Спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэх "Спортын ертөнцөд" цуврал нийтлэлийн энэ долоо хоногийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.
ХАБИБ НУРМАГОМЕДОВ АРАВДУГААР САРД ТУЛАЛДАНА
“UFC” холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов энэ оны аравдугаар сард спортдоо эргэн ирж, тулалдахаар боллоо. Өдгөө 31 настай тулаанчийн хувьд 2020 он хүндхэн жил байсан гэж хэлж болно. Тухайлбал түүний эцэг, дасгалжуулагч Абдулманап энэ сарын эхээр коронавирусийн улмаас нас барсан билээ. Тиймдээ ч аварга маань энэ онд нэг ч тулаанд оролцоогүй. Харин “UFC” холбооны ерөнхийлөгч Дана Уайт "CNN" телевизэд өгсөн ярилцлагадаа түүнийг аравдугаар сарын 24-нд болох “UFC 254” тулаанд аваргын бүсээ хамгаалахаар Жастин Гейжтэй тулалдах болсныг мэдэгдлээ.
Жастин Гейж өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдсан “UFC 249” тулааны үеэр Тони Фергусонг буулган авч хөнгөн жингийн аваргын түр бүсний эзэн болсон юм. Ийнхүү тэрээр Хабиб Нурмагомедовтой тулалдах эрхтэй болсон билээ. Одоогоор энэхүү тулаан хаана зохион байгуулагдах нь тодорхойгүй байгаа боловч Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотын Яас арал дээр болох магадлал өндөр байгаа ажээ.
ЧЕЛСИ БОЛОН МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД КЛУБҮҮД ИРЭХ ЖИЛИЙН АВАРГУУДЫН ЛИГТ ОРОЛЦОНО
Английн Премьер лигийн 2019-2020 оны улирал дэлхий дахинд маш том аюулыг авчраад буй "COVID - 19" цар тахлын улмаас олон сарын турш завсарлага авсны эцэст үргэлжлэн маш амжилттайгаар өндөрлөлөө. Олон жилийн хүлээлтийн дараа Ливерпүүл клуб түүхэндээ анх удаагаа Премьер лигт түрүүлсэн билээ. Тэд улирал дуусахаас долоон тойргийн өмнө аварга болох болзлоо хангасан юм.
Харин аваргуудын лигийн эрхийн төлөөх тэмцэл улирлын сүүлчийн тойрог хүртэл маш хүчтэй өрнөсөн. Ливерпүүл болон Манчестер Сити клубүүд ирэх жилийн аваргуудын лигт орох эрхээ аль хэдийнэ хангасан бол Челси, Манчестер Юнайтед болон Лэйстер Сити клубүүд үлдсэн хоёр эрхийн төлөө өрсөлдсөн. 38-р тойргийн өмнө Челси болон Манчестер Юнайтед клубүүд 63 оноотойгоор хүснэгтийн 3 болон 4-р байрт, харин Лэйстер Сити клуб 62 оноотойгоор яг ард нь бичигдэж байсан билээ.
38-р тойрогт Манчестер Юнайтед болон Лэйстер Сити клубүүд хоорондоо учраа таарсан бол Челси клуб хүснэгтийн 5-р байрт байсан Вулверхэмптон клубтэй тоглосон. Манчестер Юнайтед клуб өрсөлдөгчөө 2:0-ийн харьцаатайгаар буулган авснаар 66 оноотой болж, улирлыг 3-р байраар дуусгалаа. Челси клуб 2:0-ийн харьцаатайгаар Вулверхэмптоныг хожсоноор мөн адил 66 оноотой болж 4-р байрт орон, ирэх жилийн аваргуудын лигт оролцохоор боллоо.
ЛЬЮ УИЛЛИАМС 10 ХОНОГ ТУСГААРЛАЛТАД БАЙХААР БОЛЛОО
Бид бүхний хүсэн хүлээсэн NBA-ийн 2019-2020 оны улирал долдугаар сарын 31-нд дахин эхлэх гэж байгаа билээ. NBA-ийн зүгээс "COVID-19" цар тахлын үед тамирчид болон арын албаны ажилчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор АНУ-ын Флорида мужид байрлах "Walt Disney" компанийн эзэмшлийн спорт цогцолборт улирлын тоглолтуудыг зохион байгуулахаар болсон. Плэйоффт шалгарах боломжтой байсан 22 багийн тамирчид энэхүү цогцолборт очсон бөгөөд халаалтын тоглолтууд долдугаар сарын 22-ноос эхэлсэн юм.
Тэгвэл лиг эхлэх дөхсөн энэ үед Лос Анжелес Клипперс багийн гол тоглогчдын нэг Лью Уиллиамс 10 хоног тусгаарлалтад байхаар боллоо. Спорт цогцолборт ирсэн тоглогчид 4 хоног тусгаарлалтад байх явцдаа нийт 4 удаа коронавирусийн шинжилгээ өгөх бөгөөд бүгд сөрөг гарсан тохиолдолд багтайгаа нэгдэх эрхтэй болох юм. Харин Лью Уиллиамсын хувьд спорт цогцолборыг орхисныхоо дараа эрчүүдийн клубд орсон учраас NBA-ийн зүгээс энэ шийтгэлийг оногдуулсан ажээ. Ингэснээр тэрээр улирлын 2 тоглолтод оролцох боломжгүй боллоо.
Эх сурвалж: BBC, Skysports, ESPN, CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх