Өнгөрсөн долоо хоногт Инстаграмд: "Өрсөлдөгч чинь", Troye, Blackpink...


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-08-10

"Сошиал медиагийн эрин үе" хэмээн нэрлэгдэх энэ цаг үед бидний ихэнх нь цаасан сонингоос мэдээ, мэдээллээ авахаас илүүтэйгээр Фэйсбүүк, Инстаграм, Твиттер зэрэг олон нийтийн сүлжээг ашиглахыг илүүд үзэх болсон. Үүнийгээ дагаад эдгээр платформуудад зарцуулах цаг хугацаа хэмжээлшгүй ихээр нэмэгдсэн ч авч болох мэдээлэл, шинэ санаа, урам зориг зэрэг нь төдий чинээгээр нэмэгдсэн. 

Өнгөрсөн долоо хоногт сошиал ертөнц маань бусад долоо хоногуудын адилаар төрөл төрлийн мэдээлэл, шинэ хувцас загвар, нүүр будалт, дуу хөгжим, санаанд оромгүй мэдээ, нийгэмд чиглэсэн уриалгаар дүүрэн өнгөрчээ. Тэгвэл YOLO.mn сайтын зүгээс та бүхэндээ өнгөрсөн долоо хоногт Инстаграм орчинд “мэндэлсэн” зарим онцгой постуудыг багцлан хүргэж байна!

TROYE SIVAN БА "RAGER TEENAGER

Дуучин Troye Sivan өнгөрсөн долоо хоногт Инстаграм дагагчидтайгаа их л "өвөрмөц" загварын цамцтай зургаа хуваалцсан бөгөөд шинэхэн цомгийнхоо талаар багахан дурдаад амжжээ. Зургийнхаа тайлбарт: 

- “Үүнийг мэдэх, сонсох хэрэгтэй хүн бүрд зориулж байна - Чиний бүхий л амьдралын туршид дотор чинь нэгэн цог хадгалагдаж байдаг. Сэтгэл санаа чинь тайван үед энэ цог бяцхан дөл асааж магадгүй. Эсвэл бүр тийм цог байдаг гэдгийг мартчихсан байж ч магадгүй. Гэхдээ алдаа бүү гаргаарай. Чамайг төөрөлдсөн, амьдрал чинь орвонгоороо эргэсэн юм шиг санагдах тэр л үед тэр цог гэнэтхэн гарч ирээд хүч чадал, зааварчилгаагаараа чамайг гайхшруулах болно. Харин миний хувьд тэр "бяцхан цог"-доо зориулан "Rager Teenager" гэдэг дуу бичсэн. Бас "IN A DREAM" хэмээх EP цомог маань хоёр долоо хоног ч хүрэхгүй хугацаанд цацагдах гэж байна!"

Troye хамгийн сүүлд буюу 2018 онд “Bloom” нэртэй бүрэн хэмжээний цомгоо олны хүртээл болгосон бол “In A Dream” нэртэй EP цомгоо энэ сарын 21-ний өдөр цацахаар төлөвлөж байгаа ажээ.

ZENDAYA "INSTYLE" СЭТГҮҮЛИЙН НҮҮРЭНД

Дахин давтагдашгүй авьяас хийгээд шаргуу хөдөлмөрч зангаараа олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн загвар өмсөгч, дуучин, жүжигчин Zendaya маань энэ сарын “InStyle” сэтгүүлийн нүүрийг улаан хүрэн даашинзтайгаар чимжээ. “Euphoria” цувралын Rue охины дүрээрээ энэ жилийн "Emmy" шагнал гардуулах ёслолын “Шилдэг Гол Дүр” төрөлд нэр дэвшээд амжсан үзэсгэлэнт бүсгүй маань уг сэтгүүлд “Black Lives Matter” хөдөлгөөний талаар дуу хоолойгоо хүргэсэн байна.

ДУУЧИН AM-C "PERFECT BLUE"

Монголын залуу уран бүтээлчдийн томоохон төлөөллүүдийн нэг болсон дуучин AM-C энэ онд шинэхэн цомгоороо сонсогчдынхоо сонорыг мялаах бололтой. Түүний 11 дуунаас бүрдсэн шинэхэн цомог “Perfect Blue” гэх нэртэй. Одоогоор “Perfect Blue”, “Cancer Blue” тэргүүтэй таван дууных нь нэр зарлагдаад байна.

BLACKPINK ХАМТЛАГИЙН 4 ЖИЛИЙН ОЙ

Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг Blackpink Инстаграм ертөнцөд нэлээд өндөр байр суурийг эзэлдэг билээ. Тэд зургадугаар сарын сүүлээр өөрсдийн цоо шинэхэн уран бүтээлээ олны хүртээл болгосон нь бишгүй амжилтыг тогтоосон. Тэгвэл Blackpink хамтлагийн дөрвөн жилийн ойн баяр энэ сарын 8-ны өдөр тохиосон бөгөөд гишүүд энэхүү онцгой өдрөө тэмдэглэн зургуудаа хуваалцсан байна.

Тэд энэ сарын 28-ны өдөр ахин нэг шинэ уран бүтээл гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор дуугаа ямар уран бүтээлчтэй хамтран хийснээ олонд дэлгээгүй байгаа юм.

BELLA HADID МАСК ЗҮҮХИЙГ УРИАЛЛАА

Жинхэнэ “ideal” буюу үлгэр жишээ гоо үзэсгэлэнтэй гэгддэг загвар өмсөгч Bella Hadid бидэнд цар тахал одоо ч дуусаагүй гэдгийг ахин нэг удаа санууллаа. Зургийн тайлбарт:

- "#АМНЫХААЛТААЗҮҮ. Бид зөвхөн өөрөө өөрсдийгөө хамгаалах гэж бус хайртай хүмүүсээ болон эргэн тойрны хүмүүсээ ч мөн хамгаалахын тулд амны хаалт зүүдэг. Хэдийгээр дүүрэг, хотын чинь цагдаагийн ажилчид амны хаалт зүүхгүй байсан ч энэ нь чамайг зүүх хэрэггүй гэсэн үг биш. Тиймээс... амны хаалтаа зүү. Амны хаалт төрөл бүрийн өнгө загвартай болсон учраас өөрийгөө хамгаалахын зэрэгцээ загварлаг байдлаа хадгалж үлдэх ч боломжтой. Ухаантай байцгаая. Хайртай шүү"

CARDI B БОЛОН MEGAN THEE STALLION

Энэ цаг үеийн хамгийн алдар хүндтэй эмэгтэй репперүүдийн төлөөлөл болох Cardi B, Megan Thee Stallion нар өөрсдийн хамтарсан уран бүтээл “WAP” дуугаа энэ сарын 7-ны өдөр олон нийтэд цацсан билээ. Kardashian-Jenner-ийн гэр бүлийн хамгийн отгон гишүүн Kylie Jenner-ийг хүртэл багтаагаад амжсан энэхүү дууны клип багагүй олон хүмүүсийн анхаарлыг татсан билээ. 

“ЧАМАЙГ ИНГЭЭД СУУЖ БАЙХАД ӨРСӨЛДӨГЧ ЧИНЬ...”

Интернет орчинд цаг үргэлж л шинэ трэнд, шинэ хошигнолууд газар авч байдаг. Харин өнгөрсөн долоо хоногийн трэнд хошигнол бол яах аргагүй “Чамайг ингээд сууж байхад өрсөлдөгч чинь ... байж байгаа” гэх хэллэг байв. Анх хүмүүсийг хурцлахад, урагш ахихад нь дэмнэж өгөх зориулалттай эхэлсэн энэхүү хэллэг хэт их хэрэглэгдсээр одоо харин ёстой л “дээд” төрөлдөө шилжиж байна гэмээр.

Комедиан, энтрепренер Идэр-Од маань энэ сарын эхээр залуучуудын хошигнолын бай болсон “Билгүүн” гэх нэрийг энэхүү шинэхэн трэндтэй ийнхүү хослуулаад амжжээ!

Өрсөлдөгч тань юу ч хийж байлаа гэсэн та өөрийнхөө хамгийн сайнаар хичээхэд л хангалттай учраас эдгээр хошигнол эсвэл хурцлах үгсийг сэтгэл зүйдээ сөргөөр бус бүтээмжтэй байдалдаа эерэгээр нөлөөлөх талаас нь хүлээн аваарай!

#Өнгөрсөн долоо хоног Инстаграмд