Josh Dun болон Debby Ryan нар нууцаар хуримлажээ


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-05-28

“Twenty One Pilots” хамтлагийн гишүүн Josh Dun болон бидний өсвөр насны хамгийн нандин дурсамжуудыг хадгалдаг "16 Wishes", "Radio Rebel" зэрэг кинонуудад дүр бүтээсэн жүжигчин Debby Ryan нар гэрлэсэн гэдгээ албан ёсоор зарлалаа. 

Тэд хуримын ёслолоо он солигдох өдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд АНУ-ын Техасд хийсэн бөгөөд ийнхүү хагас жилийн дараа энэхүү сэтгэл догдлом мэдээгээ бидэнтэй хуваалцаж байгаа юм. Анх 2018 оны арванхоёрдугаар сард Josh Dun дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавьж байсан аж. 

Жүжигчин Debby Ryan 2006 онд жүжигчний карьераа эхэлсэн бөгөөд 2008 онд жүжигчин Cole болон Dylan Sprouse нартай хамтран “The Suite Life on Deck” цувралд гол дүр бүтээж байв. Харин түүний карьерын хамгийн алдартай дүр бол "16 Wishes" киноны Abby Jensen. Арван зургаан насныхаа төрсөн өдрөөр 16 лаа үлээгээд, 16 хүслээ биелүүлэх охины тухай энэхүү кино одоо ч олон хүний сэтгэлд тодхон. 

Харин түүний “Radio Rebel” (2012) киноны Tara Adams-ийн дүр одоо ч түүнийг олны ярианы сэдэв болоход хүргэсэн гэж хэлж болно. Киноны туршид Tara Adams-ийн гаргадаг "хөгжилтэй" гэмээр царайнууд энэ сард нэгэн төрлийн meme болсон бөгөөд Твиттер, ТикТок зэрэг олон нийтийн сүлжээнд шинэхэн давлагааг үүсгээд амжсан. 

“Муу жүжиглэлт” хэмээн гарчигласан хэд хэдэн бичлэгүүд олныг шуугиулсан ч жүжигчин бүсгүй маань үүнийг тоглоом гэх утгаар нь хүлээн авч, эерэг хариу үйлдлүүд үзүүлснээр олны сайшаалыг хүртээд байгаа юм.

Харин бид Josh Dun-ийг электропоп чиглэлийн уран бүтээл туурвидаг “Twenty One Pilots” хамтлагийн бөмбөрчин гэдгээр нь сайн танина. Тус хамтлаг нь анх 2009 онд гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан ч гол дуучнаас бусад гишүүд нь хамтлагаа орхин, оронд нь Josh Dun нэгдсэнээр өнөөдрийг хүрсэн билээ. Тэд “Stressed out”, “Ride”, “Heathens” зэрэг цоглог хэмнэлтэй, мартагдашгүй дуунуудаараа аль хэдийнэ олон сая хүмүүсийн сэтгэлд хоногшоод амжжээ.

Хосуудын тухайд анх 2013 оны тавдугаар сард үерхэж эхэлсэн ч 2014 оны есдүгээр сард хоёр тийш болсноо зарлаж байв. Гэвч хэсэг хугацааны дараа эргэн нийлж, ийнхүү зургаан жилийн дараа хуримаа хийжээ. 

Эх сурвалж: Vogue

#Josh Dun #Debby Ryan