Монголын баг дахин Ази тивийн АВАРГААР тодорлоо


Т.Мөнхжин | YOLO.MN
2020-05-25

БНХАУ-ын Твиттер гэгддэг "Weibo" корпорацаас зохион байгуулсан "Weibo Cup Asian Championship 2020" аварга шалгаруулах тэмцээний аваргаар Монгол улсын "Tiger" баг тодорлоо. 

Зургийг @metamn-ээс

Тодруулбал энэ сарын 15-наас 26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Weibo Cup Asia Professional Championship 2020” хэмээх Counter-Strike: Global Offensive (CS:GO) тоглоомын Ази бүсийн шилдэг багийг шалгаруулах тэмцээнд "Tiger" баг хятадын "Invictus Gaming" багийг 2:0-ээр буулган авсан байна. Улмаар тэд 22,439 ам.долларын эзэд болсон юм. 

Уг тэмцээнд Азийн шилдэг 16 баг оролцсоноос манай улсын "D13" баг дөрөвдүгээр байранд орсон бол "Tiger" баг ийнхүү аваргаар тодорчээ.

"Tiger" багийнхан маань энэ сарын эхэнд “ESL One: Rio 2020” мажор тэмцээний Азийн бүсийн эхний сонгон шалгаруулах “ESL One: Road to Rio – Asia” тэмцээний аваргаар тодорч байсныг та бүхэн санаж байгаа байх. 

Ингээд TIGER багийнхандаа өндрөөс өндөр амжилтыг хүсье!

Эх сурвалж: Монголын цахим спортын холбоо

#Tiger #CS:GO