Г.Мянганбаяр: ДЭЛХИЙН хоёр рекордыг ШИНЭЧИЛСЭН


Монгол залуус оюун ухааны спортоор дэлхийн олон рекордыг шинэчлэн тогтоож байна. Ингээд энэ удаагийн ярилцлагын буландаа Нийслэлийн тэргүүний 21-р сургуулийн 12в ангийн сурагч, “Монголын оюун ухааны академи”-ийн гишүүн, ОУ-ын мастер Г. Мянганбаярыг урьж оролцууллаа. Тэрээр өнгөрсөн жил дэлхийн хоёр ч рекордыг шинэчлэн тогтоож, Нийслэлийн “Шилдэг оюунлаг хүүхэд”-ээр шалгарсан билээ. 


YOLOСайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Карентинаа хэрхэн өнгөрүүлж байна?

- Сайн байна уу? Ээж минь эмч мэргэжилтэй учраас маш завгүй ажилладаг. Тиймээс энэ карантиний үеэр дүүгийнхээ хичээлд туслах, шалгалтандаа бэлдэх зэргээр өөрийгөө завгүй байлгахын хажуугаар ээждээ тусалж, арыг нь найдвартай даахыг хичээж байна даа. 

YOLOЮуны өмнө энэ спортоор хичээллээд хэр удаж байна? Яагаад оюун ухааны cпортоор хичээллэх болсон бэ?

- Оюун ухааны спортоор хичээллээд 3 жил болж байна. Анх дөрөвдүгээр ангид байхдаа зурагтаар "Монголын оюун ухааны академи"-ийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар багшийг харж байсан юм. Тэр үеэс эхлэн энэхүү спортыг сонирхож, хичээллэхийг хүссэн. Тэгээд есдүгээр ангидаа Баянмонгол хороололд Монголын оюун ухааны академийн салбар байдаг гэдгийг мэдээд бүртгүүлж байсан. 

YOLO2019 он амжилт бүтээлээр дүүрэн, завгүй жил байсан байх. Улсын болон олон улсын шинж чанартай олон тэмцээнд оролцсон шүү дээ. Энэ тухайгаа яриач.

- 2019 онд Улирлын аварга шалгаруулах тэмцээн дээр чансаагаа ахиулсан. Дөрөвдүгээр сард болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль авснаас гадна өсвөрийн дэлхийн хоёр рекордыг шинэчлэн тогтоосон. Есдүгээр сард Азийн аваргад оролцож 3 алт, 2 хүрэл медаль хүртэж Азийн их мастер болсон. Арванхоёрдугаар сард болсон Дэлхийн аваргаас 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль авч дэлхийн нэг рекордыг шинэчлэн тогтоосон. Мөн 2019 оны Нийслэлийн “Шилдэг оюунлаг хүүхэд”-ээр шалгарсан. 


YOLOЯмар хоёр рекордыг эвдсэн бэ?

- Зураг болон түүхэн үйл явдал гэсэн хоёр төрөлд рекордыг шинэчлэн тогтоосон. Зураг төрөлд 5 минутад 403 зураг цээжилж алдаагүй санаснаар, түүхэн үйл явдлын хувьд 5 минутад 109-ыг алдаагүй цээжилсэн.

YOLOОй тогтоолтын спорт дотроо хэдэн төрөлтэй вэ? Яг ямар төрөлд оролцдог вэ?

- Оюун ухааны спортын хувьд Ази болон Дэлхийн тэмцээнүүдийн төрөл, стандарт нь өөр өөр байдаг. 30 минут, 1 цагийн хугацаатай гэх мэт. Тэмцээнд ороход сонсголын болон харааны 10 төрлөөр оролцдог. Тамирчин бүр оролцоно. Төрөл болгоны дараа оноо нь нэмэгдэж нийлбэр дүнгээр байр эзэлдэг. 

YOLOЧиний хувьд ямар аргаар цээжилдэг вэ?

- Оюун ухааны академи цээжлэх аргачлалыг зааж өгдөг. Гэхдээ миний хувьд тухайн аргыг нь өөрийн онцлогтоо тохируулан бага зэрэг өөрчилж цээжилдэг болсон. Миний зохиосон арга нь богино хугацааны төрлүүд дээр үр дүнтэй хэдий ч урт хугацааны төрөлд дутагдалтай санагддаг. Ер нь аливаа зүйлийг нэг удаа л цээжилбэл удахгүй мартагддаг. Харин долоо хоног, сар гэсэн дарааллаар байнга давтвал үүрд мартахааргүй цээжилдэг. 

YOLOТэгвэл анх оролцож байсан тэмцээнийхээ талаар яриач. 

- Аны 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод хүрэл медалиар шагнуулж байсан. Тухайн үед бэлтгэл хийгээд гурван сар л болж байсан байх. Тухайн үед медаль авна гэж төсөөлөөгүй байсан болохоор гуравдугаар байранд орсон гэдгээ сонсоод маш их баярласан. Цаашлаад Азийн аваргад өрсөлдөх эрхээ ч мөн авч байсан. 


YOLOЧиний бодлоор Монгол хүүхдүүд гаднын тамирчдаас юугаараа онцлогтой байдаг вэ?

- Гадаад тамирчид ихэвчлэн оюуны спортоороо л дагнан хичээллэдэг. Харин Монгол хүүхдүүд хичээлдээ явж, гэрийнхээ ажлыг хийхийн хажуугаар чөлөөт цагаараа уг спортоор хичээллэдэг. Миний бодлоор тэр богинохон хугацаанд л их үр дүнтэй хичээллэдэг байх. Мөн Монгол хүний оюуны потенциал их нөлөөлдөг юм шиг санагддаг. 

YOLO“Монголын оюун ухааны академи”- ийн талаар яриач.

- Энэ газар маш халуун дулаан уур амьсгалтай. Яг л гэртээ байгаа юм шиг дотно санагддаг. Тэндээс олон найз нөхөд, ах эгч, дүү нартай болсон. Бие биендээ тусалж, алдаа дутагдлаа засаж, өөрсдийн чаддаг зүйлсээ бусдадаа сургадаг. Ингэснээр хүн бүрийг ахиж дэвшиж чаддаг. Миний мэдэх хамгийн дулаахан газар гэж хэлж болно. Хүн болгонд нээлттэй.

YOLOТэмцээнд ялалт байгуулсны дараа ямар сэтгэгдэл төрдөг вэ?

- Зорилгоо биелүүлсний дараа маш их баярлаж, тухайн оролцсон тэмцээнээсээ дутагдалтай талаа хараад засахыг хичээдэг. Аль нь болохгүй байгааг нягталж, цаашдын оролцох томоохон тэмцээнүүдэд ямар аргаар бэлдвэл амжилт гаргах талаар боддог.

YOLOЧөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг вэ? Өөр ямар сонирхолтой вэ?

- Сагс тоглох дуртай. Хааяа сонирхлоо дагаад компьютер тоглоом тоглодог. Ер нь ихэвчлэн өөрийгөө амрааж, тайван байлгах зорилготой. 


YOLOБэлтгэлийн цагийн хуваарь нь ямархуу байдаг вэ? 

- Оюун ухааны академид явдаг байхдаа өдөрт доод тал нь 8 цагийн бэлтгэл хийдэг байсан. Заримдаа 72 цаг тасралтгүй бэлтгэл хийх тохиолдол ч бий. Ер нь бэлтгэлээс олон зүйл шалтгаалдаг. Одоогоор ЭЕШ дөхсөн болохоор бэлтгэл хийж амжихгүй байна. 

YOLOӨдөр бүр тогтмол хийдэг зүйлсээсээ хуваалцаач.

- Өдөр бүр харилцан адилгүй байдаг ч ямар нэгэн үр дүнтэй зүйл хийхийг хичээдэг дээ.

YOLOТэмцээнд орохын өмнө анхаарлаа хэрхэн төвлөрүүлдэг вэ? Сандардаг уу?

- Аль болох их юм бодолгүйгээр бэлтгэл дээр давтдаг байсан зүйлээ хийнэ гэж бодоод өөртэйгөө их ярилцдаг. Тэмцээн яг эхлэхийн өмнө анхаарлаа сайн төвлөрүүлээд өмнө нь хийдэг байснаараа л хийдэг. 

YOLOОйрын хугацаанд орохоор төлөвлөсөн тэмцээн бий юу?

- Оюуны олимпд оролцох зорилготой байсан. Гэвч дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас тэмцээнүүд хойшлогдож байна. 


YOLOЭнэ спортоор бүхий л насны хүн хичээллэх боломжтой юу?

- Бүхий л насныхан хичээллэх боломжтой. Зөвхөн тархи болон мэдрэмжээ ашигладаг болохоор насны хувьд ямар ч хязгааргүй.

YOLOШантрах, сэтгэлээр унах үеүд байсан байх. Хэрхэн давж гардаг вэ?

- Мэдээж шантрах үе олон байсан. Тэр үедээ багш нар, найз нөхөдтэйгөө ярилцаж эсвэл үлгэр дуурайл авдаг тамирчдаасаа маш их зөвлөгөө авдаг. Дахиад нэг оролдож үзье гэсэн итгэлээр л цаашаа явдаг даа. Миний хувьд Их мастер Б.Шижир-Эрдэнэ, Олон улсын их мастер, Дэлхийн аварга Э.Пүрэвжав нараас үлгэр дуурайл авдаг. Оюун ухааны спортоор хичээллэж эхлэхээсээ өмнө энэ хоёр шиг болохыг мөрөөддөг байсан. 

YOLOТаны хувьд ой тогтоолтын спортоор хичээллэхийн давуу тал нь юу вэ? 

- Аливаа зүйлийг түргэн хугацаанд цээжилж сурна гэдэг таны эзэмших хамгийн чухал чадваруудын нэг байх болно. Амьдралын аливаа алхам, үйлдэл болгонд үр өгөөжөө өгнө. Цаг хугацааг ч их хэмнэдэг. Бид чинь цаг хугацаатай уралдаж амьдардаг шүү дээ. 

YOLOОюун ухааны спортоор хичээллэдэггүй байх үеийн Мянганбаяр болон одоогийн Мянганбаяр хоёрын ялгаа юу вэ?

- Өмнө нь би амжилтад хүрч чадна гэдэгтээ итгэхгүй, өөрийгөө голдог тийм л хүүхэд байсан. Харин энэ спортоор хичээллэж, хичээл зүтгэл гаргаснаараа илүү ихийг хийж бүтээх итгэлтэй болсон. Тиймээс ямар ч зүйлд өөрийгөө гололгүй, хичээж чадах юм бол заавал амжилтад хүрдэг гэдгийг ойлгосон. 


YOLOЭнэ спортоор хичээллэхээр зэхэж буй хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч.

- Энэ спортоор хичээллэх явцад шантрах үе маш олон гарч ирнэ. Тэр болгонд бууж өгөх биш улам хичээх хэрэгтэй. Алдаа гаргах үед хүн өөрийн дутагдлаа илүү их ухаарч, засаж чаддаг учраас алдана гэдэг харин ч сайн зүйл. Хамгийн гол нь бэлтгэлээ их ч бай, бага ч бай өдөр бүр хийгээрэй. Хийх хийхдээ бэлтгэлдээ зориулан гаргасан цаг, минут бүрээ үр дүнтэй байлгахыг хичээгээрэй. 

YOLOИнгээд ярилцлагын төгсгөлд хэн нэгэнд талархал илэрхийлээч гэвэл? 

- Гэр бүл, найз нөхөд, багш нар, ивээн тэтгэгч Капитрон банкны хамт олондоо маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэл болон туслалцаагаар л одоогийн энэ амжилтад хүрсэн шүү. Цаашдаа улам их хичээх болно гэж хэлмээр байна. Маш их баярлалаа!

YOLOЯрилцсанд баярлалаа.


#Оюун ухааны академи #Шилдэг #Спорт