? Би одоо 12-р ангид орно. Гэвч мэргэжлээ сонгоогүй. Өдийг хүртэл юунд дуртай, юунд сонирхолтойгоо хэлж мэдэхгүй байна. Бүх зүйлийг чадах юм шиг, бүх зүйл сонирхолтой юм шиг санагддаг. Би 9-р ангиасаа хойш мэргэжил сонголтдоо санаа зовсоор ирсэн. Гэсэн хэдий ч одоог хүртэл үр дүнгээ өгөөгүй л байна. Би өөрийгөө дүгнэхдээ шийдвэр гаргаж чаддаггүй сул талаасаа болж байгаа байх гэж боддог. Яаж зөв шийдвэрийг хурдан гаргадаг болох вэ? Би яах учраа олохгүй байна. Надад зөвлөгөө өгч туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Аль нь илүү чамайг аз жаргалтай болгож байна вэ гэдгийг сайтар судал

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Ирээдүйдээ санаа зовж буй нь сайн хэрэг. 12-р ангиа төгсөх хүртэл чамд өөрийнхөө сонирхсон зүйлсийг туршиж үзэх хугацаа байгаа. Тиймээс сэтгэлээр унаж өөрийнхөө бүтээлч байдалд битгий саад хийгээрэй.

Захидалдаа бүх зүйлийг чадах юм шиг, бүх зүйл сонирхолтой юм шиг санагддаг гэсэн байна. Сонирхсон зүйлсээ хэр их туршиж үздэг вэ? Заримдаа бидэнд бүх л зүйл сонирхолтой санагдаж эргэлздэг. Зарим зүйлсийг нь туршаад үзэхээр сонирхол буурах тохиолдлууд цөөнгүй байдаг. Тиймээс сонирхож байгаа олон зүйлээ туршиж үзэхээс гадна алийг нь тууштай хийж чадах вэ? Гэдгийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Чи өөрийнхөө сонирхож буй мэргэжилтэй холбоотой мэдээллүүдийг уншиж холбогдох мэргэжилтнүүдтэй нь уулзаж болно. Мөн сонирхож буй мэргэжлийнхээ дагуу их сургуулиудын веб сайт руу ороорой. Тэнд мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүд байгаа учраас чамд тус болох байх. Мэргэжлээ сонгохын тулд маш олон зүйлийг тооцоолох хэрэгтэй болдог бас олон зүйлийг судлах шаардлагатай. Олон зүйл сонирхож мөн чадаж байгаа бол аль нь илүү чамайг аз жаргалтай болгож байна вэ? гэдэг асуултад хариулаад үзээрэй. Мөн хэрхэн хурдан зөв шийдвэр гаргах тухай асуусан байна. Бүрэн төгс зөв шийдвэр гэж байдаггүй. Шийдвэр болгон өөрийн гэсэн эерэг болон сөрөг үр дагаврыг хамтад нь авчирж байдаг. Тиймээс тэдгээр үр дагавруудыг тооцоолж өөрийн зүгээс гаргаж чадах зөв шийдвэрийг гаргаарай. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


АСУУДАЛ: Дахиж хичээл хийх, ирээдүйгээ сайнаар төлөвлөх зэрэг зүйлс бодогдохоо больсон

Сайн байна уу? Би 15 настай, эмэгтэй. Энэ жил 10-р ангид орно. Уг нь Хятадад сурдаг байсан ч хил хааснаас болоод Монголдоо сурахаар болсон. Даанч орохыг хүссэн ахлах сургуулийнхаа шалгалтад тэнцээгүй. Шалгалтынхаа дүнг харчихаад "Би ийм муу болчихсон юм уу?" гэж их гайхсан. Ядаж байхад аав ээж загнаад дахиж хичээх ямар ч урамгүй болчихсон. Сонгосон мэргэжил байхгүй. Сургуульд явахгүй байж байгаад 16 хүрээд ажил хийе ч гэж бодлоо. Өөрийгөө бүр муу гэдгийг мэдээд дахиж хичээл хийх, ирээдүйгээ сайнаар төлөвлөх зэрэг зүйлс бодогдохоо больсон. Одоо цаашдаа яахаа үнэхээр мэдэхгүй байна. Ямар ч хобби, дуртай зүйл, сонирхдог зүйл байхгүй. Гэтэл үеийнхэн маань урлаг, спорт, сурлагаараа амжилт гаргаад яваад л байна. Би яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Шинэ орчинд дасах тодорхой хугацаа өөртөө олгож, шинэ зүйлс туршиж үзээрэй

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрөө өөртөө урам хугарч сэтгэлээр унаж байгаа бололтой. Сэтгэлээр унах үед чамайг улам сэтгэлээр унагаах сөрөг бодлууд ар араасаа холбогдон гарч ирдэг. Үүнээс үүдэж алдаатай бодлууд үүсэн бүтээлч байдалд сөргөөр нөлөөлж байдаг. Гэнэт амьдарч буй орчин солигдож, өөр сургалтын системийн дагуу шалгалт өгөхөд хүндрэл гарна шүү дээ. Тиймээс сөрөг бодолд автахгүй байхыг хичээгээрэй. Чамд байгаа орчиндоо дасахад тодорхой хугацаа хэрэгтэй бололтой. Эцэг эх нь чамд санаа зовсон учраас л загнасан байх. Хүн болгонд өөрийн гэсэн цаг хугацаа байдаг. Чиний амжилт гаргах цаг ч мөн ирэх л болно. Сургуулиа төгсөх хүртэл хангалттай хугацаа байгаа учраас тэр хүртэл найзуудтайгаа сайхан дурсамж бүтээхийн сацуу шинэ зүйлс туршиж үзэн өөрийн сонирхлыг тодорхойлоорой. Туршиж үзэхгүй л бол мэдэхгүй шүү дээ. Юу ч тохиолдсон өөртөө итгэх итгэлээ битгий алдаарай. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


АСУУДАЛ: Ахиад л ганцаараа дуугүй царайлаад үлдэх юм биш биз дээ гэсэн айдас толгойноос салахгүй юм

Сайн байна уу? Би 18 настай, шинэхэн оюутан. Манайх тийм ч хөрөнгөтэй айл биш учраас мөнгөний талаар их санаа зовдог. Ажил хийж өөрийнхөө хэрэгцээг хангая гэж бодсон ч ажил хийхээсээ айж төвөгшөөдөг. Саяхан шинэ ангийнхан маань аяллаар явахаар болсон. Бас л айж янз янзын юм бодох юм. Надтай нийлэхгүй бол яанаа намайг тоохгүй бол яана. Ахиад л ганцаараа дуугүй царайлаад үлдэх юм биш биз дээ гэсэн айдас толгойноос салахгүй юм. Юу ч болсон аялалд явахаар шийдсэн. Зөв бурууг нь мэдэхгүй байна. Айж байгаа ч гэсэн оролдоод үзье л гэж бодож байна. Яах бол?

ЗӨВЛӨГӨӨ: Бусадтай харилцаа тогтоож, өөрийгөө зөвөөр илэрхийлэээрэй

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Ахиад л ганцаараа үлдэх вий гэж айсан гэж байна. Чамд ийм зүйл өмнө нь тохиолдож байсан хэрэг үү? Тэр нь чиний сэтгэлийг шархлуулсан бололтой. Гэсэн хэдий ч өөрийнхөө айдсын эсрэг тэмцэж аялалд явахаар шийдсэн нь сайн байна. Аливаа шинэ орчин нөхцөлд ороход кортизол хэмээх стрессийн даавар ялгардаг буюу бид дасан зохицохын тулд стрессийг даван туулах шаардлагатай нүүр тулдаг. Тиймээс энэхүү  айдсаа даван туулж бусадтай харилцаа тогтоож өөрийгөө илэрхийлээрэй. Өөрөө түрүүлж алхам хийвэл чамайг түлхэхгүй болов уу. Хэдий тийм ч өөрийгөө бусдаас хэт хамааруулахаас болгоомжлоорой. Учир нь чи л өөрөө өөрийнхөө гол түлхүүр нь шүү дээ. Ажил хийж мөнгө олох шаардлага нь ч мөн адил чиний хувьд шинэ нөхцөл байдлыг бий болгож байгаа байх. Тэрхүү хэсэгхэн хугацаанд тохиолдох стрессийг даван туулах нь чухал ач холбогдолтой шүү. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д.Намуун


АСУУДАЛ: Нийгмээс тусгаарлагдаж, үеийнхнээсээ хоцрогдож байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна

Сайн байна уу? Одоо 16 настай, эмэгтэй. Амьдралын боломж бололцоо муутай өссөн болохоор өөрийгөө сорьж, хөгжүүлж таньж мэдэж чадалгүй өдийг хүрсэн. Ялангуяа эд хөгжиж боловсорч, мэргэжил сонголтоо зөв хийхийн тулд олон зүйлс туршиж үзэх ёстой насан дээрээ дүүтэй болчихсон. Эцэг эх маань маш завгүй ажилладаг болохоор ар гэрийн бүх асуудлыг би л үүрсээр ирсэн. Гэтэл эцэг эх маань намайг бүрэг ноомой, ирээдүйд яг ингэнэ тэгнэ гээд сөрөг зүйлс ярьж сэтгэл санаагаар унагаад, бүр хамаатан саднууд хүртэл ахлах ангийн хүүхэд болчхоод жаахан задраач даруухан ч юм шиг их зантай ч юм шиг, ийм ч юм сур тийм ч юм сур мэргэжлээ сонгосон уу гээд л асууж шалгаагаад байх юм. Гэтэл гэртээ гэр орны ажилд дарагдаж хүүхэд харж байгаа би яаж сурч хөгжиж, мэргэжлээ зөв сонгож нээлттэй сайхан зантай байх вэ дээ. Өдөр ирэх тусам л зожиг болж нийгмээс тусгаарлагдаж үеийнхнээсээ хоцрогдож байгаа юм шиг мэдрэмж төрөөд хурдан мэргэжлээ сонгож ямар нэг чаддаг зүйлтэй болохгүй л бол олны хөлд үрэгдэх юм шиг санагдаад санаа зовниж хэтэрхий их юм бодоод байна. Өөртөө итгэх итгэл ч байхгүй болоод олон хүний дунд байхыг хүсэхгүй байнга ганцаараа баймаар санагдаад байдаг боллоо. Надад зөвлөгөө өгөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Чөлтөөт цаг гарвал өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө сонирхож буй зүйлээ туршиж үзээрэй

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Гэр бүлийн байдлаасаа болоод өөрийнхөө хүссэнээр байж чадахгүй байна гэж ойлголоо. Гэртээ их олон ажил хийдэг юм байна. Уг нь энэ нь сайн хэрэг. Учир нь чамайг илүү ажилсаг, хөдөлмөрч бас хариуцлагатай хүн болоход тусална. Харин ээжийнх нь тухайд чиний ирээдүйн талаар санаа зовсондоо тэгсэн болов уу түүнийг төвөгшөөж, буруутгахын оронд ээждээ гэр орны ажлаас гадна мэргэжлээ сонгох чухал алхмыг хийх гэж байгаа тул  өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө сонирхлоо олж нээх шаардлагатай байгаагаа хэлж ярилцаад харилцан тохиролцож болно. Хэрвээ хэлж чадахгүй байвал захидал бичээд өгч болно шүү. Чөлөөт цаг гарах юм бол харин өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө сонирхож буй зүйлээ туршиж үзээрэй. Энэ нь чиний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхээс гадна мэргэжлээ сонгоход чинь туслах болно. Хамгийн гол нь ямар ч мэргэжил сонгох байсан тухайн мэргэжлийнхээ давуу болон сул талуудыг маш сайн судалж мэдэх хэрэгтэй. Таньдаг мэддэг, тухайн мэргэжлээр ажилладаг ах эгч магадгүй мэргэжил олгодог сургууль дээр нь хүртэл очоод маш олон төрлийн мэдээлэл цуглуулах боломж байгаа шүү. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г.Мядагдэлгэр


АСУУДАЛ: Би л үхэхгүй бол тэд амьдрахгүй юм шиг хорвоо

Хэн нэгэнд бичихгүй л бол сэтгэл онгойхгүй болохоор бичиж байна. Өмнө нь танай сайт руу хандаж хариу аваад хэсэг сэтгэл санаа маань гайгүй байсан ч буцаад л буцаад л ёроол нь мэдэгдэхгүй худаг руу уначихсан. Би өөрийгөө тогтворгүй гэж хардаг. Би олон хүнтэй газрыг үзэн яддаг. Гэртээ хүртэл ганцаараа байхыг хүсдэг. Гэрийнхэн ажилдаа явахад л нэг амьсгал авах шиг болдог. Гэрт ганц л гаднын хүн ороод ирэхэд хөөгөөд гаргачихмаар санагддаг. Тэгсэн хэрнээ заримдаа олон хүний хөлд дарагдсан газраар явмаар ч юм шиг санагдаад байдаг.

Ээжээс болоод ч тэр үү би нэг их юм ярилгүй өссөн. Юм ярьсан ч загнуулдаг болохоор энэ үгийг хэлбэл буруудчих болов уу гэх айдсаас болоод нэг их ярилгүй өссөн. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг том болох тусам янз бүрийн ярилцлагад орох тоолонд ярьж чаддаггүйгээсээ болоод уначихдаг. Найзууддаа дотоод сэтгэлээ уудлахыг үнэхээр хүсдэг ч ярианы чадваргүй болохоор утгагүй юм ярьчих вий гэхээс эмээгээд, дээрээс нь тэдэнд ч бас асуудал байхад би өөрийнхийгөө ярьж нэмэрлээд яах вэ гэж боддог. Гэхдээ л хааяа бүр үнэхээр чалчмаар санагддаг.

Нэг хүний бичвэрийг уншиж байсан юм. Тэрэн дээр хүн өөрийгөө хэн нэгнээс хараат бус гэж ойлгодог ч ямар нэг талаараа, ялангуяа аз жаргалын тал дээр хэн нэгнээс хараат байдаг гэж. Би бол найзуудаасаа л хараат. Тэдэнтэй уулзаад суух л юм бол хэсэг аз жаргалтай байж байгаад өөрийнхөө араншингаас болж уур амьсгал эвдчихдэг. Үнэндээ өөрийгөө зөөлөн, эелдэг ааштай гэж боддог ч хүмүүс бүгд намайг яхир, муухай ааштай, ууртай гэдэг. Хэзээ ийм болчихсоноо  мэдэхгүй байгаа ч намайг ийм болгосон хүмүүсийг бол мэдэж байна. Намайг ямар их зовоосныг, зовоож байгааг нь мэдэрсээр байж тэдэнтэй цус нэгтэй болохоор яах ч аргагүй холбоотой байдаг. Намайг таних хүнгүй газар руу зугтахыг хүсдэг ч чадахгүй, чадлаа ч ардаас хөөгөөд л ирнэ, намайг олохгүй байлаа ч би тэнд очоод юу хийх юм? Юу ч хийх хүсэл эрмэлзэлгүй болготол минь хонгил руу түлхчихээд тэд ханаагүй л байдаг. Үхсэн загас шиг урсгалаа дагаж амьдарч байгаад худлаа үнэн Сэтгэл зүйч мэргэжил сонгоод нэр хүндтэй их сургуульд орсон ч би өөрөө сэтгэл гутралтай байж яаж хүний сэтгэлийг эмчлэх вэ дээ. Гэсэн ч хааяа сурч байхдаа өөрөө өөрийгөө эмчилчих байх гэж бодохоор бас л намайг зовоодог хүмүүс чам шиг юм яаж энэ их сургуульд орж чаддаг байна аа, чи наад захын юм мэдэхгүй байж сурч чадах уу гэх мэт үгээр иддэгийг нь бодохоор хий дэмий мөнгө, хүний цаг үрж байснаас эртхэн шиг үхэж далд ормоор байдаг.

Хүсэхээс өөр яах вэ дээ. Өвчин зовлондоо шаналж байгаа эмээ өвөө ээжээсээ түрүүлээд үхээд өгвөл энэ гурав л улам зовохыг  мэдэх болохоор дотроосоо өөрийгөө улам л үхүүлэн амьдрах сонголттой үлддэг. Саяхан намайг зовоодог хүмүүс ч зовдог, уйлдаг гэдгийг нь хараад хэдхэн хором өрөвдсөн ч тэгж л их зовсон юм бол яагаад насаар минь намайг зовоож байгааг нь ойлгоогүй. Ойлгохыг ч хүсэхгүй байна. Тэд л үхэхгүй бол би амьдрахгүй, би л үхэхгүй бол тэд амьдрахгүй юм шиг хорвоо. Миний амьдралаас ч хүнд хэцүү байдалд байдаг хүмүүсийг бодож шүд зуун тэвчдэг ч тэвчиж чадах хязгаар нь хэн нэгний үхэл байх. Үнэндээ би л ганцхан зовдог юм шиг зовлонгоо тоочих нь үнэхээр ичгүүртэй санагдаж байгаа ч ингээд ч болтугай тэсээд байж байя гэж бодож байна.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн дотор цугларсан мэдрэмжийг зөвөөр ил гаргаарай

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өнгөрсөнд бий болсон гомдол болоод таагүй үйл явдлаа олон жил өөртөө тээсэн бололтой. Өнгөрсний хүч гэдэг хүчтэй. Таагүй үйл явдлаас үүдэлтэй мэдрэмжээ зөвөөр ил гаргахгүй бол бидний үйл хөдлөлд сөргөөр нөлөөлж байдаг.

1. Эхэнд одоо байгаа мэдрэмжээ хэрхэн зөв аргаар гаргах вэ? Гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Өөрийн дотор цугларсан мэдрэмжийг зөвөөр ил гаргаагүй цагт ирээдүй нь талаар эерэг зүйл бодоход хэцүү. Сөрөг мэдрэмж давамгайлж байгаа үед сайхан бодлууд орж ирдэггүй. Сөрөг мэдрэмж орж ирээд байгаа үед ирээдүй нь талаар бодож өөрийгөө нэмж ядраах хэрэггүй ээ.

2. Өөр өөртөө битгий шошго наагаарай. “Би ярих чадваргүй”, “харилцах чадваргүй” гэх мэтчилэн өөр өөртөө шошго наахгүй байхыг хичээгээрэй. Мэдээж бид ямагт өөр өөрийгөө үнэлж байдаг. Гэхдээ өөрийгөө үнэлэх явцад бодлын алдаа үүсгэх гээд байдаг. Би ийм хүн гэж өөртөө хэлснээрээ магадгүй харилцааны хаалт үүсгээд байгаа болов уу. Магадгүй өөрийгөө үгээр илэрхийлэхдээ сайн биш байж болно. Хүн бүрт хөгжүүлэх хэрэгтэй тал гэж байдаг. Энэ бол чиний сул тал гэхээсээ илүүтэй хөгжүүлж, анхаарах тал гэж хараарай. Хүн болгонд өөрийгөө илэрхийлэх аргатай . Өөрийн чинь бичгийн чадвар сайн юм байна . Захиагаараа өөрийгөө сайн илэрхийлж чадсан байна шүү дээ. Бидэнд сул тал гэж байхад эргүүлээд давуу тал гэж байдаг.  Тиймээс өөрийгөө хэт шүүмжлэх хэрэггүй шүү

3. Мэргэжлийн тусламж авахаас битгий татгалзаарай. Амиа хорлох бодол орж  ирнэ гэдэг маань өөрөө түгшүүрийн дохио. Энэ нь сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй болжээ гэсний дохио юм. Найз нөхөд, ойр дотнын хүмүүс маань бидний цагийг сайхан болгодог хэдий ч тэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх боломжгүй байдаг. Тэдэнд ч өөрсдийн гэсэн асуудал бий. Тиймээс сэтгэл зүйч дээр цаг авахыг зөвлөж байна.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.

 

#ССҮТ #Захидал #Letter