Хөвгүүдэд ЮУ бэлэглэж БОЛОХГҮЙ ВЭ?


Үжин | YOLO.MN
2017-02-08

Удахгүй Гэгээн валентины баяр болох гэж байна. Хүний халуун дулаан сэтгэлийн илэрхийллийн нэг яах аргагүй бэлэг билээ. Тиймдээ ч хэн нэгэн дотны, сайн хүндээ бэлэг өгөхдөө анхаарах хэдэн зүйл байдаг. Тэр дундаа хөвгүүдэд дараах төрлийн бэлгийг тэр бүр сонгоод дэмий л болов уу. Энэхүү жагсаалт нь 13-18 насны хөвгүүдийн дунд явуулсан цахим судалгааны үр дүнд гаргасан мэдээлэл юм.

 Арьс арчилгаа, гоо сайхны ком
Хэрэв эрэгтэй найз чинь арьс арчилгааны ком авах хүсэлтэй байгаа гэж чамд нэг ч үг цухуйлгаагүй л бол энэхүү төрлийн бэлгэнээс татгалзах хэрэгтэй. Учир нь өгсөн бэлэг чинь түүний нүүрний арьс харшлын шалтгаан болчихвол тун таагүй хэрэг болно.

Оймс болон дотуур өмд
Оймс бүр саналтгүй шүү. Учир нь өдөр тутмын хэрэглээний зүйлийг бэлгэнд өгөх тийм ч таатаай санагддаггүй. Мөн дотуур өмд бол зөвхөн дотроо л байдаг учир хүнд өгөх тийм ч гоё бэлэг биш. Мөн найз хөвгүүн чинь өөрөө хүсвэл хэзээд ч өөрт таалагдсан оймс, дотуур хувцсаа авчихтайгаа байх шүү. cheeky

Шохоорхон харсан цамцнаас өөр цамц бүү авч өг
Та хоёр дэлгүүрт явж байтал тэр нэг цамцыг (эсвэл футболк, хүрэм, тэлээ гээд юу ч байж болно) ихэд сонирхож байгаад больчихсоныг хэрэв чи анзаарсан бол түүнийг нь дараа бэлэг болгон авч өгөхөд нэг их буруудахгүй. ХАРИН!!! Чи өөрт таалагдсанаа түүнд зохино гэж бат итгэн бэлэг болгон өгөх хэрэггүй. Учир нь эрэгтэй хүний сонирхол эмэгтэйчүүдийнхээс огт өөр байдаг ба хөвгүүдийн чамд таалагддаг хувцаслалт түүнд таалагддаггүй байж болох юм. Өөрөөр хэлбэл энэхүү төрлийн бэлэг нь намхан гутлыг илүүд үздэг чамд өндөр өсгийт аваад өгсөнтэй агаар нэгэн юм.

Аль нэг дэлгүүр, гоо сайхны газрын бэлгийн карт
Хөвгүүд охид шиг тэр бүр дэлгүүр хэсээд байдаггүй. Тиймдээ ч чиний өгсөн бэлгийн картыг тийм ч их сэтгэл хөдлөлөөр хүлээж авахгүй л болов уу (“Мммм... дэлгүүр орох хэрэг гарах нь дээ” тэр яг ингэж бодно cheeky) Үүний оронд түүний сонирхдог, дуртай, өдөр бүр ярьдаг сэдэвтэй нь холбоотой зүйл авч өгөх нь илүү дээр юм.

Сахлын ус эсвэл үнэртэй ус
Сахлын усыг сахлаа өдөр бүр хусдаг эрчүүд ихэвчлэн хэрэглэдэг. Тиймээс хөвгүүдэд энэ нь тийм ч таатай бэлэг биш юм (Учир нь тэд өдөр бүр сахлаа хусдаггүй юм). Мөн сүрчиг биш л бол Eau de Toilette төрлийн үнэртэй усыг бүү авч өг. Магадгүй түүний хамгийн дургүй үнэртэй нь байж таарвал харамсалтай шүү дээ. Хэрэв үнэхээр түүнд сүрчиг авч өгөхийг хүсвэл хамт дагуулаад яв, таалагдаж байгааг нь сонго.

Өөрийнхөө мэдэхгүй техник хэрэгслийн зүйлс
Хөвгүүдэд техниктэй холбоотой сонирхдог зүйлийг нь бэлэглэх нь таатай санагддаг л даа. Гэхдээ чи өөрөө огт мэдэхгүй хэрнээ энэ төрлийн зүйлийг бүү бэлэглээрэй. Учир нь техник хэрэгслийнх нь үзүүлэлт, өнгө гэх зэрэг нь яг түүний хүсч байсан нь биш болж таарвал харамсалтай юм.

Ингээд эцэст нь түүнд юу бэлэглэж болох талаар ярилцъя. Тэр ямар нэгэн зүйлд сонирхолтой байж л таараа, түүнийг нь чи сайн мэддэг бол бүр ч сайн. Хөлбөмбөмбөг, сагсанбөмбөг, дота, бөх, роллик, пэнни, дугуй, дуртай хамтлаг дуучин гээд түүний сонирхдог зүйлтэй нь холбоотой зүйлийг авч өгч болно. Мөн охид өөрийн гараар дурсгалын зүйл хийж өгөхийг хичээдэг. Гэхдээ энэ нь чанартай бөгөөд харагдах байдал төгс байвал хөвгүүдэд таалагдах магадлал их гэдгийг санаад ихэд хичээж, хэн нэгний заавар зөвлөгөөг авах хэрэгтэй юм. Мөн өгч буй бэлгийнхээ хажуугаар түүний идэх дуртай амттаныг хавчуулсан байхад тэр улам баярлах болно.

#Хөвгүүд #BOYS #Gift #teenagers