Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Аав ээж хоёр маань өдөржин шөнөжин интернэтэд ордог
Сайн байна уу? Би 14 настай, эмэгтэй. Ээж аавтайгаа үл ойлголцож, өдөр бүрийг хэрүүл маргаантай өнгөрөөж байна. Зөвлөгөө авах гээд ярилцъя гэхээр чамтай ярилцаж яадаг юм гээд зэмлэдэг. Аав ээж хоёр маань өдөржин шөнөжин интернэтэд ордог. Ядаж 15 минутыг ганц охиндоо зарцуулаасай гэж боддог ч санаснаар болохгүй хэцүү юм.
Гадуур ч гаргахгүй, найзтай ч байлгахгүй, гэртээ ганцаараа зожигроод байна. Гаргахдаа дэлгүүр л гаргана. Уйдаад утсаа оролдохоор чиний насандаа утас оролдохын оронд гэрээ цэвэрлэдэг байлаа гэдэг. Би өөрийгөө гэрийнхээ бусад гишүүдийг бодвол гэрээ харин ч ухаж цэвэрлэдэг гэж боддог. Сүүлдээ ээж аавтайгаа дотно харилцаатай хүүхдүүдэд атаархдаг болсон. Би яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл зүйн анхаарал хамгийн их хэрэгтэй
Сайн байна уу? Ихэнх хүмүүс бага насны хүүхдэд л асрамж хамгаалалт дутдаг гэж боддог боловч өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл зүйн анхаарал хамгийн их хэрэгтэй байдаг. Үнэхээр “чамтай ярилцаж яах юм” гэж хэлсэн үү? эсвэл чи ингэж ойлгоод байна уу?
Хэрвээ ярилцаад өөрийгөө ойлгуулахад хэцүү байвал захидал бичээд үзээрэй. Захиандаа “би та хоёртой ярилцаж, ойлголцож, дотно байхыг хүсэж байна. Би ганцаардаж байна. Надад өдөрт 15 минут л зарцуулаач гэж гуйя. Бас би найз нөхөдгүй болоод зожиг, нийгмийн харилцааны чадваргүй болоод байгаа юм шиг санагдаж байна...” гэх мэтээр бидэнд хэлсэн зүйлсээ ээж аавдаа хэлээрэй. Гол нь тэднийг буруутгасан, уурласан өнгө аястай бичвэл хүлээж авахгүй болов уу. Тиймээс надад туслаач гэдэг утгатай, буурь суурьтай өнгө аястай бичээд үзээрэй. Тэд ойлгоно гэж итгэж байна. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Б. Эзэнбулаг
АСУУДАЛ: Сэтгэл зүйч болохын тулд хэр олон жил шаардлагатай байдаг вэ?
Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Энэ жил 11-р ангид орно. Би сэтгэл зүйч болох мөрөөдөлтэй. Би Монголд сурахаас илүүтэйгээр гадаадын их сургуульд сурах хүсэлтэй байгаа. Тиймээс сэтгэл судлаач танаас асуух асуулт байна. Үүнд:
ЗӨВЛӨГӨӨ: Хэлний хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлавал илүү зохистой
Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг болох мэргэжил сонголтын талаар санаа тавьж, өөрийнхөө хэмжээнд эрэл хайгуул хийн тусламж хүсч байгаад баяртай байна.
Хэрвээ Монголд сэтгэл судлалаар сурах бол нийгэм, англи хэлний хичээлээр ЭЕШ өгдөг. Ер нь сэтгэл судлалаар сурахад хэлний хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлавал илүү зохистой байдаг. Яагаад гэвэл сэтгэл судлалын ном, сурах бичиг, судалгаанууд англи, орос хэл дээр түгээмэл байдаг. Монгол хэл дээр харьцангуй бага байдаг.
Мөн зөвхөн хичээл номоос гадна бусдыг анхааралтай сонсож чаддаг, бусдын мэдрэмжийг ойлгох эмпати чадвар сайтай, хүмүүнлэг үзэлтэй, асуудлыг задлан шинжилж, дүгнэлт хийж чаддаг, их зүйл уншдаг, тогтоодог, хүнтэй зөв харилцдаг гээд олон чадварууд шаарддаг. Эдгээр чадваруудыг өөртөө одооноос төлөвшүүлэхэд анхаарч болох юм. Одоогоор чамд энэ чадварууд төлөвшөөгүй байж болох ч мэргэжлээрээ суралцах явцдаа өөртөө хөгжүүлж болно.
Хоёрт, Монголд эсвэл гадаадад сурах нь хувь хүний сонголт. Аль аль нь өөрсдийн давуу болон сул талтай. Гэхдээ Монголд сэтгэл судлалын мэргэжлээр бэлтгэж эхлээд хорь гаран жил болж байхад олон улсад хэдэн зуун жил болж байгаа. Ингээд бодохоор гаднын сургуулиуд ялангуяа Америк, Англи, Герман, Австрийн сургуулиуд илүү туршлагатай байх нь ойлгомжтой.
Хамгийн гол нь тухайн мэргэжлийг эзэмшээд дараа нь хаана, ямар хүмүүстэй ажиллах вэ гэдэг нь л чухал. Эхлээд Монголд сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудыг судлаад очиж уулзаж үзэж болно. Цаашлаад дадлага хийж ч болно шүү дээ. Тэгснээр чи энэ мэргэжлийн талаар илүү бодитой ойлголттой болох юм.
Гуравдугаарт, сэтгэл судлаач болохын тулд бакалаврт 4 жил сурдаг. Цаашлаад илүү мэргэшсэн сэтгэл судлаач болохыг хүсвэл магистр, докторт сурч болно. Амжилт хүсье.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Мядагдэлгэр
АСУУДАЛ: Өмнө нь тэнцээгүй болохоор одоо ч бас бүтэлгүйтэх байх гэж айдаг
Сайн байна уу? Би 13 настай, эмэгтэй. Аав ээж хоёр минь намайг гадаадад сургуульд сурч өндөр боловсрол эзэмшээсэй гэж найдлага тавьдаг. Намайг 8-р ангиа төгсөхөд нэг олон улсын сургалттай сургуульд шалгалт өгүүлнэ гэсэн. Өмнө нь шалгалт өгөөд тэнцээгүй болохоор одоо ч бас бүтэлгүйтэх вий гэсэн айдастай байна.
Бас би зорилго, мөрөөдлөө тодорхойлмоор байна. Тэр шалгалтад ямар ч зорилгогүйгээр бэлдээд хэрэггүй байх. Би шалгалт өгөхдөө нэг их дургүйцэхгүй байгаа ч айдастай байна. Би яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Тэнцэхгүй бол өөр боломж гарах болно
Сайн байна уу? Шалгалтаас үүдэлтэй айдас, стресс нь хэвийн зүйл. Гэхдээ айдсаа арилгахын тулд гүнзгий амьсгалах дасгал хийн тайвшрах боломжтой байдаг. Өмнө нь шалгалт өгөөд тэнцээгүйгээс болоод дахин унах вий гэж айгаад байгаа бололтой. Айдас чинь чамайг хичээлийг чинь хийлгэж, сэдэлжүүлж, шалгалтдаа сайн бэлдэхэд тусалж байвал сайн хэрэг. Эсрэгээрээ чамайг стрессдүүлж, анхаарлыг чинь сарниулж, өөртөө итгэлгүй болгож, шалгалтдаа тааруухан авахад хүргэвэл муу хэрэг болно. Чамд айдас нь яаж нөлөөлж байна вэ гэдгийг бодоорой. Ерөнхийдөө хэт их стрессдэж, хүндээр хүлээж авах хэрэггүй. Чи дөнгөж 13 настай хүүхэд шүү дээ. Өөрийнхөө чадлаараа хийхэд л хангалттай. Тэнцэхгүй бол дахиад боломж гарна шүү дээ.
Мэдээж өөртөө бүрэн итгэлтэй байхын тулд зорилго, мөрөөдлөө тодорхойлох нь чухал. Зорилгогүйгээр ямар нэгэн юм хийх нь чиглэлгүйгээр машин барихтай л адилхан. Зорилгоо тодорхойлохын тулд өөрийгөө сайн таних хэрэгтэй. Өөрийнхөө юунд дуртай, чөлөөт цагаараа юу хийх хүсэлтэй, ямар тусгай авьяас чадвартай, нийгмийн ямар асуудалд санаа зовж хувь нэмрээ оруулахыг хичээдэг зэргээ өөрөөсөө асууж, шударгаар хариулаарай. Бас 13 насандаа шууд холын зорилгоо тодорхойлоход хэцүү. Тиймээс эхний ээлжид ирэх нэг, хоёр жилийн зорилгоо тодорхойлохоос эхлээрэй. Жишээ нь: би ирэх нэг жилд тийм, тийм зүйлс туршиж алинд нь илүү сонирхолтойгоо олж мэднэ гэдэг зорилго байж болох юм. Эсвэл эцэг эхийнхээ чиний ирээдүйн төлөө тавьж өгсөн гадаадад сургуульд сурч өндөр боловсрол эзэмшээсэй гэсэн хүслийг өөрийнхөө зорилгоо болгон тодорхойлж болох юм. Шалгалтад нь амжилт хүсье.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Б. Баясгалан
АСУУДАЛ: Би модель болмоор байна
Сайн байна уу? Би 14 настай. Би хөл хорионд орохоосоо өмнөхөн агентлагт гэрээт модель болж амжилттай төгссөн. Гэхдээ 20 кг нэмснээс болоод гэрээгээ хийж чадаагүй. Багштайгаа ярилцтал турсныхаа дараа гэрээгээ хийгээд бас тусгай хичээлдээ суугаарай гэсэн /бараг сарын өмнө/.
Гэхдээ гэрийнхэн маань энэ дугуйланг ирээдүйгүй санагдаж байна гэсэн. Би бол агентлаг дээрээ очиж модель болмоор байгаа. Яаж туранхай болохоо сайн мэдэхгүй бас эргэлзсээр байна. Үүнээсээ болоод их бухимдаж байна. Яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Ямар ч карьер, нэр хүнд эрүүл мэндийн хажууд үнэ цэнгүй
Сайн байна уу? Бухимдлаа зогсоохын тулд хамгийн түрүүнд агентлагтаа гэрээт модель болж орох уу эвсэл болих уу гэдэг шийдвэрээ гаргах хэрэгтэй. 20 кг хасна гэдэг маш хэцүү, эрүүл мэндэд ч хохирол үзүүлж болзошгүй. Тийм учраас яг одоогийн байдлаар энэ агентлагтай хамтарч ажиллах хэрэгтэй юу гэж өөрөөсөө асууж үзээрэй. Хэрвээ үнэхээр өөрөө маш их хүсэл тэмүүлэлтэй, энэ бол миний мөрөөдөл, энэ боломжийг алдаж болохгүй, би өөрөө тууштай хичээж чадна гэж бодож байвал өөрийнхөө чадах бүхнээ хийгээрэй. Чиний ирээдүй учраас чи л өөрөө шийдвэр гаргах эрхтэй. Гэхдээ ямар ч карьер, ажил, нэр хүнд, мөнгө эрүүл мэндийн хажууд үнэ цэнгүй юм шүү. Тиймээс турахаар шийдсэн ч эрүүл мэнддээ хор учруулахгүйгээр эрүүлээр турах аргыг олоорой.
Гадуур маш олон төрлийн хоолны дэглэм байдаг учраас өөрийнхөө биед тохирсон эрүүл хоолны дэглэм барьж, йог фитнесс гэх мэтээр хөдөлгөөн хийж, мэргэжлийн хүнээс зөвлөмж авч ч болох юм.
20 кг хасах дэндүү хэцүү, би чадахгүй гэж бодож байвал энэ нь хэвийн байдал юм шүү. Дөнгөж 14 хүрч байгаа учраас чамд дахиж зөндөө боломж гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Ямар ч шийдэлд хүрсэн бай чамд амжилт хүсье. Дотроо уурлаж бухимдахын оронд иймэрхүү асуудлын талаар бусдад ярих нь үнэхээр сайн байдаг. Тиймээс шаардлагатай бол гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцаж байгаарай.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Б. Баясгалан
АСУУДАЛ: Багшид бүх нууцыг нь хэлдэг гэж боддог
Сайн байна уу? Би 14 настай. Сүүлийн 1 жил гаран хугацаанд ангийнхантайгаа харилцах, тэр тусмаа ойлголцоход үнэхээр хэцүү байна. Би ихэнх багш нартайгаа дотно байдаг. Ангийнхаа багштай их ярилцдаг. Гэхдээ гол асуудал нь энэндээ байгаа болов уу гэж боддог.
Манай ангийнхан намайг багш нартай байнга ярилцдаг болохоор ангийн багшид ангийнхны бүх нууцыг хэлдэг гэж бодоод байдаг. Ийм ч учраас надад найз гэх зүйл байхаа болилоо. Карантинаар ангийнхаа хоёр бандитай таарсан боловч намайг харчихаад зугтаад байсан. Би ч худлаа хараагүй дүр эсгээд өнгөрсөн. Мөн саяхан санаандгүй мэдсэн зүйл нь надгүйгээр ангиараа уулздаг байсан. Эн мэт олон янзаар намайг бага багаар гадуурхдаг байсан.
Шилжье гэж зөндөө бодсонч 1-р ангиасаа хойш хамт байсан болохоор үнэндээ чадахгүй нь. Гэхдээ ийм байдалтай байгаад байж ч чадахгүй нь. Ярилцах гэхээр надаас зугтаад байна. Яавал дээр вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Багштайгаа үүсгэсэн нөхөрлөлөө устгах нь буруу болов уу
Сайн байна уу. Ангийнхантайгаа ярилцах гэж оролдож байгаа чинь маш зөв. 14-тэй том болсон гэж бодож болох ч өсвөр насны үедээ явж байгаа болохоор хүүхдүүдийн зан авир хурдан солигдож байдаг. Тиймээс тэдний энэ байдал түр зуурынх гэж итгээрэй.
Ангийнхан чинь дургүй байна гээд багш нартайгаа үүсгэсэн нөхөрлөлөө устгах нь буруу болов уу. Үүний оронд ангийнхаа хамгийн нөхөрсөг, чамайг ойлгох байх гэсэн хүүхэдтэй аль болох илэн далангүй ярилцаж тусламж хүсээрэй. Мөн ангийнхандаа "Би огт багшид ховлодоггүй шүү дээ итгэхгүй бол надаас гэрийн даалгавар авбал ав би хэлэхгүй" гэх мэтээр тоглоом наргиа хийх далимдаа өөрийгөө илэрхийлж ч болох юм. Гол нь оролдлого хийхээ зогсоохгүй байх хэрэгтэй. Тэд чамайг ойлгоно гэж итгэж байна. Амжилт хүсье.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Б. Баясгалан
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх