Дуучин Lady Gaga болон Ariana Grande нар цаг агаарын мэдээ хөтлөв


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-05-28

Тавдугаар сарын 27-ны өдөр "The Weather Channel" сувгийн зүгээс нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь дуучин Lady Gaga болон Ariana Grande нараар цаг агаарын мэдээ хөтлүүлсэн явдал байлаа. 

Тэд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өөрсдийн хамтарсан анхны дуу болох “Rain On Me” дуугаа олны хүртээл болгосон бөгөөд хамтын уран бүтээлээ сурталчлах нэгэн бүтээлч арга эрэлхийлсэн нь энэ байлаа.

Та бүхний харсанчлан бичлэгийн төгсгөлд тэдэн дээр хэн нэгэн хуурамч “бороо” оруулж байна. Харин Ariana Grande дээр хуурамч бороо дуслуулах нэгэн нь түүний одоо үерхэж буй залуу болох Dalton Gomez ажээ.

Ariana урьдын үерхлүүдээ олон нийтэд ил тод байлгадаг байсан ч энэ удаад нууцлахаар шийдсэн бололтой. Тийм ч учраас энэ жижигхэн хэсэгт Dalton-ийг оролцуулсан нь фенүүдийнх нь анхаарлыг ихэд татаад байгаа юм.

Ariana Grande, найз залуу Dalton Gomez-ийн хамтаар “Stuck With You” дууны клипэнд

Дуучин Lady Gaga-гийн хувьд энэ оны гуравдугаар сард "Chromatica" хэмээх шинэхэн цомгоо цацах гэж байсан ч зарим нөхцөл байдлын улмаас түр хойшлуулсан ба цомгоос хоёр уран бүтээлээ задалсан нь "Rain On Me" болон "Stupid Love" байсан юм. Тэрээр маргааш буюу тавдугаар сарын 29-нд цомгоо бүрэн хэмжээгээр нь олны хүртээл болгохоо мэдэгдсэн билээ.

Lady Gaga сүүлийн бүрэн хэмжээний цомгоо гаргаснаас хойш бүтэн долоон жил өнгөрчээ. Харин маргааш цацагдах гэж буй шинэхэн цомогт нь нийт 16 дуу багтах бөгөөд гурван ч гайхалтай уран бүтээлчтэй хамтарч буйгаа мэдэгдсэн. Үүний нэгд Ariana Grande багтаж байгаа бол “Sour Candy” дуун дээр нь БНСУ-ын охидын хамтлаг “Blackpink”, “Sine From Above” дуун дээр нь Elton John хамтрах юм байна.

“Judas”, “Bad Romance”, “Alejandro”, “Shallow” гээд л бүх цаг үед маш сонин содон уран бүтээлүүдээрээ сонсогчдоо урамшуулдаг түүний шинэхэн цомог ч мөн гайхалтай байх болно гэж найдаж байна.

Эх сурвалж: CNN

#Lady Gaga #Ariana Grande