Коронавирусийн эсрэг вакцин БИДНИЙ АМЬДРАЛЫГ хэвэнд нь оруулах уу?


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-05-30

Одоогийн байдлаар нийт 5 сая орчим хүнд халдварлагдаж, 350 гаруй мянган хүнийг үхэлд хүргэсэн "COVID-19"-ийг олон ч эрдэмтэн, судлаачид дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд хамгийн их аюулыг авчирч буй хүчин зүйл хэмээн үзээд байна. Хэдийгээр бид одоог хүртэл энэхүү өвчний эмчилгээг олж нээгээгүй байгаа ч дэлхийн олон орнууд уг вирусийн эсрэг вакцинийг гаргаж авах тал дээр ажиллаж байгаа билээ. Тэгвэл бүгдээрээ коронавирусийн вакцин нь бид бүхний амьдралыг эргээд хэвийн байдалд оруулж чадах эсэхийг мэдэцгээе.

  • ЕР НЬ ВАКЦИН ГЭЖ ЮУ ВЭ?

Энэхүү асуултад хариулахын тулд бид бүхэн юун түрүүнд дархлааны системийн тухай ойлголттой байх хэрэгтэй. Бид амьдралынхаа минут, секунд тутамд бактери, вирусийн халдлагад өртөж байдаг. Та одоо гар утас, аль эсвэл компьютертээ гараа хүргэсэн байна. Энэхүү төхөөрөмжүүдийн гадаргууд наалдсан, хүний нүдэнд үл үзэгдэх нянгууд тань руу довтолж байна.

Гэвч та дархлааныхаа тусламжтайгаар эдгээр нян, бактериудаас шалтгаалсан өвчин тусдаггүй. Нэг ёсондоо дархлаа гэдэг бол таны биеийг хамгаалах үүрэгтэй хэдэн тэрбум эсүүдээс бүтсэн цогц систем юм. Хэрэв гадны биет биед тань орж ирвэл хамгаалагч эсүүд тэдгээрийг устгах, хүчийг нь сулруулах үүрэгтэй байдаг. 

Бидний дархлааны систем 12 төрлийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд үүнд бактерийг устгах, бие биетэйгээ харилцах зэрэг багтана. Мөн дархлааны системийн үйл ажиллагаанд нийт 21 төрлийн эс оролцдог байна. Нэг ёсондоо дархлааны эсүүд бол эзэнт улсаа гадны халдагчдаас хамгаалж буй цэргүүд юм. Гэсэн хэдий ч цэргүүдэд ялагдах үе ирдэг шүү дээ. Дархлааны эсүүд өөрсдөөсөө илүү хүчирхэг, аль эсвэл өмнө нь учирч байгаагүй бактериудтай тааралдахад л ялагдаж, та өвдөж эхэлдэг гэсэн үг.

Тэгвэл вакцин үүнтэй ямар холбоотой гэж?

Вакцин нь тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл юм. Өвчин үүсгэж буй вирусийн сулруулсан хувилбарыг таны биед тарьснаар таны дархлаа тухайн өвчин үүсгэгчийн мэдээллийг цуглуулж дараагийн удаа халдахад нь маш хурдан таньж, устгадаг байна. Өөрөөр хэлбэл вакцин нь урьдчилсан сэргийлэх зорилго бүхий дархлааг дээшлүүлэх тарилга юм.

  • ЯАГААД ВАКЦИН ГАРГАХ АВАХАД УРТ ХУГАЦАА ШААРДЛАГАТАЙ ВЭ?

“Коронавирусийн халдвар бараг хагас жил болчихоод байхад яагаад одоо болтол вакцин гарахгүй байна вэ?” гэж та гайхаж байгаа байх. Вакцин гарган авахын тулд юун түрүүнд өвчин үүсгэж буй вирусийг лабораторийн нөхцөлд ургуулна. Үүний дараа тухайн вирусийг идэвхгүйжүүлэн цааш үржих боломжгүй болгодог. Ийм байдалд орсон вирус дархлааны системд мэдээлэл өгөн, дархлаа бий болдог аж. Өөрөөр хэлбэл хүч нь суларч, үржих боломжгүй болсон вирус хүний биед орсны дараа ямар ч хорт нөлөө үзүүлэхгүй байх ёстой юм. 

Вакцин гарган авах явц маш энгийн сонсогдож байж болох ч бодит байдал дээр их хэцүү бөгөөд ганц л алдаа гаргахад хүний амь насанд хүрэх эрсдэлтэй байдаг. Ихэнх вакцинууд 2-5 жилийн хугацаанд бэлэн болдог бол дэлхий дахинд аюул авчраад буй "COVID-19" вирусийн вакцин үүнээс ч богино буюу нэг жилийн хугацаанд бэлэн боломжтой болохоор байгаа билээ. 

Иймд коронавирусийн вакцин удаан биш харин ч маш хурдан хийгдэж байгаа юм.

Вакцин бол ямарваа нэг өвчний эсрэг хийж болох хамгийн үр дүнтэй алхмуудын нэг. Хэдийгээр хүн төрөлхтөн түүхэндээ титэм вирусийн эсрэг вакцин үйлдвэрлэж байгаагүй ч техник технологи хөгжсөн энэ цаг үед энэ бол боломжгүй зүйл биш юм. 

Тиймээс бид коронавирусийн вакцин бэлэн болох хүртэл өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, сонор сэрэмжээ алдахгүй байх нь зөв юм шүү. 

Эх сурвалж: BBC, WHO

#Коронавирус #Эрүүл мэнд #Вакцин