Хоёр хөл дээрээ явдаг матар гэв үү?


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-06-25

Матар аймшигтай хэдий ч их гайхалтай амьтан. Дэлхийн 90 орчим улсад 23 зүйлийн матар оршин байдаг. Эдгээр матрууд биеийн хувьд төрөл зүйлээсээ шалтгаалан 1.5-6 хүртэлх метрийн урттай байдаг аж. Гэвч та бүхэн өнөө цагийн хамгийн том гүрвэл болох матар нь олон сая жилийн өмнө хоёр хөл дээрээ явдаг байсан гэвэл итгэх үү? Ингээд дараах нийтлэлээрээ энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлая. 

Хоёр хөл дээрээ явдаг матар гэхээр гайхалтай биш гэж үү? Чинжүгийн Үндэсний Боловсролын Их Сургуулийн профессор Ким Кёнг Сугаар удирдуулсан олон улсын судалгааны багийнхан Өмнөд Солонгос улсаас олдсон палеонтологийн нэгэн олдворыг шинжлэх явцдаа тухайн олдворын хөлийн мөр үлэг гүрвэлийнх бус матрынх байсныг олж тогтоожээ. 

Квинслендын их сургуулийн палеонтологич, доктор Энтони Ромилиогийн хэлснээр судлаачид анх энэхүү чулуужсан мөрийг Мезозойн үед амьдарч байсан птерозаврийн мөр гэж бодож байсан гэнэ. Гэвч энэхүү мөр нь птерозавийн мөр гэхэд хэтэрхий том буюу 24 сантиметрийн урттай байсан юм. Түүнчлэн олдвор нь нисдэг гүрвэлүүд байхад тохиромжгүй газар буюу намгийн ойр орчмоос олдсон байна. Эрдэмтэд олон сарын турш судалгаа хийсний эцэст энэхүү мөрийг одоогоос 106 орчим сая жилийн өмнө амьдарч байсан хоёр хөл дээрээ явдаг матрын мөр болохыг тогтоож чаджээ.

Өнөө үеийн матрууд хэвлээр явдаг учир явсан газраа маш том хэмжээний мөр үлдээдэг. Мөн яг л хүмүүс бидэн шиг тавхайгаараа бүтэн гишгэж явдаг аж. Судалгааны багийн ахлагч Ким Кёнг Сугийн хэлж буйгаар Өмнөд Солонгос улсаас олдсон энэхүү мөр нь матрын мөр гэхэд хэтэрхий жижигхэн байсан. Мөн ойр орчмын хэсгээс нь сүүлний ул мөр ч олдоогүй учир эхэндээ энэхүү амьтныг матар гэж огт төсөөлөөгүй байсан гэнэ. 

Харин олдвороос харахад тухайн амьтан хүн шиг тавхайгаараа бүтэн гишгэсэн байснаас гадна динозавр болон матрын мөрийн онцлогийг хослуулсан мэт цоо шинэ төрлийнх байлаа. Судалгааны багийнхан бүтэн 9 жилийн өмнө энэхүү олдворыг олж, сүүлийн 7 жилийн хугацаанд тасралтгүй судалсны үр дүнд ийнхүү хоёр хөл дээрээ явдаг матрын мөр гэсэн дүгнэлтэд хүржээ. 

Гэвч энэхүү олдвор нь эрт цагт амьдарч байсан матрыг хоёр хөл дээрээ явдаг байсныг нотлох анхны нотолгоо биш. 2015 онд АНУ-ын Хойд Каролина мужаас карнуфекс каролинэнсис буюу 3 метрийн урттай, 1.5 метр өндөртэй матрын араг яс олдсон бөгөөд олон эрдэмтэд энэхүү матрыг хоёр хөл дээрээ явдаг байсан гэж үзэж байжээ. Гэсэн хэдий ч энэхүү нотолгоо араг ясны бүтэц дээр үндэслэгдсэн учир дутагдалтай тал их байв. Харин Өмнөд Солонгос улсын Жинжүгээс олдсон энэхүү мөр нь матрыг хоёр хөл дээрээ алхдаг болохыг илүү баттайгаар тайлбарлаж чадаж байгаа юм.

Эх сурвалж: Eureka Alert, Science News

#Сонин хачин #Матар