Мерседесийн ШИНЭ өнгө, төрх


Цэцээ | YOLO.MN
2020-07-02

“Формула 1” уралдааны хүчирхэг багуудын нэг болох Мерседес баг 2020 оны улиралд уралдах машиныхаа цоо шинэ өнгө төрхийг танилцууллаа.

Энэхүү машины өмнөх загваруудаасаа ялгарах гол онцлог нь саарал өнгөний оронд карбон хар өнгөтэй болсон явдал юм. Саарал өнгө 1930-аад оноос хойш Мерседес багийн бэлэг тэмдэг байсан бөгөөд тэд түүхэндээ анх удаа уг өнгөөс татгалзаж байгаа нь энэ билээ. Тэд карбон хар өнгийг зүгээр ч нэг шалтгаанаар сонгоогүй ажээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргууд маань уг өөрчлөлтөө арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон хүйсийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн үйлдэл гэж тайлбарлаж байгаа аж. 

Сүүлийн үед зөвхөн АНУ-д ч гэлтгүй дэлхий даяар "Black Lives Matter" буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөн өрнөөд байгаа билээ. Африк гаралтай америк эр Жорж Флойд тавдугаар сарын 25-ны өдөр орон нутгийн цагдаа нарын гарт амиа алдсанаар энэ бүх хөдөлгөөн өрнөх үндэс тавигдсан юм.

Дэлхийн 6 удаагийн аварга Мерседес багийн нисгэгч Льюис Хамилтон 2 долоо хоногийн өмнө Лондон хотод болсон тайван жагсаалд оролцсон бөгөөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг байр суурьтай байгаагаа тухайн үед мэдэгдэж байв. Түүний хэлснээр энэхүү өөрчлөлт нь хэдий том биш боловч багийн зүгээс хийж чадах хамгийн боломжит зүйл ажээ.

#спорт