Зун цаг аажмаар улиран одож, намрын налгар өдрүүд ойртсоор буй энэ цаг үед Инстаграм орчин харин налайж, өнгөө хувиргах бодолгүй байгаа бололтой. Оройдоо сэрүүхэн салхитай, өдөртөө дуусахгүй ажилтай эдгээр өдрүүдэд та бүхнийг Инстаграмын сонин хачнаас хоцорсон байх вий гээд YOLO.mn сайтын зүгээс өнгөрсөн долоо хоногийн онцлох долоон нийтлэлийг хүргэж байна.
ДУУЧИН TENNE-ГИЙН СЭТГЭЛ ШИНГЭСЭН "УУЛ"
Монголын урдаа барьдаг хувцасны брендүүдийн нэг болох “Kidult”-н үүсгэн байгуулагчдын нэг, “Punk N Rap” хамтлагийн гишүүн Tenne “Уул” дууныхаа клипийг цацжээ.
Энгийн гэмээр клип хэдий ч уг бүтээлдээ ямар их хөдөлмөр шингээн бүхнийг сэтгэлээсээ хийсэн нь бахархал төрөм байв.
“Чи зүгээр үү? гэх ганцхан үгэнд бул чулуун зүрх бутран унадаг”
Та бүхэн Tenne-гийн шинэхэн уран бүтээлийг эндээс хүлээн авч сонсоорой.
MELANIE MARTINEZ-Н ШИНЭХЭН ҮСНИЙ ЗАСАЛТ
Хэд ч сонсоод уйдамгүй уянгалаг төдийгүй гүн гүнзгий утга учраар дүүрэн дуунуудаараа олны хайрыг хүртсэн дуучин Melanie Martinez үсний засалтаа өөрчлөхөөр шийджээ. Melanie өөрийн гэсэн хэв маягтай нэгэн тул түүнд бусдын юуг “гоё сайхан” гэж харах тийм ч их хамаатай байдаггүй. Тийм ч учраас тэр ийм зоригтой алхмуудыг огт эргэлзэхгүй хийж чаддаг. Түүнийг шинэхэн үсний засалтаа ч мөн гайхалтайгаар өөрийн болгож чадна гэдэгт итгэлтэй байна.
LANA DEL REY БА ШИНЭХЭН КЛИПНИЙ ЗУРАГ АВАЛТ
Дуучин Lana Del Rey “Norman F**king Rockwell!” нэртэй зургаа дахь бүрэн хэмжээний цомгоо өнгөрсөн жилийн наймдугаар сард олны хүртээл болгосноосоо хойш хараахан шинэ уран бүтээл цацаагүй байгаа билээ. Түүний шинэхэн цомог “Chemtrails over the Country Club” нь энэ сарын тавны өдөр цацагдахаар төлөвлөгдсөн байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлогдсон юм. Тэгвэл эцэст нь дуучин маань өнгөрсөн долоо хоногт Инстаграм хуудсаараа дамжуулан цомгийнхоо талаар мэдээлэл өгсөн бөгөөд уг цомогтоо багтсан дууны клипээ хийж буй газраас мэндчилсэн байна. Түүний хэлснээр цомог “тун удахгүй” цацагдах бөгөөд түүнд өөрт нь маш их таалагдаж буйг дурджээ.
2NE1 ХАМТЛАГИЙН АХЛАГЧ CL ЭРГЭН ИРНЭ
Өмнөд Солонгосын хамгийн алдартай охидын хамтлагуудын нэг "2NE1" 2016 оны арван нэгдүгээр сард албан ёсоор тарж байсан билээ. “I Am the Best”, “Fire” зэрэг олны хайрыг хүртсэн уран бүтээлүүдээрээ алдартай уг хамтлаг гэнэтхэн ийн тарсан нь олон ч хүний хувьд харуусалтай хэрэг байсан юм. Тэгвэл тус хамтлагийн ахлагч Lee Chae-rin буюу CL саяхнаас Инстаграм хаягдаа шинэхэн уран бүтээлийнхээ тийсер зураг болон богино бичлэгүүдийг хуваалцжээ. Одоогоор албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа тул тус тийсер бичлэгүүд нь хэзээ цацагдах, ямар бүтээлийн төлөөлөл болох нь баттай бус байгаа ч шүтэн бишрэгчид нь ихээхэн баяртай байгаа юм.
DYLAN SPROUSE БА AFTER
“One Direction” хамтлагийн гишүүн Harry Styles-д зориулж бичигдсэн нэгэн фений бичвэрээс кино болтлоо амжилт олсон “After” (2019) киног та бүхэн сайтар мэдэх биз ээ. Тэгвэл уг киноны хоёрдугаар хэсэг болох “After We Collided” өнгөрсөн сараас эхлэн олон улсад нээлтээ хийсээр байгаа юм. Харин тус кинонд жүжигчин Dylan Sprouse "Trevor" гэх дүрийг бүтээсэн бөгөөд киноны зураг авалтын үеэр авсан зургаасаа өөрийн Инстаграмдаа хуваалцсан байна.
Dylan “After We Collided зарим улсуудад гараад эхэлчихсэн. Киног маань үзсэн хүмүүс шимтэн үзэж, Trevor ч бас таалагдсан хэмээн найдаж байна. Энд зураг авалтын үеэр угаалгын өрөөнд авсан селфигээ нийтэлчихье. Учир нь би бараг л хослол өмсдөггүй бас шил хэзээ ч зүүдэггүй. Үүний дараа нэг их удалгүй Steve Harvey-гийн утасны наалтаа алдчихсан ” хэмээн бичжээ.
ЖҮЖИГЧИН АЛДАРМАА БА "ЭХИЙМАА" УСК
Хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хоёр жүжигчин эмэгтэй нэгнээ гэмтээсэн тухай дуулиан хэдэн жилийн өмнө болж өнгөрснийг та бүхэн санаж буй байх. Тэгвэл уг хэргийн талаар жүжигчин Алдармаа ахин ам нээгээд зогсохгүй, тус үйл явдлаас сэдэвлэсэн “Эхиймаа” нэртэй дэлгэцийн уран бүтээлээ энэ сард олны хүртээл болгохоор болсон байна. Олон нийт үүнийг өөр өөрийнхөө өнцгөөс хүлээн авч байгаа бол жүжигчин Алдармаа Инстаграм хуудаснаа ийн хуваалцжээ.
Алдармаа: “Би аавыгаа зовоосон өөдгүй охин Дөлгөөн тогтуун харцанд нь гунигийн сүүдэр суулгаж таныхаа ч туулж үзээгүй хэцүү нэртийн хаалгыг татаж зүрхийг нь базлуулж нүдийг нь нулимсаар бүрхүүлсэн муу охин. "Амьдын хагацал гэж үхсэний хагацалаас ч хэцүү юм байдаг юм байна " гэж аав минь шагширч суусан гэдэг. Гэхдээ ааваа: Та минь байсан болохоороо л охин нь өндийсөн юм шүү. Таны минь бусдад тусалж, сайхан сэтгэлээр ханддаг байсны хүчээр охин нь өдий зэрэгтэй явна аа.
Ээжийгээ би зовоосон муу охин. Бүтэн нойрыг нь мартуулж дэр нойтон хонуулсан тэдгээр өдрүүдэд зүрхнийхээ эмэнд л найдаж охиныхоо төлөө "Би босох ёстой" гэж шүд зуусан бурхан минь та шүү дээ. Ээж минь та үрээ гээгүй бол охин нь өнөөдөр босох байсан гэж үү? Үгүй үгүй. Таныхаа сэтгэлээр, өргөсөн сүүгээр тань , аягалж тавьсан хоолоор тань би тэндээс дуудагдсан. Би дахиж таныгаа зовоохгүйг хичээнэ ээ. Амьдралд ам гарч болдоггүйг охин нь биеэр мэдсэн ч зөв хүнтэй нөхөрлөж зөв амьдрахын төлөө зүтгэнэ.
Би хүүгийнхээ зүрхийг бэтгэрүүлсэн муу ээж. Өвөөгийнхөө үгэнд орж хоолоо сайн идээд, эмээгийнхээ үгэнд орж эрт унтсан ч өглөө нь ирээгүй л байсан ижий нь. Өөдөсхөн хоёр гараараа алга хавсран залбирч "Ээжийг минь л миний дэргэд авчирвал өөр юу ч хүсэхгүй" гэж ухаанаа усалсан жаахан зүрх минь. Хүү минь чи наддаа амьд явах итгэл найдварыг өгсөн үнэт эрдэнэ минь шүү. Ээж нь чинийхээ төлөө л боссон бас тэмцсэн.Үхье гэж бодоход үр минь даанч харам юм билээ.
Би хайртай дотныхоо олон олон хүмүүсээ зовоосон муу эмэгтэй. Сэтгэлээрээ зүтгэлээрээ хамт байж дэмнэж босгосон та нартаа би баярладаг. Өвдөг сөхөрч өндийх тэнхэлгүй болсон надад таяг минь болсон та хэд минь. Та нартаа би өртэй.
Залуу байхад дэлхий бага би том байж гэдэг шиг амьдралын олон өнгийг би гадарлаагүй явжээ. Тиймээ би заримдаа боддог. Хүнд чинь уулзаж болохгүй хүн, учирч болохгүй амраг, итгэж болохгүй найз гэж үнэхээр байдаг юм байна лээ. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ойлгосоор л явна даа би нь.”
ДУУЧИН ХИШИГДАЛАЙ, НАКИ НАРЫН ХАМТРАЛ
Өнгөрсөн долоо хоногт Монголын маань урлагийн ертөнц нэгэн шинэхэн дуугаа өлгийдөн авсан нь дуучин Хишигдалай, Наки нарын хамтарсан “Сэдхил” дуу байв. Тэд дууныхаа нэрийг үндэсний бичгээрээ галиглан бичсэн бөгөөд дууныхаа үгийг ч мөн Монгол бичгээрээ бичсэн нь олны сайшаалыг хүртээд байгаа юм.
Тэдний шинэхэн уран бүтээлийг та эндээс хүлээн авч сонсоорой.
Дараа долоо хоногт эргэн уулзталаа түр баяртай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх