"Бусдыг ХАЙРЛАХЫН ТУЛД эхлээд ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА"


Үжин | YOLO.MN
2016-09-01

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Би өөрийгөө өөрчилж чадвал түүнийг өөртөө татах байх гэж бодож байна, зөв үү?

Өөр охинд сайн гэдгийг нь би саяхан мэдсэн. Тэгээд би мартахаар шийдсэн ч үнэхээр чадахгүй нь. Намайг тоохгүй байна... Би өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн.

Сайн байна уу. Би 15 настай охин байна. Энэ намар ахлах ангид орсон. Ангийнхаа хөвгүүнд дурлаад 4, 5 сар болж байна. Тэр хүүхдэд би сайн гэдгээ хэлсэн ч төдийлөн зөвшөөрөөгүй. Надад үнэхээр хэцүү байна, нэгэнт намайг тоохгүй хүний араас гашуудаж, бодох хэцүү. Өөрөө ч намайг мэдэх болохоор тэгэсхийж байгаад больчих байх гэж бодож байгаа байхаа. Өөр охинд сайн гэдгийг нь би саяхан мэдсэн. Тэгээд би мартахаар шийдсэн ч үнэхээр чадахгүй нь. Намайг тоохгүй байна... Би өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн. Байгаа байдал зан ааш гээд… Тэгвэл ядаж намайг өөрөөр харах байх гэж найдаж байна, тэгэх болов уу. Зөвлөгөө өгч туслаач? sad

Зөвлөгөө

Сайн байна уу, Энэ өдрийн мэндийг хүргэе.

Хамгийн эхлээд нэг асуулт байна. “Өөрөө ч намайг мэдэх болохоор тэгэсхийж байгаад больчих байх гэж бодож байгаа байхаа“ гэхээр чи тэр хөвгүүний итгэлийг алдсан эсвэл чамайг хурдан уйдах, чин сэтгэлээсээ сайн гэж бодохгүй байгаа гэж ойлгосон юм биш биз? Хэрэв чи өөрийгөө өөрчилж, хөгжүүлж, шинэлэг байхыг хүсэж байгаа бол сайн хэрэг.

Мөн хаанаас, яаж эхлэх вэ гэж бодож байгаа бол өөрийгөө танихаас эхлээрэй гэж зөвлөмөөр байна. Хүнийг хайрлахын тулд эхлээд өөрийгөө хайрлаж сурах нь чухал. Үүнийг амиа хичээх гэж битгий ойлгоорой. Би яг ямар зорилготой вэ? Би юунд дуртай вэ? Миний давуу болон сул тал юу вэ? Давуу талаа хэрхэн хөгжүүлж, сул талаа хэрхэн засах вэ? Зэрэг асуултуудыг сайн тунгаан бодож, эргэлзэж байвал найз нөхөд, дотны хүмүүсээсээ асууж болно.

Гэхдээ үүнд цаг хугацаа, тэвчээр хэрэгтэй гэдгийг санаарай. Ингэснээр чи өдөр бүрийг өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, зорилготой өнгөрүүлэх үүд хаалга нээгдэж бусадтай мөн нээлттэй, илэн далангүй, хэн нэгнийг дуурайхгүйгээр харилцах болно.

Мөн тэр хөвгүүнтэй яг өөрийнхөөрөө, чөлөөтэй харилцсанаар та хоёрын харилцаа сайжирч сайн найзуудын харилцааг үүсгэн бие биедээ итгэх итгэл нэмэгдэж болох юм. Харин чамайг яг байгаагаар чинь хүлээн зөвшөөрөхгүй бол чамайг гэх өөр хэн нэгэн байх болно гэдгийг санах хэрэгтэй.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers