Өөртөө тохирсон жинсэн өмдийг хэрхэн сонгох вэ?


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-09-18

Хэдэн ч жил өнгөрсөн бай хэзээ ч моодноос гардаггүй, хүн бүрийн шүүгээнд байсаар л байдаг хувцаснуудын нэг бол яах аргагүй жинсэн өмд билээ. Тиймдээ ч төрөл бүрийн загвар дизайнтай жинсэн өмд аль ч цаг үед өргөн дэлгэр сонголттойгоор худалдаалагдсаар л байдаг.

Гэвч бид төдийлөн өөрсдийн биед тохирсон жинсэн өмдийг олж чаддаггүйгээс заримдаа биеийнхээ гайхалтай хэсгүүдийг нуун далдлах тохиолдол гардаг. Тиймээс та бүхэндээ өөртөө төгс тохирох жинсийг олоход тань туслах жинсэн өмдний талаарх таван чухал дүрмийг хүргэж байна.

ЖИНСЭН ӨМДНИЙ ТӨРЛҮҮД

Юун түрүүнд ямар төрлийн жинсэн өмд ямар төрлийн биед илүү тохирдгийг мэдэж авах нь хамгийн чухал. Дээр дурдсанчлан олон төрлийн жинсэн өмд байдаг хэдий ч тэднийг ерөнхийд нь хоёр хувааж болно.

Бариу жинс

Биеийн тань галбирыг тодотгож, зарим үед “арьс” тань мэт биед наалдаж өгөх бариу жинс ч бас дотроо хоёр төрөлтэй. Үүний хамгийн эхэнд бидний хэлж заншсанаар “Skinny” жинс орно.

Skinny жинс биеийн галбирыг яг л байгаагаар нь харагдуулахаас гадна дээгүүрээ ямар ч хувцас өмссөн бай ихэнх тохиолдолд өөлөх юмгүй зохицчихдог. Мэдээж өө сэв халхлахдаа тийм ч сайн биш учир худалдан авалт хийхдээ өөрийн тань тодотгохыг хүссэн газруудыг сайн тодотгож байгаа эсэхийг нь сайн шалгах нь чухал. Харин өөр нэгэн төрлийн бариу жинс бол “Jeggings”. Jeans болон Leggings гэх хоёр үгний нийлбэрээс бүтсэн уг жинс нь энгийн skinny жинснээс материалын хувьд том ялгаатай. Материал нь жинс гэхээсээ илүү резинэн байдаг учраас биед тухтайгаас гадна биед улам их наалдаж, сууж өгдөг.

Сул жинс

Харин бие барьдаггүй, сул жинснүүдийг дотор нь ерөнхийдөө гурав ангилж болно. Хамгийн түрүүнд мэдээж классик буюу энгийн сул жинснүүд багтана.

Энгийн сул жинснүүд шулуун загвартай байх бөгөөд аль нэг хэсгээрээ өргөсөж эсвэл нарийсахгүй. Ямар ч биеийн хэлбэрт сайтар тохирдгоос гадна дээгүүрээ юу ч өмссөн санаа зовохгүй байх боломжтой учраас хүн бүрийн шүүгээнд заавал байх ёстой жинсэн өмдний нэг гэж хэлж болно.

Харин үүний дараа бидний хэлж заншсанаар “Boyfriend” жинс уг төрөлд багтдаг.

Энгийн сул жинснээс ялгаатай нь boyfriend жинснүүд гуя хэсгээр илүү өргөн байх бөгөөд доошлох тусам нарийсдаг. Үүнээс гадна өнгөрсөн зуны тренд болоод байсан “Mom” жинс ч бас уг жинстэй төсөөтэй. Mom жинс boyfriend жинстэй харьцуулахад ямагт харьцангуй өндөр суудалтай байх бөгөөд тааз хэсгээрээ сулхан байдаг байна.

Гуравдугаарт харин loose буюу бүхэлдээ сул жинс бичигдэнэ. Репперүүдийн дунд хамгийн алдартай уг төрлийн жинс нь таныг аль ч хэсгээрээ барихгүй бөгөөд биеийн тань галбирыг ч харуулахгүй. Бариу, богинохон майк эсвэл бүр эсрэгээрээ үл ялиг томдсон цамцтай хослуулан өмсөхөд тохиромжтой байдаг.

СУУДАЛ

Жинсэн өмдний талаар сайтар мэдэх ёстой хоёр дахь зүйл бол өмдний суудал буюу бэлхүүсний тань аль хэсгээр татаж буйг мэдэх юм. Өмдний суудлыг ерөнхийд нь гурав хувааж үздэг.

Өндөр суудал буюу high rise

Бэлхүүснээс арай дээр эсвэл бэлхүүс орчмоор татсан жинснүүд уг төрөлд хамаарна. Доошоо сул загвартай, Mom жинс төрлийн өндөр суудалтай өмднүүд хэвлий хэсгийн тань илүүдэл жинг нууж өгдгөөрөө онцлог. Үүнээс гадна хөлийг урт харагдуулдаг бөгөөд богино цамц, футболк эсвэл өмдний дотуур хийж өмсдөг цамцнуудтай янзтай зохицно.

Дунд зэргийн суудалтай буюу mid rise

Дунд зэргийн суудалтай өмд ихэнхдээ бэлхүүсний доод хэсгээр татдаг. Зөв сонгож чадвал ямар ч төрлийн биед зохих бөгөөд хувцсаа тохируулахад ч хялбар байдаг.

Доор суудалтай буюу low rise

Бэлхүүснээс нэлээн доогуур татах доор суудалтай өмд ихэнх тохиолдолд туранхай, спортлог охидод янзтай харагддаг. Хэвлий хэсгийг огт далдлахгүй хэдий ч тааз хэсгийн хэлбэрийг онцолж өгдөг байна.

ӨНГӨ БА ЦАЙРАЛТ

Жинсэн өмдөө сонгохдоо заавал анхаарах нэг зүйл бол өнгө ба цайралт. Хар, бараан өнгөтэй хувцаснууд биеийг ерөнхийд нь урт, нарийхан харагдуулдаг бол цагаан цайвар хувцаснууд зарим тохиолдолд өргөн харагдуулдаг.

Тиймээс цайралттай өмд авахдаа аль хэсгээрээ цайралттай байгааг нь анзаарч, биеийнхээ аль хэсгийг тодотгож, аль хэсгийг нарийхан харагдуулмаар байгаагаа сайтар бодолцох хэрэгтэй. Жишээ нь өвдөг хүртлээ цайралттай хэр нь доошоо ямар ч цайралтгүй өмд таныг намхан харагдуулах талтай.

ЦАХИЛГААН

Өмдний цахилгаан ажиллаж буй эсэх нь мэдээж чухал. Гэвч жинсэн өмдний цахилгаан хэрхэн байрлаж буйгаас мөн маш их зүйл шалтгаалдаг. Хэрэв цахилгаан нь богинохон учраас цахилгааны төгсгөл өмдний уг хэсэг хүртэлх зай хэтэрхий урт байвал эмэгтэйчүүдэд “шигдэж орох” асуудал тулгардаг. Ингэснээр хөдлөх бүрд бидний тэгтлээ анхаарал татахыг хүсээгүй газрын хэлбэрийг харуулах гээд байдаг талтай. Тиймээс аль болох урт цахилгаантай, цахилгаан өмдний уг хоёрын зай багатай өмдийг сонгоорой.

АРЫН ХАЛААС

Өмдний халаас жижиг эсвэл том байх нь маргаангүй чухал. Тэр тусмаа арын халаас хаана, яаж байрлаж буйгаас шалтгаалаад таны өгзөгний хэлбэрийг өөрчилж орхидог. Арын хоёр халаас том боловч нь хоорондоо хэтэрхий зайтай жинс өгзгийг тань зөв хэлбэртэй харагдуулдаггүй. Халаас нь том бөгөөд доошоо байрлах тусам биеийн тань хэлбэрт таагүй нөлөө үзүүлдэг. Тиймээс арын халаас нь жижигхэн, дээшээ байрласан бөгөөд хоорондоо хэт их зайтай бус жинсэн өмдүүд таны өгзгийг зөв хэлбэртэй харагдуулах болно.

Эдгээр зөвлөмжүүд өөрт төгс тохирсон жинсээ олоход тань жаахан ч атугай тусалсан хэмээн найдаж байна.

 

 

#Зөвлөгөө #Жинсэн өмд сонгох