Өмнөд Солонгос улсын охид бүсгүйчүүд гялалзсан цайвар, эрүүл, толигор арьстай гэдгээрээ алдартай. Тэд арьсаа ийм сайхан хэвээр нь хадгалж чаддагийнхаа нууцыг "10 шатлалт арьс арчилгаа"-тай холбон тайлбарладаг. Дэлхийн ихэнх орны бүсгүйчүүд өдөр тутамдаа дунджаар 3-4 төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг бол Өмнөд Солонгосын бүсгүйчүүд 8-10 бүтээгдэхүүн ашигладаг байна. Ингээд тэдний гэрэлтсэн арьсны нууцыг хуваалцъя.
ӨГЛӨӨНИЙ АРЬС АРЧИЛГАА
Солонгос охид өглөөний арьс арчилгаандаа 8 төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хэрэв үнэхээр их яарч байвал 5-6 төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэнэ.
1. УСААР УГААХ
Та энгийн эсвэл хуурай төрлийн арьстай хүн бол өглөөдөө нүүрээ хөөсөн цэвэрлэгчээр бус усаар угааж хэвшээрэй. Энгийн болон хуурай төрлийн арьстай хүн нүүрээ өдөрт хоёр удаа хөөсөн цэвэрлэгчээр угаах нь тослогийн тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй байдаг.
2. ТОНЕР
Тонер нь арьсны pH буюу чийгшлийг тэнцвэржүүлдэг. Өөрөөр хэлбэл нүрээ угаасныхаа дараа тонероор нүүрээ жигдхэн арчихад арьс чийгшихээс гадна дараагийн бүтээгдэхүүнийг шингээн авахдаа бэлэн болдог байна.
3. ЭССЭНС
Эссэнс нь арьсыг гэрэлтсэн, толигор харагдуулахад тусалдаг бөгөөд арьсны гүнд хүртэл шингэж, чийгшил өгдөг. Мөн л тонерийн адилаар дараагийн түрхэх бүтээгдэхүүнүүдийн шингэцийг нэмэгдүүлдэг.
4. АМПУЛ
Ампул нь үйлчилгээний хувьд эссэнстэй төстэй. Гэхдээ эссэнсээс илүү өтгөн найрлагатай тул долоо хоногт 2-3 удаа хэрэглээрэй.
5. СЕРУМ
Серум нь арьсны хялгасан үрчлээ, батганы сорви зэргийг арилгах үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Үүнээс гадна арьсны өнгийг жигд болгодог бөгөөд өөгүй, толигор арьстай болоход тань туслах ажээ.
6. ЗОВХИНЫ ТОС
Зовхи нүүрний хамгийн нимгэн, эмзэг арьстай хэсэг тул их хэмжээний чийгшил шаардана. Та нүдээ будаж эхэлсэн л бол зовхины тосыг өдөр тутамдаа зайлшгүй хэрэглэх хэрэгтэй.
7. ЧИЙГШҮҮЛЭХ ТОС
Чийгшүүлэх тос нь таны арьсыг өдрийн турш чийглэг, зөөлхөн байлгахад туслах ба өмнө нь хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдийн үйлчилгээг барьж, дэмжиж өгдөг.
8. НАРНЫ ТОС
Арьс арчилгааны зүрх болсон бүтээгдэхүүн бол мэдээж нарны тос. Нарны тосыг нартайд ч, бороотойд ч, гадаа ч, гэртээ ч түрхэж хэвших хэрэгтэй. Хэрэв та яагаад нарны тос түрхэх ёстой гэж хэмээн гайхаж байвал ЭНД дараарай.
ОРОЙН АРЬС АРЧИЛГАА
1. ТОСОН ЦЭВЭРЛЭГЧ
Бидний дунд нүүрний будгаа хөөсөн цэвэрлэгчээр угаагаад арилгачихаж болно гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг. Хөөсөн цэвэрлэгч будгийг бүрэн гүйцэт арилгаж чаддаггүй учир арьсны гүнд бохирдол үлдэж хар, цагаан, идээт батга гарах үндэс болдог. Тиймээс хөөсөн цэвэрлэгч хэрэглэхээсээ өмнө нүүрний будгаа усан эсвэл тосон будаг арилгагчаар арилгаж хэвшээрэй. Нэн ялангуяа тосон цэвэрлэгч нь нүүрний гүнд ч байгаа бохирдлыг маш сайн цэвэрлэж чаддаг гэдгээрээ онцлог.
2. ХӨӨСӨН ЦЭВЭРЛЭГЧ
Нүүрний будгаа тосон цэвэрлэгчээр цэвэрлэсний дараа үлдэгдэл тосыг хөөсөн цэвэрлэгчээр угааж арилгаарай.
3. ГУУЖУУЛАГЧ
Та долоо хоногт хэдэн удаа арьс гуужуулагч хэрэглэдэг вэ? Арьс арчилгааны мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар долоо хоногт 2-3 удаа арьсаа гуужуулах нь тохиромжтой аж. Тиймээс хэчнээн олон арван бүтээгдэхүүн хэрэглэсэн ч үхэжсэн арьсаа гуужуулахгүй бол ямар ч үр дүнгүй гэдгийг санаарай. Гэхдээ үр дүнг нь нэмэгдүүлнэ гээд өдөр бүр нүүрээ гуужуулаад байвал арьс тань эмзэгших эрсдэлтэй.
4. ТОНЕР
5. ЭССЭНС
6. АМПУЛ
7. СЕРУМ
8. НЭГ УДААГИЙН МАСК
Солонгос улсын хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг бол нүүрний 1 удаагийн маск. Чийгшлийг дээд зэргээр өгч чаддаг бүтээгдэхүүнүүдийг нэг дээ. Монгол шиг хуурай, сэрүүн уур амьсгалтай оронд нүүрний маскыг долоо хоногт дор хаяж 3-4 удаа хэрэглэж хэвших хэрэгтэй.
Сонирхуулан хэлэхэд BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie өдөрт 2 удаа маск тавьдаг гэнэ шүү.
9. ЗОВХИНЫ ТОС
10. ЧИЙГШҮҮЛЭХ ТОС
Ингээд хамгийн сүүлд нь өөрийн арьсны онцлогт тохирсон шөнийн тосыг хэрэглээрэй.
Дээрх бүтээгдэхүүнүүдийг жишээ зураг болгож харуулсан гэдгийг анхаараарай. Яг ямар гоо сайхны брэндийн ямар арьсанд зориулсан бүтээгдэхүүн сонгохыг та өөрөө л шийднэ шүү дээ.
Эх сурвалж: Cosmopolitan
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх