"The Greatest Showman" (2017), "Euphoria" (2019) зэрэг дэлгэцийн уран бүтээл болон гайхалтай зан чанар, хөдөлмөрч байдлаараа олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин, дуучин Zendaya-г энэ удаагийн "Artist of the Week" булангаараа онцолж байна.
Zendaya Maree Stoermer Coleman 1996 оны есдүгээр сарын 1-ний өдөр АНУ-ын Калифорни мужид мэндэлжээ. Эцэг нь Африк гаралтай Америк, эх нь Герман гаралтай нэгэн аж. Zendaya гэх нэр ч эцэг эхтэй нь салшгүй холбоотой бөгөөд Шона хэлний "талархах" гэсэн утгатай "Tendali" хэмээх нэрнээс гаралтай юм.
Залуу жүжигчин маань багадаа нэлээн бүрэг ичимхий хүүхэд байсан бөгөөд олон хүмүүсийн дунд байхдаа юу ч ярьдаггүй байсан гэдэг. Харин ээж нь "California Shakespeare Theatre" театрт тайзны менежерээр ажилладаг байсан тул Zendaya урлаг соёлын ертөнцтэй их ойр өссөн байна. 8 настайдаа хип хоп бүжгийн хамтлагт элсэн орж, гурван жилийн турш хамтлагт бүжиглэж байсан гэдэг.
Тэрээр "Disney Channel"-ийн дэлгэцийн бүтээлүүдэд дүр бүтээж эхлэхээсээ ч өмнө дуучин Selena Gomez-ийн тоглосон сурталчилгааны ард бүжиглэж байсан. Тус сурталчилгаанд Zendaya-гаас гадна жүжигчин Leo Howard, “Chilling Adventures of Sabrina” цувралын жүжигчин Ross Lynch ч мөн бүжиглэж байсан билээ.
Харин түүний карьерийг эхлүүлсэн цуврал бол "Disney" сувгийн хамгийн олон үзэгчтэй цувралуудын нэг "Shake It Up" (2010) юм. Zendaya энэхүү цувралд хамтран тоглосон жүжигчидтэйгээ хэд хэдэн дуу гаргаж байсан. Үүнээс хамгийн алдартай нь жүжигчин Bella Thorne-тэй хамтран дуулсан "Watch Me" (2011) юм. Тэдний нөхөрлөл зөвхөн энд хүрээд зогсоогүй бөгөөд залуу жүжигчид маань 2012 онд дахин хамтдаа "Disney" сувгийн "Frenemies" кинонд дүр бүтээсэн байдаг. Энэ бол Zendaya-гийн тоглосон хамгийн анхны бүрэн хэмжээний кино юм.
Zendaya 2013 онд “Dancing with the Stars” бүжгийн шоунд оролцож байсан. Уг шоуны Монгол хувилбар "Ододтой бүжиглэе" нэрээр одоо ч зохиогдож байгааг та бүхэн мэдэх биз ээ. Гэвч тэрээр багадаа хип хоп төрлийн бүжгээр хичээллэдэг байсан ч бүжгийн туршлага нь тийм ч их хэрэг болж байгаагүй талаар нэгэн ярилцлагадаа дурдаж байв.
Түүний дараачийн уран бүтээл бол мөн л "Disney" сувгийн "K. C. Undercover" (2015) байлаа. Энэ удаа тэрээр зүгээр л киноны дүрд тоглохоос илүүтэйгээр дүрдээ нөлөөлж, киноны найруулгынх нь үйл явцад ч оролцох хэмжээний томоохон үүргийг хүлээсэн юм. Кино зохиолд түүний тоглох дүрийг Katy хэмээн нэрлэсэн байсан ч тэрээр нэрээ K. C. Cooper болгон өөрчилж, кинондоо илүү олон өнгөт арьст дүрүүдийг нэмж, тэднийг муугүй боловсролтой байдлаар дүрслэх санааг гаргасан гэдэг. Мөн K. C. Cooper-ийн дүрээ ухаалаг, тулааны урлагийг гаргууд эзэмшсэн, хүмүүстэй харьцахдаа эв хавгүй, дуулж бүжиглэхдээ тийм ч сайн биш байхаар дүрслүүлэхийг хүссэн бөгөөд үүнийгээ "Охидын байж болох өөр өчнөөн олон характер бий шүү дээ" хэмээн тайлбарладаг.
Zendaya хүйсийн тэгш эрх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл зэрэг нийгмийн асуудлуудад өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс огтхон ч айдаггүй нэгэн. Загварын шүүмжлэл гаргадаг "Fashion Police" нэртэй нэвтрүүлгээр Zendaya Оскарын 87 дахь удаагийн шагнал гардуулах ёслол дээрх үсний засалтыг нь нэгэн хүн "өвс үнэртэж байгаа юм шиг" хэмээн хэлсэн талаар ярьж байсан.
Zendaya тухайн жилийн улаан хивсний ёслол дээр хар арьстнуудын уламжлалт үсний засалтын нэг "Dreadlocks" загвараар үсээ гоёсон бөгөөд үеэс үед дамжин ирсэн уламжлалаа ийн доромжлуулахыг зүгээр өнгөрөөж чадаагүй юм. Ингээд тэрээр өөрийн Инстаграм хуудсандаа дараах постыг оруулсан. Үүнээс дурдвал:
- "Бусдыг үснийх нь буржгараар шүүмжлэх дуртай хүмүүс байсан байгаагүй нийгэм Африк Америкчуудын үс засалтыг хангалттай харгисаар шүүмжилдэг. Оскарын улаан хивсний ёслол дээр үсээ ингэж зассан шалтгаан бол хүмүүст өнгөт арьстан бидний үс үзэсгэлэнтэй гэдэг санааг гэгээлгээр хүргэх байсан юм"
Тухайн үед Zendaya дөнгөж 18 настай байсан ч аливаад бодитой, "мэргэжлийн" хандаж байгаа нь олон хүмүүсийн сайшаал магтаалыг дагуулсан билээ.
Zendaya-гийн энэхүү үзэл баримтлалыг "Mattel" тоглоомын компани дэмжиж, яг түүнтэй буюу түүний улаан хивсний ёслолын төрхөөр барби хүүхэлдэй хийж өгч байв.
Тэрээр 2017 онд анх удаа бүрэн хэмжээний кинонд гол дүр бүтээсэн нь "Spider-Man: Homecoming" байлаа. Тэрээр уг кинонд Англи жүжигчин Tom Holland-ийн хамтаар дүр бүтээсэн бөгөөд үргэлжлэл "Spider-Man: Far from Home" (2019) кинонд ч мөн тоглосон байдаг.
Zendaya "Spider Man" киноны MJ-гээс гадна "The Greatest Showman" (2017) киноны Amy Wheeler-ийн дүрээрээ алдартай. Киноны хамгийн олон хүнд хүрсэн дуунуудын нэг "Rewrite the Stars" дууг жүжигчин Zac Efron-той хамтран дуулж байсан билээ.
Харин 2019 онд тэрээр HBO сувгийн "Euphoria" цувралын гол дүрд тоглож багагүй амжилт тогтоосон.
Уг цувралд Zendaya хар тамхинд донтсон 17 настай охины дүрийг бүтээгээд ч зогсохгүй "narrator" буюу өгүүлэгчийн үүргийг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл тус киноны дүрүүдэд юу тохиолдсон, ямар үйл явдал болсон гэдгийг бид Zendaya-гийн хоолойгоор сонсох боломжтой. Үүнээс гадна нэгдүгээр бүлгийн төгсгөлийн "All for Love" дууг дуулсан юм.
Энэ оны хувьд тэрээр шинжлэх ухааны зөгнөлт "Dune" кинонд жүжигчин Timothee Chalamet, Jason Momoa нартай хамтран тоглож байгаа билээ. Одоогоор киноны албан ёсны нээлтийн өдөр зарлагдаагүй байгаа ч энэ оны хоёрдугаар хагаст зураг авалтаа хийхээр төлөвлөөд байгаа аж.
Ухаалаг, хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон түүнийг ахин олон олон тайз, дэлгэцийн уран бүтээлээс харна гэж найдаж байна.
Эх сурвалж: Insider, Biography, Wikipedia
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх