Дуучин Selena Gomez болон Blackpink хамтлагийн хамтарсан уран бүтээл тун удахгүй


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-08-12

Энэ сарын 8-ны өдөр 4 жилийн ойгоо тэмдэглэсэн Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг BLACPINK өнөө өглөө нэгэн сэтгэл догдлом мэдээг сонсогчидтойгоо хуваалцлаа. Тэд энэ сарын эхээр шинэхэн уран бүтээлээ тун удахгүй цацах талаар мэдэгдэл хийсэн ч чухам ямар дуучинтай хамтран ажилласнаа нууц хэвээр үлдээсэн юм. Тэгвэл дуучин Selena Gomez энэхүү уран бүтээл дээр хамтран ажилласнаа албан ёсоор мэдэгдлээ. 

Уран бүтээлчид маань энэхүү баярт мэдээг өөрсдийн Инстаграм хийгээд Твиттер хаягуудаараа хуваалцсан бөгөөд дуучин Selena Gomez "Миний BLACKPINK хамтлагийнхантай хамтарсан уран бүтээл наймдугаар сарын 28-нд цацагдах гэж байгааг мэдэгдэхэд сэтгэл үнэхээр, ҮНЭХЭЭР их догдолж байна" хэмээжээ. 

Хэдийгээр шинэхэн дууны нэр болон видео клиптэй байх эсэх нь тодорхойгүй байгаа ч энэхүү хамтрал аль аль уран бүтээлчдийн хувьд амжилтаа эвдэж, хэд хэдэн рекорд тогтооход нь тусална гэж таамаглаж байна. 

Дуучин Selena Gomez хамгийн сүүлд буюу энэ оны нэгдүгээр сард “Lose You to Love Me”, “Look at Her Now” зэрэг дуунуудаас бүтсэн “Rare” цомгоороо сонсогчдынхоо сонорыг мялаагаад амжсан. Зөвхөн дуу хөгжим гэлтгүй дэлгэцийн уран бүтээл, нийгэмд хандсан сайн дурын ажлуудаараа алдартай залуу дуучин маань дараагийн бие даасан уран бүтээлээ хэзээ цацах нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм.

Харин BLACKPINK хамтлагийн хувьд ийнхүү 4 жилийн дараа хамгийн анхны бүрэн хэмжээний "The Album" цомгоо гаргахаар төлөвлөж байгаа билээ. Өнгөрсөн зургадугаар сард цацагдсан даруйдаа маш олон амжилтыг тогтоосон "How You Like That" болон одоо цацагдах гэж буй энэхүү дуу нь уг цомгийн нэг хэсэг болох юм. 

Маш удаан хугацааны турш үргэлжилсэн хүлээлтийн дараа хоёр уран бүтээлчийн маань хамтрал ийнхүү албан ёсоор зарлагдсан тул одоо зөвхөн хүлээх л үлдлээ!

Эх Сурвалж: Billboard, Forbes

#Selena Gomez #Blackpink