Улаанбаатар хотын ХАМГИЙН АМТТАЙ Bubble tea-тэй газрууд /1-р хэсэг/


Тэртээ 1980-аад оны үед Тайвань улсад үүссэн "Bubble tea" буюу бөмбөлөгтэй цай өнөөгийн залуусын уух дуртай ундаа болжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ямар ямар газрууд хамгийн амттай Bubble Tea-гээр үйлчилж байгааг багцлан хүргэж байна. 

YU TEA MONGOLIA

Тухай: "Yu Tea Mongolia" нь 2019 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш өдгөө их хотын залуусын дунд ургамлын гаралтай цай, эко орчноороо аль хэдийнэ танил болжээ. Та бүхэн маань эндээс маш олон төрлийн жимсний, ургамлын гаралтай цай болон bubble tea-г уух боломжтой шүү. 

Таримал цэцгүүд, тухтай орчин, бугатай номын тавиур зэрэг нь ороод гарсан хүн бүхэнд цэцэрлэгт хүрээлэнд байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ. Намуухан аялгуу сонсонгоо хичээл, ажил хийх, найзуудтайгаа дотно яриа өрнүүлэх бол "Yu Tea Mongolia"-г зориорой. 

Онцлох бүтээгдэхүүн: Brown Sugar болон Bubble Milk Tea. "Yu Tea Mongolia"-гийн хамт олон амтат боба бөмблөгөө өөрсдөө хийдэг бөгөөд үйлчлүүлэгчид сахар, боба, хөөсөн чихрийн хэмжээгээ өөрөө тохируулан уух боломжтой. Биднийг очиход тун удахгүй Cake Milk Tea-г худалдаанд гаргах гэж байгаагаа хуваалцсан юм.

Цагийн хуваарь: Салбар 1 - Даваа - Ням 10:00 - 20:00.
Салбар 2 - Мягмар - Ням 10:00 - 20:00.

Байршил: Салбар 1- Метромоллоос Талбай явах замд.
Салбар 2- Цэцэг төвийн 1-р давхарт.

Фэйсбүүк хуудас: YU tea Mongolia

DREAMY DRINKS BUBBLE TEA

Тухай: Мөн л 2019 онд үүд хаалгаа нээсэн энэхүү газар өдгөө 3 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тав тухтай орчин, гайхалтай найрсаг хамт олон, бүтээгдэхүүний олон төрлийн сонголтоороо алдартай. 

Төв салбар нь залуучууд тухлан суухад ихээхэн тохиромжтойгоос гадна зураг авахуулах орчныг бүрдүүлсэн нэмэлт гэрлүүд, зөөлөн буйдан, ваартай цэцгүүд, сэтгэгдэл бичиж үлдээх хэсэг зэрэг олон сонирхолтой засал чимэглэлүүдтэй. Үүнээс хамгийн гоё дотоод заслыг төв салбарын үүдний хэсгээс харж болно. Тэнд яг л сансарт буй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ханын зургийг зурж, түүнийгээ неон цэнхэр гэрлээр гэрэлтүүлсэн нь хамгийн cool байлаа. Удахгүй доод давхартаа жижигхээн хэмжээний кинотеатр нээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

Залуусын дунд багагүй алдартай газар гэсэндээ үйлчлүүлэгч ихтэй байдаг ч таны захиалсан бүтээгдэхүүнийг хамгийн хурднаараа бэлдэж өгөх болно. 

Онцлох бүтээгдэхүүн: Brown Sugar Bubble Tea. 

Цагийн хуваарь: Даваа-Ням 10:00- 22:00

Байршил: Төв салбар - Tedy төвийн зүүн урд.
Салбар 2- Шангри-Ла моллын 3-р давхарт.
Салбар 3- Зайсан, Будда виста хороолол, Будда маркет дотор.

Фэйсбүүк хуудас: Dreamy Drinks Bubble TEA

UNICO BUBBLE TEA

Тухай: “Гоё Хоолтой Газар Хаана Байна” группийн админ Б.Эрхсаран цахим хуудаснаа өөрийн bubble tea-ны газарт засвар хийхээс үйл ажиллагаагаа явуулж эхлэх хүртэлх бүхий л онцлох үйл явдлуудынхаа зураг, түүхийг хуваалцаж байсан нь одоогийн "Unicorn Bubble Tea" юм. Мөн энэхүү жагсаалтад багтсан газруудаас хамгийн өндөр хандалттай сошиал хаягтай гэдгээрээ онцлог. 

Охидын дуртай ягаан өнгө болон ганц эвэртийг өөрсдийн нүүр царайгаа болгосон энэхүү газарт орж ирсэн үйлчлүүлэгчдийн дийлэнх нь алдарт цэцэгтэй ханын урд зургаа авахуулж, урд нь байрлуулсан жижигхэн ширээн дээр тухлан bubble tea-гээ уух дуртай. Аяган дээрх урмын үгс, Инстаграм дахь өөрсдийн гэсэн филтер, зураг авах орчин нь уг газрыг бусад газраас онцолно. 

Онцлох бүтээгдэхүүн: Brown Sugar болон Strawberry Bubble tea. Мөн та нялуун, чихэрлэг зүйлсэд дуртай бол "Unicorn Bubble Tea" танд яг тохирно гэж зөвлөмөөр байна. Бобагаа өөрсдийн цехэд үйлдвэрлэдэг бөгөөд хамгийн сүүлд Азуратай Bubble tea-г цэсэндээ нэмсэн байна. 

Цагийн хуваарь: Даваа-Баасан 11:00- 21:00
Бямба-Ням 12:00- 21:00

Байршил: Салбар 1- 23-р сургуулийн зүүн хойно.
Салбар 2- УИД-ын 1-р давхар /Түр хугацаанд ажиллахгүй байгаа/
Салбар 3- Зайсан, Гэрэлт хотхон /Жүр Үрийн хажууд/
Салбар 4- Мишээл экспо, Walking Street

Фэйсбүүк хуудас: Unico Bubble Tea

BUBBLE GAL

Тухай: "Bubble Gal" бол Улаанбаатар хотын маань бөмбөлөгтэй цайны анхдагч газар. Тиймдээ ч чихэрлэг, исгэлэн, гашуун гээд маш олон төрлийн амтны сонголттой. Бүр сүүний харшилтай хүмүүст ч зориулагдсан цай бий. 

Бусад газруудаас ялгарах онцлог нь хоёр төрлийн амтыг нэг дороос амтлах боломжийг олгосон тасалгаатай савлагаа нь байлаа. Хэрвээ таны төрсөн өдөр удахгүй болох гэж байгаа бол бичиг баримттайгаа өөрийн биеэр хүрэлцэн ирээд дуртай Bubble tea-гаа уугаарай. Харин төрсөн өдөр нь болоогүй ч салбарууд дээр нь очих боломжгүй, очихоос залхуурсан нэгэн бол заагдсан бүс дотор хүссэн bubble tea-гаа хүргүүлэн авах боломжтой ажээ. 

Онцлох бүтээгдэхүүн: Raspberry Bubble Tea

Цагийн хуваарь: Салбар 1- Даваа-Ням 12:00- 21:00
Салбар 2- Даваа-Ням 10:00- 21:30

Байршил: Салбар 1: Мөнгөн завъяагийн замын урд.
Салбар 2: Сансрын E-Mart худалдааны төвийн 1-р давхар.

Фэйсбүүк хуудас: Bubble Gal

BUBBLEBEE DRINK HOUSE

Тухай: "Bubble Bee" нь үүд хаалгаа нээгээд ганцхан сар болж байгаа ч өвөрмөц амт болон савлагаагаараа үйлчлүүлэгчдийн анхаарлыг аль хэдийнэ татаад амжжээ. Улаанбаатар хотод маань үйл ажиллагаагаа явуулж буй Bubble tea-ний газруудын ихэнх нь олон төрлийн амтны сонголттой ч энэ газар хамгийн олон сонголттой нь гэж хэлж болно. 

Савлагаа нь энгийн л чанамал хийдэг сав шиг харагдах хэдий ч дотор нь Bubble tea хийгээд ууна гэхээр маш сонирхолтой. "Bubble Bee"-гийн хамт олон байгаль дэлхийгээ болон үйлчлүүлэгчдээ хайрладгийн нэг жишээ бол өмнө нь Bubble Tea уусан аягаа авчраад одоо авах гэж буй Bubble Tea-нийхээ төлбөрөөс 500₮ хасуулж болдог явдал. 

Онцлох бүтээгдэхүүн: Tiramusi болон Vanilla Bubble Tea.

Цагийн хуваарь: Даваа-Пүрэв, Ням 10:00- 20:30
Бямба- Баасан 10:00- 21:30

Байршил: Улаанбаатар Их Дэлгүүр, Б1 давхарт

Фэйсбүүк хуудас: BubbleBee Drink House

#Залуус #Bubble Tea #Улаанбаатар #Амттан