"Би ирээдүйдээ санаа зовох боллоо"


Үжин | YOLO.MN
2016-08-25

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Би ирээдүйдээ санаа зовох боллоо

Жилийн өмнөөс л өөрийнхөө ирээдүйд санаа зовж эхэлсэн, ямар мэргэжилтэй болох вэ? Ямар сургуульд хаана сурах вэ? гээд л…

Сайн байна уу? Намайг Билгүүн гэдэг. Би одоо 16 настай.

Энэ жил 12-р ангид ангид орно. Би үнэхээр яах аа мэдэхээ байлаа. Юу гэхээр би өвөө эмээтэйгээ амьдардаг л даа. Аав гэдэг хүн маань намайг төрөөгүй байхад ээжийг хаяад явсан, ээж минь гадаадад ажиллаад 6 жил болж байна. Жилийн өмнөөс л өөрийнхөө ирээдүйд санаа зовж эхэлсэн, ямар мэргэжилтэй болох вэ? Ямар сургуульд хаана сурах вэ? гээд л… Би гадаадад сурах маш их хүсэл эрмэлзэлтэй гэвч ар гэр санхүүгийн хувьд боломжгүй, иймэрхүү асуудлаас болоод сэтгэл санаа маш их хүнд байна. Ээж эмээ хоёр болохоор тэр үедээ болно л гээд байх юм. Болдог бол би одоо ч явчихмаар байна. Одоо надад нэг жил гэдэг маш их хугацаа, энэ жилийг яаж өнгөрөөх вэ л гэж бодож байна. Ингэж сэтгэл санаагаар унаснаас болоод янз бүрийн буруу зүйл рүү өөрийн мэдэлгүй татагдаад байх шиг. Хүмүүстэй ярилцаж зөвлөөд ч нэмэр алга. Би яах ёстой вэ???

Зөвлөгөө: Цаг хугацааны хувьд яарах хэрэггүй

Сайн байна уу?

Ирээдүйдээ, өөртөө анхаарал тавьж байгаад чинь баяртай байна. Энэ бол маш том давуу тал юм. Мэдээж чамд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго байгаа байх. Заримдаа хүссэн зүйлдээ хүрэх тийм ч амар байдаггүй, гэвч энэ нь боломжгүй гэсэн үг огт биш. Хэрэв чи гадаадад сурахыг үнэхээр хүсч байгаа бол боломжтой нөхцөл, тэтгэлэг зэргийг сайн судалж үзээрэй. Интернет дээр байгаа зөвлөмжүүдийг унш, энэ талаар туршлагатай хүмүүсээс асуу, тэгвэл чи хариултыг нь олж чадна. Харин цаг хугацааны хувьд яарах хэрэггүй. Учир нь гадаадад суралцана гэдэг хүссэний зоргоор хэдхэн сарын дотор шийдэгдчих асуудал биш гэдгийг санаарай. Мөн дээр нь явахаасаа өмнө чамд уншиж судлах, бэлдэх зүйлүүд тоо томшгүй их гарч ирэх болно.

Тиймээс дээр хэлсэнчлэн гадаадад тэтгэлгээр явах тухай сайн уншиж судлаад, бага багаар бэлтгэлээ хангаж болох юм. Юутай ч дахин сануулахад энэ тал дээр туршлагатай хүмүүстэй холбогдож зөв мэдээлэл олж авч, үүнийгээ гэр бүлийнхэнтэйгээ мөн хуваалцаж сэтгэл зүйнх нь хувьд бэлтгээрэй. Учир нь тэдний ч дэмжлэг чамд хэрэгтэй шүү дээ.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Ганцаардал #Мэргэжил