Кпопын эргэн тойронд: Хамтлагийнхаа гишүүнийг АРВАН жилийн турш ДЭЭРЭЛХЭЖ байжээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-07-06

Yolo.mn сайтын хамт олны зүгээс Кпоп хөгжим сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон үйл явдлуудыг багцлан хүргэж байна.

KWON MINA ХАМТЛАГИЙНХАА АХЛАГЧИД ДЭЭРЭЛХҮҮЛЖ БАЙСНЫ УЛМААС АМИА ХОРЛОХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙЖЭЭ

2019 оны тавдугаар сард AOA хамтлагийн гишүүн Kwon Mina хамтлагаасаа болон энтертайнментаасаа гарч буйгаа мэдэгдсэн юм. Тухайн үед тэрээр хамтлагаасаа гарахдаа тодорхой шалтгаан дурдаагүй боловч энэ сарын 3-ны өдөр Инстаграм хуудсаараа дамжуулан нэгэн мэдэгдлийг хийжээ.

Түүний Инстаграм хаяг руу нэг хүнээс "Зайлаад өг" гэсэн чат ирсэн бөгөөд Mina уг чатыг скрийншот хийж өөрийн Инстаграм дээр нийтэлсэн байна. Ингэхдээ дараах тайлбарыг бичжээ:

- “Би ч бас алга болмоор байгаа ч ээжийгээ харж хандах ёстой. Би янз бүрийн чат хүлээж авдаг. Хүмүүс намайг хоосон толгойт гэж дууддаг. Та нарын зөв. Би энэ амьдралдаа олигтой зүйл сурч чадаагүй болохоор ухаан муутай нь үнэн. Яагаад гэвэл гэр бүлийн минь амьдрал хэцүү байсан болохоор багаасаа л мөнгө олохын тулд хичээж ирсэн.

Аав маань нас барсны дараа хүлээлгийн өрөөнд уйлаад сууж байхад эгч (хамтлагийнхаа гишүүнийг хэлэв) ирээд намайг хувцасны шүүгээ рүү чирж оруулаад "хамтлагийн уур амьсгал эвдээд байгаа болохоор уйлахаа боль" гэсэн. Би айж байгаагаа, аавыгаа алдсан гэдгээ түүнд хэлэхийг хичээсэн. Түүний хэлсэн үгсийг одоо ч мартаж чаддаггүй. 

Бас дээрэлхэлт, хараалын үгс? Зүгээр дээ. Энэ үнэхээр аймшигтай хэдий ч бид нэг машинд сууж явдаг байсан. Тийм болохоор нойрны эм ууж, түүний хажууд албаар унтдаг байсан. Тэгж байж л би цагийн хуваариа дуусгаж чадна. Гэхдээ байдал улам дордсоор түүнээс болж амьдралаа орхихоор шийдэж байсан удаатай.

Шударгаар хэлэхэд хүмүүс намайг дуучин эсвэл жүжигчин гэдгээр минь хүндлэхгүй байсан ч зүгээр ээ. Би юунд ч сайн биш болохоор алдаа их гаргадаг. Гэхдээ л ажлаа хийж байхдаа аз жаргалтай байсан. Би хэзээ ч дуучин болсондоо стресстэж байгаагүй. Бас хэзээ ч AOA хамтлагаас гарахыг хүсэж байгаагүй. Гэвч намайг 10 жилийн турш үзэн ядаж, дээрэлхсэн тэр хүнээс болж бууж өгөхөөр шийдсэн. Үнэнийг хэлэхэд би ч бас түүнийг эргүүлээд хараахыг хүсдэг байсан…"

Ийнхүү Mina-гийн постонд дурдагдаж буй хүн нь AOA хамтлагийн ахлагч Jimin байсан бөгөөд FNC энтертайнментаас дараах мэдэгдлийг хийжээ.

- “FNC энтертайнмент мэндчилж байна.

Юун түрүүнд манай энтертайнментийн уран бүтээлч Jimin-ийг тойрсон асуудлууд олон хүний сэтгэлийг түгшээсэнд хүлцэл өчье.

Jimin AOA хамтлагийг болон урлагийн ертөнцийг орхихоор шийдсэн.

Биднийг уучлаарай. Цаашид уран бүтээлчдээ илүү сайн удирдах болно. Дахин нэг удаа уучлалт гуйя”

Гэсэн хэдий ч уг асуудал олон нийтийн дургүйг хүргэсэн хэвээр байгаа тул хүмүүс AOA хамтлагийг тарахыг шаардаж эхэлсэн байна. Тухайлбал Naver, Nate зэрэг БНСУ-ын томоохон сайтууд дээрх AOA хамтлагийн тухай нийтлэлийн дор "AOA ТАР!" гэсэн хэдэн зуун мянган сэтгэгдэл бичигджээ. 

LEE HI AOMG КОМПАНИЙН ДУУЧИН БОЛЖЭЭ

Дуучин Lee Hi AOMG компанитай гэрээ байгуулсан бөгөөд ирэх сард шинэ цомог гаргахаар болсон байна.

Зургаадугаар сарын 30-ны өдөр Allkpop сайтаас "дуучин Lee Hi YG энтертайнментаас гарснаасаа хойших анхны цомгоо гаргана. Тэрээр AOMG компанитай онцгой гэрээ байгуулжээ" хэмээн мэдээлсэн юм.

ATEEZ ХАМТЛАГ ЦОМОГ ГАРГАНА

ATEEZ хамтлаг долдугаар сарын сүүлээр шинэ цомог гаргахаар болжээ. Тэд таван сарын өмнө "Treasure Epilogue: Action To Answer" хэмээх цомгоо гаргаж байсан билээ. 

KAI БИЕ ДААСАН УРАН БҮТЭЭЛ ХИЙНЭ

Долдугаар сарын 1-ний өдөр News1 сайтаас "EXO хамтлагийн гишүүн Kai тун удахгүй бие даасан уран бүтээл хийнэ" гэж мэдээлжээ.

Ийнхүү SM энтертайнментийн зүгээс тус мэдээллийг баталгаажуулж, "Kai цомог гаргахаар бэлдэж байгаа. Бид бүх зүйл тодорхой болсны дараа албан ёсоор мэдэгдэх болно" гэжээ.

Одоогийн байдлаар EXO хамтлагаас Baekhyun, Chen, Suho, болон Lay нар бие даасан цомог гаргасан байна.

BAEKHYUN НЭГ САЯ ГАРУЙ ЦОМОГ БОРЛУУЛЖЭЭ

EXO хамтлагийн гишүүн Baekhyun "Delight" хэмээх хоёр дахь бие даасан цомгоо гаргасан. Түүний цомог энэ оны тавдугаар сарын 25-нд цацагдсан бөгөөд зургадугаар сарын 30 гэхэд 1,018,746 хувь борлогджээ.

Ингэснээр Baekhyun Кпопын шинэ үеийн уран бүтээлчдээс сая гаруй хувь цомог борлуулж чадсан цөөн дуучдын нэг болсон юм.

TWICE ХАМТЛАГ ШИНЭ РЕКОРД ТОГТООЛОО

TWICE хамтлагийн "More&More" цомог шинэ рекорд тогтоожээ.

Долдугаар сарын 2-ны өдөр Gaon чартын мэдээлснээр TWICE хамтлагийн "More&More" цомог 563,000 хувь борлогдсон байна. Ийнхүү Gaon чартын түүхэн дэх хамгийн олон цомог борлуулсан охидын хамтлагаар TWICE хамтлагийг нэрлэжээ.

TWICE хамтлаг үүсгэн байгуулагдсанаасаа хойш дэлхий даяар 8,800,000 цомог борлуулаад байна.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд