Ходоодноос ТАРХИ РУУ нөлөөлөх нь


Д.Даваажав | YOLO.MN
2023-02-08

Та сэтгэлээр унасан үедээ шоколад, зайрмаг, пицца зэрэг амттай зүйл идэж багахан ч болтугай тайвширч байсан уу? Мэдээж тэгж байсан л байх. Бид хооллолт бие махбодод хэрхэн нөлөөлдгийг сайн мэдэх ч сэтгэл зүй болон оюун санаанд хэрхэн нөлөөлдөг талаар тэр бүр мэддэггүй л болов уу. Тиймээс уншигчдадаа зориулан хоол хүнс гэдэг зүйл бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг харуулсан судалгааны үр дүнгүүдийг танилцуулъя.

Хоол хүнс бидний бие махбодод маш богино хугацаанд нөлөөлдөг. Жишээлбэл нойр хүрсэн, ядарсан үедээ ганцхан аяга кофе уухад л эрч хүч, анхаарал төвлөрөх чадвар нэмэгддэг бол дахин нэг аягыг уухад бие салгалж, тухгүй мэдрэмж төрдөг.

Де Монтфордын их сургуулийн биохимич, хоол тэжээл судлаач, профессор Мария Барянсын хэлснээр "Өөх тос, нүүрс ус ихээр агуулсан амттай хоол идэх эсвэл бүр зургийг нь харахад л бидний тархины таашаалын төвийн үйл ажиллагаа идэвхэждэг" аж. Тархины энэ хэсэг мансууруулах бодис хэрэглэхэд ч мөн идэвхэждэг билээ. 

Хүн хооллоход "хооллосон" гэдэг мэдээлэл тархинд ирснээр допаминыг ялгаруулдаг мэдрэлийн эсүүдэд шууд болон шууд бус байдлаар нөлөөлдөг. "Аз жаргалын" допамин даавар ялгардаг учраас л бид амттай хоол идэх болон амттай хоолны талаар бодоход багахан ч атугай аз жаргалыг мэдэрдэг байна.

Мэдээж бид байнга л шарсан хуурсан, өөх тос ихтэй хоол хүнс хэрэглээд байж болохгүй шүү дээ. Энэ төрлийн хоол хүнс биед тийм ч эерэг үр дүн үзүүлдэггүй гэдгийг бид сайн мэднэ. Харин "эрүүл" хүнс хэрэглэх нь зөвхөн бие махбодод ч бус сэтгэцийн эрүүл мэндэд ч нөлөөлдөг гэдгийг дараах судалгаанаас харж болох юм.

БИЕД САЙН БОЛ СЭТГЭЛ ЗҮЙД Ч БАС САЙН

  • Канадын эрүүл мэндийн судалгааны институтийн мэдээлэл дээр үндэслэн хийсэн нэгэн судалгаагаар жимс болон хүнсний ногоог ихээр хэрэглэдэг хүмүүсийн түгших, сэтгэл гутралд өртөх магадлал харьцангуй бага байдаг гэдгийг тогтоожээ. 

  • 2013 онд 280 гаруй залуучуудын дунд хийсэн бас нэгэн судалгаагаар жимс болон хүнсний ногоо түлхүү хэрэглэсэн өдрүүдэд залуучуудын сэтгэл санааны байдал нь илүү өөдрөг байсан гэнэ. Иймд судлаачид өдөр бүр 7-8 төрлийн жимс, хүнсний ногоог хэрэглэхийг зөвлөдөг байна.

ХОДООДНООС ТАРХИ РУУ НӨЛӨӨЛӨХ НЬ

Тархины зуун тэрбум гаруй мэдрэлийн эс болон ходоодны зуун триллион гаруй нянгууд хоорондоо холбогдон ажилладаг. Өөрөөр хэлбэл гэдэсний микробиомоос тархины төв мэдрэлийн систем рүү илгээгддэг дохио нь сэтгэлзүйн төлөвтэй нарийн холбоотой байдаг гэнэ. 

  • Мөн л залуусын дунд хийсэн нэгэн судалгаагаар тараг, буурцагны сүү, мисо, кимчи зэрэг исгэх аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь сэтгэл санааг өөдрөг байлгахад тусалдаг гэдгийг тогтоожээ. Энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд байгалийн гаралтай пробиотикоор баялаг байдаг. Харин пробиотик гэх амьд бактери нь гэдэсний микробиомд нөлөөлөн стрессийг үгүй хийдэг шүү дээ. 

УУХ ЗҮЙЛ СЭТГЭЛ ХАНАМЖ ӨГДӨГ

  • Испанийн 5,500 гаруй насанд хүрэгчдийн дунд хийсэн судалгаагаар долоо хоногт 2-7 шил дарс уух нь сэтгэл гутралыг бууруулдаг болохыг олж тогтоосон байна.
  • Үүнтэй төстэй нэгэн судалгаагаар долоо хоногт согтууруулах ундааг уг хэмжээнээс ихээр хэрэглэх нь сэтгэл гутралд хүргэдэг болохыг тогтоожээ.

Гэвч зөвхөн согтууруулах ундаа л сэтгэл гутралаас салах цорын ганц арга биш шүү. Кофе, цай, цаашлаад ус хүртэл сэтгэл гутралын эсрэг нөлөөлж чаддаг байна. Кофенд агуулагдах кафейн нь тархины төв мэдрэлийн систем дэх стресс үүсгэгч аденозинийг идэвхгүйжүүлж, оронд нь өдөөгчийн үүргийг гүйцэтгэдэг. 

  • АНУ-д 23'000 гаруй хүмүүсийг хамарсан судалгааны үр дүнд хүн өдөрт дор хаяж 3 аяга цай уух нь сэтгэл гутралд өртөх магадлалыг 37 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ. Цай нь теанин хэмээх амин хүчлээр баялаг байдал бөгөөд энэ нь тархины үйл ажиллагааг дэмжиж стресс бууруулдаг хүчин чадалтай байдаг байна. Иймд судлаачид өөрсдийн биеийн онцлогоос хамааран өдөрт 3-5 аяга цай уухыг зөвлөдөг ажээ.

Эх сурвалж: DMU, News Medical

#Хоол #Сэтгэл зүй