"Mukbang Youtuber"-үүд үзэгчдийг хуурдаг уу?


Өмнөд Солонгосын хамгийн алдартай "Mukbang Youtuber"- үүдийн нэг, “Eat With Boki” сувгийг ажиллуулдаг Moon Bok Hee-г бичлэгээ засаж, үзэгчдийг хуурсан хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандах болжээ. Учир нь түүнийг хоолоо зажилсныхаа дараагаар амнаасаа гаргаж хаядаг ба дараа нь түүнийгээ нуухын тулд бичлэгээ засан үзэгчдийг хуурдаг гэж үзэж байгаа бөгөөд үүнийг батлах хэд хэдэн нотолгоог илрүүлсэн байна. Үзэгчид түүний энэхүү үйлдэлд дургүйцэхийн зэрэгцээ Moon Bok Hee болон хэд хэдэн "Mukbang Youtuber" бичлэгээрээ наймаа хийсэн нь илчлэгдсэнд бүр ч шүүмжлэлтэй хандах болжээ.

Түүнийг бичлэгээ засварласныг нотлохын тулд ажиглагчид засварлагдсан хэсгүүдийг заан, цагийн дараалал болон тэмдэгтэй хэсгүүдийн талаар сэтгэгдэл ихээр бичих болсон байна. Тэд түүнийг нэг бичлэгээ засахын тулд зогсоох цэгийг зааж өгдөг гэж үзсэн бөгөөд Bok Hee-г  нэг хуруугаа гозойлгох нууц дохио ашигладаг хэмээн тогтоожээ.

Хурууны дохиог бусад бичлэгүүдээс ч бас харж болох аж. Түүний биеийн байрлал хөдлөөгүй мэт боловч ширээн дээрх хоолнууд өөрчлөгдөж байгааг бас нэгэн бичлэг дээр заажээ. Мөн үзэгчид түүний жирийн хэмжээтэй хоол иддэг байсан анхны хэдэн бичлэгийн дараа гэнэт “Mukbang” соёлд орж, хоолныхоо хэмжээг нэмэгдүүлснийг өмнөх бичлэгүүдтэй харьцуулсан байна. Түүний өмнөх бичлэг дээр даршилсан ногоо, кимчи, байцаа, шарсан сам хорхой зэрэг энгийн хүний идэх хэмжээтэй хоол байсан ажээ. Тиймээс түүний өмнөх бичлэгүүдэд бараг засвар байдаггүй бөгөөд яг тэр чигээрээ хоолныхоо хэмжээг огцом нэмсэн нь сүүлийн бичлэгүүд засвартай болохыг нотолж байна.

Түүний ресторанд хийсэн нэгэн “Mukbang vlog”-т түүнийг хоолоо сайн идэж чадахгүй байгааг анзаарсан үзэгчид “магадгүй гэрээсээ өөр газар сайн идэж чаддаггүй бололтой” гэсэн сэтгэгдлүүд үлдээжээ. Харин зарим үзэгчид энэ нотолгоог үгүйсгэж байгаа бөгөөд “Mukbang YouTuber”-үүд бичлэгээ засах эрхгүй гэсэн тодорхой хууль байхгүй гэдгийг онцолсон юм. Түүний ийн шүүмжлэлд өртөж байгаа нь хүссэн бүхнээ иддэг хирнээ жин нэмдэггүй, бодит амьдралтай хэтэрхий хол зөрүүтэй байгаад гол учир оршиж байгаа аж.

Эх сурвалж: Koreaboo

#Mukbang Youtuber