Гэр бүлийнхээ хамгийн даруухан нь КЕНДАЛЛ ЖЕННЕР


Заяц | YOLO.MN
2016-08-22

Кендалл Николь Женнер 1995 оны 11-р сарын 3-нд Лос-Анжелес хотноо мэндэлжээ. Түүний аав Брюс Женнер хөнгөн атлетикийн тамирчин, олимпийн аварга, ээж Крис Женнер нь хувиараа бизнес эрхлэгч. Тэрээр дороо нэг дүүтэй, түүнийг Кайли Женнер гэдэг.


Эхийнхээ талаас Кендалл “Keeping up with the Kardashians” нэрээр бидний мэдэх реалити шоуны Кортни, Ким, Клои гэсэн гурван эгч Роб гэсэн нэг ахтай юм.

Тэрээр 2012 он хүртэл Лос-Анжелес хотын Sierra Canyon хувийн сургуульд сурч байсан бөгөөд тэрээр дүү Кайлитайгаа хамт сургуулийнхаа хөгжөөн дэмжигчдийн багт байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймдээ ч тэрээр хөнгөн атлетикаар хичээллэдэг охин байв.

Анх 14-хөн насандаа Wilhelmina Models загварын агентлагтай гэрээ байгуулж Forever 21 залуучуудын хувцасны нэртэй брендийн 2010 оны коллекцийн зураг авалтад оролцож байсан.  2010 онд Paper сэтгүүлийн Beautiful People нийтлэлд Кендалл Кайли хоёрын талаар гарснаар Кендалл загварынхны анхааралд өртсөн гэж хэлж болох юм. 2012 он хүртэл тэрээр Looks, Raine, GenLux, Flavour Magazine, GoGirl, Miss Vogue Australia зэрэг сэтгүүлүүдийн нүүрийг чимжээ.


КЕНДАЛЛЫН ЗАГВАРЫН ГАРАА ДҮҮ КАЙЛИТАЙ НЬ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ

2011 онд Кендалл Кайли хоёр Seventeen сэтгүүлийн элч болжээ. Удаах оны хичээлийн жилээс эхлэн Кендалл загварын карьераа төвлөрөхөөр шийдэж  Кайлитай хамт гэрээр сурахаар болж сургуулиасаа гарчээ. Хамгийн анх Кендалл Кайлитай хамт 2012 онд Sherri Hill брендийн загварын шоунд оролцож загварын тайзнаа алхсан юм.

2013 онд Америкийн томоохон компани болох PacSun Кендалл Кайли хоёрын зохион бүтээсэн хувцсыг Kendall&Kylie нэртэйгээр Америк даяар худалдаалахаар болжээ. Төд удалгүй Steve Madden бренд Кендалл Кайли хоёрын бүтээсэн гутал цүнхний коллекцийг Madden Girl нэртэйгээр худалдаалж эхэлсэн юм.

2014 онд Кендалл Кайли хоёр өөрсдийн зохиосон далдын хүчтэй хоёр охины талаарх “Rebels: City of Indra: The Story of Lex and Livia” нэртэй зөгнөлт ном худалдаанд гаргажээ.

2014 оны хавар Кендалл Нью-Йоркийн загварын долоо хоногоор загвар зохион бүтээгч Марк Жейкобсийн загварын шоу, Лондонгийн загварын долоо хоногоор Givenchy болон Chanel-н загварын шоунуудад тус тус оролцож загварын ертөнцөд цахиур хагалсан гэж хэлж болно.

2014 оны зун нэрт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд Кендаллыг “Chanel”-ийн шинэ коллекцийн нүүр царай болохыг урьсан бол тус оны 11-р сард Кендалл гоо сайхны Estee Lauder брендийн нүүр царай болжээ.

 

ВИКТОРИЯ СЕКРЕТИЙН ЗАГВАРЫН ШОУНД ОРОЛЦОХ МӨРӨӨДӨЛ НЬ БИЕЛЖЭЭ

2015 онд тэрээр Нью-Йорк, Парисийн загварын долоо хоногоор Chanel, Givenchy, Dolce & Gabbana, Vera Wang, Donna Karan, Michael Kors, Diane von Furstenberg, Tommy Hilfiger, Marc Jacobs, Fendi, Ports 1961, Oscar de la Renta, Bottega Veneta, Pucci, Sonia Rykiel, Balmain зэрэг брендүүдийн загварын тайзнаа алхсан ба 12-р сард алдарт Виктория Секретийн загварын шоунд оролцож өөрийн мөрөөдлөө биелүүлжээ.


2016 оны байдлаар тэрээр маш олон брендийн загварын шоунуудад оролцоод байгаа  юм. Хамгийн сүүлд Кендалл алдарт Vogue сэтгүүлийн 9-р сарын дугаарын нүүрийг чимээд авсан юм.

 

ХАЙР ДУРЛАЛ heart

2012-2013 онд тэрээр ахлах сургуулийнхаа Жулиан Брукс хэмээх залуутай үерхэж байсан ч Жулиан өөр охинтой нэр холбогдсоноор тэдний үерхэл төгсөж байжээ.

Кендалл One Direction хамтлагийн гишүүн Харри Стайлзтай 2013-2014 оныг дамнан гуравхан сар үерхсэн. Хосуудын харилцаа үүгээр дууссан гэвэл үгүй юм. Тэдний харилцаа 2016 оны хоёрдугаар сард хэсэгхэн хугацаанд сэргэсэн ч тийм удаан үргэлжлээгүй юм. 2016 оны хавар Кендалл Лейкерс багийн тоглогч Жордан Кларксонтой болзох болсон юм. Хосуудын хамтдаа байгаа зургууд болон Coachella-гийн үеэр Жордан Кендаллыг давж үсэрч байгаа бичлэг зэрэг нь бага ч гэсэн нотолгоо болж өгсөн байх.

Кендалл одоо реппер A$AP Rocky-той үерхэж байгаа билээ. Кендалл A$AP Rocky хоёр бие биенээ таниад удаж байгаа бөгөөд урд нь бие биенийхээ оролцож байгаа үйл ажиллагаанууд дээр очиж нэг нэгнээ дэмждэг байсан ба тэдний нөхөрлөл үерхэл рүү шилжсэн бололтой. Саяхан репперийн хойд ээж ярилцлага өгөхдөө хүүгийнхээ сонголтыг буруушааж түүнийг Кендаллаас илүү сайн охинтой учирч чадна, Кардашианы гэр бүл болон тэдэнтэй холбоотой бүх зүйл нь муу муухай байдаг хэмээжээ.

ТҮҮНИЙ СТИЛЬ

Кендаллын өдөр тутмын хувцаслалтыг хүзүүний гоёлгүйгээр төсөөлөхөд бэрх, гоёл гоёлдоо чокер. Чокер зүүгээгүй тохиолдолд хүзүүндээ гоёмсог алчуур зүүнэ. Авсаархан жижиг цүнх бол түүний имижийн салшгүй нэг хэсэг юм.

Тэрээр нарийн мөртэй майк, гэдсээ гаргасан кроп-топ, дээрээ зурагтай том футболка, хүзүүтэй цамц зэргийг өдөр тутамдаа ээлжлэн өмсч харагддаг. Гадуур нь заавал жийнсэн, савхин, хилэн, ноолууран, даавуун, үслэг эдлэлээр хийсэн хүрэм өмсөнө.

 

Тэдгээр нь ихэнхдээ бэлхүүс давсан урттай байх ба зарим нь ч шагай шүргэсэн байх жишээтэй. Нарны шил бол түүний имижийн бас нэг салшгүй хэсэг. Гуталны хувьд тэрээр ихэнхдээ урт түрийтэй өсгийтэй гутал эсвэл хөлд амар пүүз, зузаан ултай кет зэргийг сонгодог.






















КЕНДАЛЛЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

-       Кендаллын дунд нэр болох Николь нэрийг түүний ээж сайн найз Николь Браун Симпсоны дурсгалд зориулан өгчээ.
-       Тэрээр Кардашианы гэр бүлийнхнээс хамгийн өндөр нь буюу тэр 179 см өндөртэй юм.
-       Кендалл бага ангид байхдаа найзууддаа гэрийнх нь гуравдугаар давхар тэр чигээрээ алт үнэт эрдэнэс болон амьд арслангуудаар дүүрэн хэмээн итгүүлж байж.
-       Тэрээр гэр бүлийнхээ “Keeping up with the Kardashians” реалити шоуг анх дэлгэцээр гарч эхэлснээс нь хойш одоог хүртэл оролцож байгаа билээ.
-       Кендалл гэрийнхнийгээ бодвол арай тайван бөгөөд даруухан.
-       Тэрээр багадаа эрэгтэйлэг байсан ба  дугуйтай мотоцикл, уралдааны жижиг машин унах дуртай байжээ.
-       Түүний бага байхад Кайли түүнээс олон найзтай байсан учраас Кендалл түүнд их атаархдаг байсан гэнэ.
-       Кендалл багадаа өрөөндөө ганцаараа видео тоглоом тоглож цагийг өнгөрөөдөг байжээ.
-       Түүний дуртай өнгө чернилэн ягаан.
-       Тэрээр өөрийгөө аавынхаа талынхны зан чанарыг илүү дуурайсан гэж үздэг.
-       Кендалл морь унах дуртай.
-       Тэрээр шоколадтай зайрмагт дургүй.
-       Түүний дуртай кино The Notebook.
-       Кендаллын дуртай реппер Tyga бөгөөд Tyga Кайлигийн урилгаар Кендаллын 16 насны төрсөн өдөр дээр дуулж байжээ. Үүнээс хэдхэн жилийн дараа Кайли Tyga хоёр үерхэнэ гэх хэн санах вэ дээ.
-       Түүний хамгийн дуртай Instagram хуудас бол Boss Homes.
-       Түүний гоо сайхны нууц бол ус сайн ууж, унтахынхаа өмнө заавал нүүрээ цэвэрлэх.
-       Кендаллын аав түүнийг 16-тай байхад нь механик араатай машин барихыг зааж өгч байжээ.
-       Тэрээр анх жолооны шалгалтандаа унан уйлж байсан ч хоёр дахь дээрээ тэнцэн жолооч болсон байна.
-       Кендалл үснийхээ боолтыг бугуйндаа зүүж явах зуршилтай.
-       Эгч нар нь түүнд хүчтэй байж бусдын үгэнд  автахгүй байхыг заасан.
-        Түүний шүтэн биширдэг загвар өмсөгч бол Кристи Тёрлингтон.
-       Кендалл халуун устай ваннд хэвтэж стрессээ тайлдаг.
-       Түүний дуртай ресторан бол Малибу дах Nobu.
-       Өглөөний цайндаа тэрээр өндөг, авокадо болон шарсан талх иддэг.
-       Олон цагийн нислэг хийх бол заавал өөрийнхөө дэр болон хучлагаа авч явдаг.
-       Загвар өмсдөг болсноороо тэвчээртэй байхыг сурсан.
-       Түүний хамгийн анхны ажил бол нохой салхилуулах.
-       Нислэг хойшлогдоход хамгийн дургүй.
-       Улаан өнгийн уруулын будаг бол түүний цүнхэнд зайлшгүй байх ёстой гоо сайхны бүтээгдэхүүн
-        Кендалл зураг авах хоббитой.
-       Тэрээр Кайлиг гэрийнхнээсээ хамгийн хөгжилтэй гэж боддог.
-       Эгч нарынхаа хэнийх нь хувцасны шүүгээг ухах дуртай вэ гэсэн асуултанд тэрээр Ким гэж хариулсан.
-       Bridesmaids киног хамгийн хөгжилтэй кино гэж боддог.
-       Тэрээр паста гоймонгүйгээр амьдарч чадахгүй.

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай wink
 

                          

              

                  

#Celebrity #Teenagers #Kendall