Ч.Сүндэрмаа: Бичсэн номыг маань бусад орны хүүхдүүд ч бас уншаасай гэж бодсон


Ердөө есхөн настай хэдий ч өөрийн бичсэн зохиол, зурсан зургаараа ном хэвлүүлэн гаргасан нь Ч. Сүндэрмааг YOLO.mn сайтын ярилцлагын буландаа урих шалтгаан болсон юм. Та бүхэн маань түүний "Шидэт сарнай" үлгэрийн номыг магадгүй номын дэлгүүрүүдийн тавиур дээр өрөөстэй байгааг нь харсан байх. Тэрээр 2019 онд “Nepko kids” хэвлэлийн газраас зохион байгуулсан хүүхдийн ном туурвих “Улаанбаатарын өнгө” уралдаанд нийт 200 гаруй бүтээлээс “Шидэт сарнай” номоороо тэргүүн байр эзэлсэн. Мөн дэлхийн 17 хотод зохион байгуулагдсан номын үзэсгэлэнгээс Сири улс Ч.Сүндэрмаа охины бүтээлийг Араб хэлээр орчуулж, хэсэгчилсэн байдлаар хэвлүүлэх санал тавьжээ. 


YOLOЧиний зурсан бартай зургаас яриагаа эхлүүлье. Барыг дүрсэлсэн зургаараа юуг илэрхийлэхийг хүссэн бэ?

- Энэхүү бүтээлийн нэр нь “Анчин ирвэс”. Ямар ч догшин амьтан ус ууж байхдаа ч тайван биш, ангаа отож байдаг гэдгийг энэхүү бараар дүрсэлсэн. Шөнийн идэвхтэй амьтны сахал, мөр, хүзүүний булчин, отолт, гэнэт дайрахад бэлэн байдал зэргийг илэрхийлэхийг зорьсон. Мөн би өөрөө бар жилтэй болохоор бар зурах дуртай.

YOLOАнх хэзээнээс зураг зурж эхэлсэн бэ?

- Анх 4 настайдаа ээжтэйгээ хамт цэнхэр торгон даавуу дэвсэж байгаад түүн дээрээ янз бүрийн цаас хайчлаад, байрныхаа хажуу талаас авчирсан чулуугаар чимэглэл хийгээд наймаалжны хөл хийж байсан. Анх ингэж л бүтээл хийж эхэлсэн гэж боддог. Ер нь багаасаа юм чимэглэж зураг зурах дуртай байсан. 

YOLOЗураг зурж эхлэхдээ бие дааж сурсан уу? Багшаар заалгасан уу? 

- Анх бие даан зурж сурсан. Зурах их дуртай байсан болохоор ээж маань намайг 8 настай байхад зургийн дугуйланд оруулснаар өнгө хольж сурсан. Жишээ нь улаан болон шар өнгийг холивол улбар шар өнгө гардаг юм байна гэдгийг зургийн дугуйланд сууж байж л сурч авсан. Ингээд өнгө хольж сурсныхаа дараа ээжээрээ зургийн хэрэгслүүд авахуулаад гэртээ бие даан зураг зурдаг болсон юм. Одоо бол уран зургийн тухай ном уншиж, түүнээсээ суралцаж байна. Заримдаа чадахгүй, мэдэхгүй зүйл гарахад ээжээсээ тусламж авдаг. 


YOLOОдоогоор нийт хэдэн зураг зурсан байна вэ? Ихэвчлэн юуны тухай зурах дуртай вэ?

- Одоогоор 60 орчим зураг зурсан байна. Ихэвчлэн уншсан номноосоо санаа авч үлгэрийн баатрууд, уул, нуур, цэцэг, амьтад зурдаг. 

YOLOЧөлөөт цагаараа зураг зурахаас өөр юу хийдэг вэ?

- Ном унших, төгөлдөр хуур тоглох, өдрийн тэмдэглэл хөтлөх, дүүтэйгээ тоглох дуртай. Зургаан настайгаасаа хойш төгөлдөр хуураар хичээллэж байна. Цагийг аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсдэг.

YOLOЯасан мундаг хүүхэд вэ? Ямар төрлийн ном унших дуртай вэ?

- Шинжлэх ухааны ном унших их дуртай. Номноос уншсан туршилтуудаа дагаж хийх гэж байгаад бүтэлгүйтэж байсан тохиолдлууд бий /инээв/. Мөн адал явдалт төрлийн ном унших сонирхолтой. Миний хамгийн дуртай ном бол "Цөөхүүл ч гэсэн бидний Индианчууд". Энэ ном мөрөөдөлдөө хэт автсан Лалли охины түүхийг өгүүлдэг. 

YOLO: Чиний бичсэн “Шидэт сарнай” номын тухай ярилцъя. Энэ зохиолоороо юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

- Би "Шидэт сарнай" номынхоо зохиолыг нь бичээд зургийг нь хүртэл өөрөө зурсан. Номын Мэри охины дүрээр дамжуулан сайхан сэтгэл, бусдад туслахын гайхамшгийг бусдад харуулахыг хүссэн юм. Ихэнх ном, зохиол дээр үлгэрийн баатрууд хоорондоо өрсөлдөж, хэн нэгэн нь ялж байгаагаар төгсдөг бол "Шидэт сарнай" номд дүрүүд маань хоорондоо эвлэрч, аз жаргалтайгаар төгсдөг. Хүмүүс бие биендээ туслах ёстой шүү дээ. Мөн номыг маань дэлхийн бусад орны хүүхдүүд ч бас уншаасай гэж хүссэн болохоор зохиолын баатрууд гадаад нэртэй байгаа. 


YOLOАнх зохиолоороо уралдаанд орсон түүхээсээ хуваалцаач. 

- Би нэг удаа ээждээ өөрийн зохиосон үлгэрийн номтой болмоор байгаагаа хэлэхэд маш гоёор хүлээж авсан. Тэгээд би "Шидэт сарнай" зохиолоо бичээд үлдээчихсэн байсныг ээж маань хадгалж байсан юм. Дараа жил нь "Nepko Kids" хэвлэлийн газраас "Улаанбаатарын өнгө - 2019" хүүхдийн номын уралдаан зарласан. Гэхдээ ээж маань надад хэлэлгүйгээр энэ уралдаанд бүртгүүлээд бүтээлийг маань илгээчихсэн байсан. Тэгээд уралдаанд оролцсон бүх хүүхдийн номоор үзэсгэлэн гаргана гэхээр нь үзэсгэлэндээ оролцох гээд очихдоо шагнуулж байгаагаа мэдсэн. Ээж маань намайг горьдчихож магадгүй гээд ялагчтай уралдаанд оролцож байгааг нь хэлээгүй юм байна лээ. Ээж, аав маань надад үргэлж тусалж, дэмждэгт маш их баярладаг шүү. 

YOLOЗураг зурахдаа юунаас шинэ санаа авдаг вэ? Тухайлбал, “Шидэт Сарнай” номыг дүрслэхдээ юу бодож зурсан бэ?

- Ихэвчлэн номоос, эргэн тойрныхоо зүйлээс санаа авдаг. Шидэт сарнай номны зургийг зурахдаа гэрийнхээ тавилга, өөрийнхөө хувцас, гэр бүлийнхээ гишүүдээс санаа авч зурсан. Жишээ нь Мэри гэдэг охины хувцсыг зурахдаа өөрийнхөө өмсөх дуртай хувцаснуудаас санаа авсан. Нэг удаа ээж минь үсээ улбар шараар будуулсан юм. Тэрийг хараад Мэригийн ээжийн үсийг улбар шар өнгөтэй байвал гоё юм байна даа гэж бодсон.

YOLO“Шидэт сарнай” үлгэрийн номыг уншсан хүмүүс ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

- Ангийн найзууд болон багшдаа уншуулахад их гоё ном болсон байна гэсэн. Монгол хэлний хичээл дээр багш маань миний бүтээлийг жишээ болгон уншиж өгч байсан. 


YOLOЦаашдаа бүтээл гаргахаар бэлдэж байгаа юу?

- “Мона Лиза гадуурхлыг давсан нь” гэсэн нэртэй шинэ зохиол бичсэн. Одоогоор зохиолд ашиглагдах зургуудаа зурж байна. Өөрт тохиолдсон явдлуудаасаа сэдэвлэж бичиж байгаагаараа онцлог. Бусдад гадуурхагдсан ч түүнийгээ даван туулж, өөрийгөө зоригжуулж, хүч хөдөлмөрөөрөө амжилтад хүрэх охины тухай өгүүлнэ. Мөн энэ номоороо “Улаанбаатарын Өнгө - 2020” уралдаанд дахин оролцох болно.

YOLOЗохиол бичихийн хажуугаар зургаа өөрөө зурдаг хүүхдүүд ховор. Зохиол бичихэд юу нь таалагддаг вэ?

- Өөрийн төсөөллөөр хүссэн ертөнцөө бий болгож, тэр газраа очиж болдог учраас зохиолоо өөрөө бичих их дуртай. Хамгийн чөлөөтэй орчин шүү дээ. 

YOLOҮеийнхээ хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр байна?

- Орчин үед хүүхдүүд гар утас, компьютерт их донтож байна. Тиймээс тогломоор санагдвал өдөрт бага хугацаагаар л тоглож байгаарай. Мөн утас оролдохдоо өөртөө хэрэгтэй, гоё мэдээллүүдийг уншиж, харж байгаарай л гэж хэлмээр санагддаг. 


YOLOСошиал хуудас ашигладаг уу?

- Фэйсбүүк дээр өөрийн гэсэн хаягтай. Тэнд миний ном, зураг, үзэсгэлэн болон ярилцлагууд тавигддаг. Одоохондоо хувийн мэдээлэл, зургаа тавихыг аав ээж маань хориглодог юм. 

Энд дарж Facebook хаягаар нь зочлоорой.

YOLOЧиний дуртай өнгө?

- Би цэнхэр өнгөнд дуртай. Зураг зурахдаа ихэвчлэн цэнхэр өнгийг ашигладаг. Мөн тэнгэр зурах дуртай болохоор дан цэнхэр өнгөөр зурчихдаг нь их таалагддаг. Мэри охиныг харвал үс нь цэнхэр өнгөтэй байгаа. 

YOLOЧиний мөрөөдөл?

- Би ирээдүйд багш болохыг мөрөөддөг. Багш болоод өөр шигээ хүүхдүүдэд хичээл заана гэж бодохоор гоё санагддаг. Мөн тэдэнд илүү амжилттай сурахад нь тусалж чадна шүү дээ. 


YOLOКарантинаа хэрхэн өнгөрүүлж байна даа.

- Гэртээ байх хугацаандаа хоёр дахь номоо бичиж, зургуудаа зурж, үзэсгэлэнгүүдэд зургаа онлайнаар явуулж байна. Оролцож байгаа үзэсгэлэн маань үнэ төлбөргүй болохоор дэлхийн олон орны хүүхдүүд оролцож, үзэж болдог. Мөн аав ээждээ тусалж, тэмдэглэл хөтөлж, зураг зурахад цагийг зарцуулдаг болсон.

YOLOЧамд тусалж дэмждэг, зааж сургадаг хүмүүстээ хандаж үг хэлээч?

- Надад үргэлж тусалж дэмждэг аав, ээждээ баярлалаа. Мөн “Nepko kids” хэвлэлийн газрын ах эгч нартаа, Эрдэнэчимэг багшдаа талархсанаа илэрхийлмээр байна. Миний номыг уншдаг хүүхдүүдэд ч баярлалаа.

YOLOСонирхолтой яриаг өрнүүлсэнд баярлалаа. Цаашдын хичээл сурлагад нь амжилт хүсье!


#Ярилцлага #Бяцхан зохиолч