Залуучуудын солилцооны хөтөлбөрийн нээлт боллоо


Сондор | YOLO.MN
2016-08-22

2016 оны 8 сарын 19 ны өдөр НҮБ-ын Монгол дах суурин төлөөлөгчийн газар Залуучуудын Солилцооны хөтөлбөрийн нээлт боллоо.  Энэхүү солилцооны хөтөлбөрийг НҮБХАС болон Монгол Улсын Засгийн газраас 2013 - 2017 онд хэрэгжүүлж буй Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд Иргэний Боловсролын Төвөөс санаачлан хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн зорилго нь залуучуудын байгууллагын үйл ажиллагаа, тэдний гишүүд, залуу манлайлагчид, бусад залуучуудыг дэмжих, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх,  залуучуудад залуучуудын хөгжил, хүний эрх, оролцооны чиглэлээр харилцан туршлагаа солилцох, суралцах боломжийг бүрдүүлэн чадавхжуулахад болно.

Хөтөлбөрийн зарыг олон нийтэд нээлттэй зарласан бөгөөд нийт 84 залуучууд өргөдөл гаргаснаас 16 залууг сонгон шалгаруулж авсан байна.  Хөтөлбөрт хөдөө орон нутгаас орон нутгаас оролцож буй 10 залуу 8 сарын 19-өөс  8 сарын 26 –ны хооронд Улаанбаатар хотод 7 хоног ажиллана. Улаанбаатар хотод Залуучуудын хөгжлийн сарын хүрээнд  зохиогдох Залуучуудын Иргэний Нийгмийн хоёрдугаар чуулганд оролцоно. Түүнчлэн  арга хэмжээний зохион байгуулалтанд гар бие оролцон суралцана. Мөн тус чуулганд  оролцон орон нутгийн залуучуудын санал бодлыг илэрхийлэх, дараа нь арга хэмжээний талаарх мэдээлэл орон нутагт очоод бусад залуучууддаа түгээх боломжтой.

Мөн НҮБ-ын Хүн Амын Сан, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, Улаанбаатар хот болон аймгуудын Залуучуудын Хөгжлийн төв, Зориг сан, Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг, Залуучуудын үе  тэнгийн боловсролын Y-Peer үндэсний сүлжээ, Монголын Залуучуудын Эвсэл, Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төв, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд,  Хүний эрх, Залуучуудын эрүүл мэндийг Дэмжих төв, Өөрчлөлтийн Салхи, Демокрэйзи Төв зэрэг байгууллагууд дээр зочилж туршлагаа хуваалцах, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

Түүнчлэн хүний хөгжил, залуучуудын хөгжил, хүний эрх, оролцоо, иргэний нийгэм, ардчиллын боловсролын чиглэлээр мэргэшсэн экспертүүдийн туршлагаас хуваалцах сонирхолтой лекц ярианд хамрагдан суралцана.

Хөтөлбөрт  хамрагдах Улаанбаатар хотын залуучууд орон нутгийн Залуучуудын хөгжлийн төв дээр ажиллах бөгөөд Залуучуудын хөгжлийн төвийн зохион байгуулах үйл ажиллагаа, уулзалтанд оролцох, өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцах, сургалт зохион байгуулах, орон нутгийн залуучуудын байгууллагаар зочлох, хамтран ажиллах боломж судлах зэргээр ажиллана. 10 сард Олон улсын охидын өдөр, Дэлхийн Хүнсний өдөр, Ядуурлыг арилгах олон улсын өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүд тохионо. Хөдөө орон нутагт ажиллах залуучуудыг сонгогдсон орон нутгийн Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч чиглүүлэн хамтран ажиллах юм байна.  Дашрамд хэлэхэд Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд нийт 11 аймгийн төв, 2 сум, Улаанбаатар хотын 3 дүүрэгт Залуучуудын Хөгжлийн Төвийг байгуулан ажиллуулж байгаа билээ.

Хөтөлбөрийн төгсгөлд оролцогч бүр ажлын товч тайлан бэлдэж, сурч мэдсэн зүйлээ хэрхэн ажил хэрэг болгох төлөвлөгөө гаргаж танилцуулна.

Залуучуудын солилцооны хөтөлбөрийн төгсгөлд оролцогчдын  залуучуудын хөгжил, хүний эрх, оролцооны чиглэлээрх мэдлэг ойлголт нь нэмэгдэж, залуучуудын хамтын ажиллагааны талаарх туршлага хуримтлагдаж, хамтын ажиллагааны сүлжээ өргөжсөн байна. Нутагтаа буцаж очоод Залуучуудын хөгжлийн төв, Өсвөр үе, залуучуудад ээлтэй клиник, амьдрах ухааны боловсролыг дэмжих танхимтай хамтран залуучуудын хөгжил, хүний эрх, оролцооны чиглэлээр 2-оос доошгүй үйл ажиллагаа зохион байгуулах нарийвчилсан төлөвлөгөө гаргасан байна гэж зохион байгуулагчид найдаж байна.

Энэхүү хөтөлбөрийн талаарх нэмэлт мэдээллийг алахыг хүсвэл Иргэний Боловсррлын Төвтэй дараах хаягаар холбогдоно уу?

Холбоо барих : Иргэний Боловсролын Төв,  Улаанбаатар , Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Элчингийн Гудамж,  Шүрэн барилга, 1 давхар, Утас: 313619, 99017561, 88055659

Вэбсайт: www.cce.mnhttps://www.facebook.com/cce.mongolia/,

#world #teenagers #freetime #youthday