Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Миний нууцыг өөр хүнд хэлчих вий дээ гэж айдаг
Сайн байна уу? Би 12 настай, эмэгтэй. 6-р ангид сурдаг. Би энэ захидлыг бичих талаар зөндөө их бодсон. Энэ удаад зориг гаргаад бичлээ. Би энэ жил математикийн сонгоны ангид орсон юм. Анх энэ ангид ороход сайн найзууд минь хамт байсан болохоор айдастай байгаагүй. Гэтэл найзууд дундаа гадуурхагдах боллоо. Найздаа үүнийгээ хэлтэл найз маань “Би хамгийн сайн найзаа олсон, уучлаарай” гээд л өнгөрсөн. Би тэрнээс хойш дандаа энэ талаар бодох боллоо. Хичээл орвол найзгүй, хэцүү байх байх даа гэж дандаа боддог. Энэ талаар санаа зовж байгаагаа хэнд ч хэлээгүй. Яаж шийдэх вэ? Ээждээ энэ талаар хэлэхээс айдаг. Миний нууцыг өөр хүнд хэлчих вий дээ гэж айдаг. Бас ээжтэйгээ үерхлийн тухай ярилцвал яах бол?
Бас би уурлахаараа өөрөө өөртэйгөө ярьдаг болсон. Энэ хэвийн үзэгдэл үү? Хүмүүс намайг яриа, энгийн хүүхэд шиг л хүүхэд гэдэг ч би өөрийгөө ойлгож, илэрхийлж чаддаггүй. Би яаж өөрийгөө ойлгож, илэрхийлдэг болох вэ? Та бүхнийг надад тусалж чадна гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж, илэрхийлэх боломжтой.
Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа.
1. Аливаа харилцаа дуусах нь хэвийн зүйл. Бидний амьдралтай холбогдсон хүмүүс тодорхой хэмжээгээр ул мөрөө үлдээж байдаг. Хүнд хэцүү, аз жаргалтай, сайхан мөчүүдэд хамт байж байсан хүнтэйгээ харилцаа дуусахад бид юу мэдэрдэг вэ? Үнэтэй зүйлээ алдсан юм шиг л болдог. Тэдэнтэй өнгөрөөсөн дурсамжаа санаж, гашуудаж, гунигладаг. Гэвч нэг үнэт зүйл үгүй болоход өөр нэг үнэт зүйл гарч ирдэг. Энэ хүн бүрийн амьдралд тохиолдоно. Нэг харилцаа дуусах нь өөр нэг харилцааны эхлэлийн суурь болж байдаг. Өөрийн чинь амьдралд олон найз нөхөд гарч ирэх болов уу. Өөрийг чинь хүрээлэх хүмүүс дан ганц одоогийн найзаар чинь дуусахгүй ээ. Мөн энэ бол тэр хүний сонголт бололтой. Сонголтыг нь хүндлээрэй.
2. Хүүхдүүд яагаад эцэг эхтэйгээ ярилцахаас зугтдаг вэ? Хүүхдийнхээ хэлсэн зүйлийг үл ойшоох, хэлсэн зүйлсийг нь бусдад түгээж ярих, яриаг нь бүрэн сонсохгүй, тасалдуулах гэх мэтээс болдог. Эцэг эхтэйгээ чухал сэдвийн талаар ярилцахаар шийдсэн бол энэ талаар ярилцах хүсэлтэй байгаагаа тайван, нухацтай хэлээд урьдчилж цаг тохироорой. Тэр хэрээр ээж чинь чиний яриаг нухацтай хүлээж авна. Эцэг эхтэй ярилцахаас битгий зугтаарай. Тэд ч бас хүүхдүүдээ сонсохыг, юу мэдэрч байгааг мэдэхийг хүсэж байдаг.
3. Өөрийгөө ойлгож, илэрхийлэх. Уурлах гэдгийг юу гэж ойлгож байна? Уур уцаар нь хүнд төрж байгаа гол мэдрэмж биш бөгөөд үүний цаана өөр нэг шалтгаан байдаг. Хэн нэгэнд гологдсон мэдрэмж, хэн нэгэнтэй харьцуулагдсан мэдрэмж, үл тоох мэдрэмж, доошоо орсон мэдрэмж, гуниглах мэдрэмж эдгээр мэдрэмжүүдээ хянаж, хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байгаа тохиолдолд бид уурлаж эхэлдэг. Цаад шалтгаанаа сайн тодорхойлж чадахгүй тохиолдолд уур болж цаашаа даамжирч байдаг гэсэн үг. Уурлаад байгаа шалтгаанаа мэдсэн тохиолдолд өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж, илэрхийлэх боломжтой болдог. Өөрийн мэдрэмжийг ойлгохгүй эсвэл илэрхийлэхгүй нууснаар бид сэтгэл санааны тогтворгүй байдал орж эхэлдэг.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Нэг л мэдэхэд өөрийнхөө дуртай бичлэгийг үзчихсэн сууж байх юм.
Сайн байцгаана уу? Танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе! Өсвөр үеийнхний дуу хоолой болж, бидэнд тулгарч буй зүйлийг сонсож зөвлөгөө өгч буйд гүнээ талархаж байна.
Би одоо 11-р ангид сурдаг. Дараа жил бол миний хувьд нэлээн хариуцлага шаардсан жил байх болно. Дэлхий нийтэд хөл хорио тогтоогоод байгаа энэ цаг үед өөрийгөө дайчилж, боломжийг ашигламаар байгаа ч өөрөө мэрийж чадахгүй байна. Орой болгон "Би өнөөдөр юу хийв" гээд өөрөөсөө асуух болгондоо өөртөө гутарч, шантрах юм. Онлайн хичээл гээд утас, зурагтын хэрэглээ маань өндөрсөж байгаа. Гэхдээ... Нэг л мэдэхэд хичээлээ хийхээ больчихсон өөрийнхөө дуртай бичлэгийг үзчихсэн сууж байх юм.
Энэ бүхнийг зогсоох ямар ямар алхмууд болон өөрийнхөө сэтгэл санааг цэгцлэх аргыг надад зааж өгөөч гэж хүсэж байна. Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Анхаарал чинь хэзээ суларч байгаа гэдгийг ажиглаад үзээрэй.
Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Боловсролын тогтолцоо маань танхимд суурилсан хөтөлбөртэй. Бид багшийн чиглүүлэг, хараа хяналтанд хичээлээ хийгээд сурсан байдаг. Хичээлийнхээ талаар ойлгохгүй байгаа сэдвээ багш болон анги хамт олноосоо шууд асуух боломжтой. Харин телевиз болон онлайн хичээлүүд үзэж байх үед ойлгохгүй, мэдэхгүй зүйлс гарвал шууд асууж, тусламж авах боломжгүй байдаг. Нийгмийн цаг үеэс хамаарч гэртээ бие дааж хичээл хийх нь өөрөөсөө илүү их идэвх санаачлаг гаргах шаардлагатай болж байна.
Хичээл үзэж байх үед хэдэн минутаас эхэлж идэвх санаачлаг чинь буурч байна? Анхаарал чинь хэзээ суларч байгаа гэдгийг ажиглаад үзээрэй. Хэдэн минутаас эхэлж анхаарал буураад байгааг мэдсэн үед өөрийгөө удирдаж эхлэх боломжтой болно. Дараагаар өөртөө дүрэм тогтоож хичээлээ заавал хийнэ, дуусгаагүй тохиолдолд бичлэг үзэж, өөр зүйл хийхгүй, дууссан тохиолдолд өөр зүйл хийнэ гэх мэтээр өөрийн амьдралын хэмнэлд тохируулж дүрмээ өөрчилж, тэлж яваарай. Мөн хичээл хийхэд саад болж байгаа зүйлээ ажиглаад өөрөөсөө хол тавихыг хичээгээрэй. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Өөртөө үнэнч байсан нь дээр болов уу, эцэг эхийнхээ үгийг сонссон нь дээр болов уу?
Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. 11-р ангийн сурагч. Дараа жил сургуулиа төгсөх болохоор эцэг эх маань мэргэжлээ сонго гээд байдаг юм. Надад уг нь бодсон мэргэжил байдаг юм л даа. Тэрийгээ хэлэхээр эцэг эх маань намайг сонсохгүй өөрсдийнхөө хүсэж байгаа, болгохыг хүсээд байгаа мэргэжлээ шууд тулгаад байдаг.
Би гэрийнхэнтэйгээ тийм ч дотно, нээлттэй биш. Тэр нэрлээд байгаа мэргэжлүүдийг нь судалж үзэв. Надад тохирох мэргэжил биш юм шиг санагддаг. “Олон улсын харилцаа чиглэлээр яв. Их мөнгө олно. Эсвэл манайхан удмаараа эмч юм чинь эмч бол” гэх мэтээр хэлнэ. Өөрийнхөө бодож байгаа, болохыг хүсэж байгаа мэргэжлээ хэлэхээр тэрүүгээр чинь мөнгө олох юм уу, тэрүүгээр чинь тэгээд юу хийх юм гээд л. Миний бодож байгаа мэргэжил бол хэлтэй холбоотой мэргэжил юм. Хэрэв хүн сурч байгаа мэргэжилдээ дурлаж сурах юм бол төгсөөд дуртай юмаараа дуртай зүйлээ хийж, мөнгө ч олж, амжилттай ч явж, аз жаргалтай байна гэж боддог. Мэргэжлээ сонгох гэхээр сайн мэдэхгүй эргэлзээд байх юм. Өөртөө үнэнч байсан нь дээр болов уу, эцэг эхийнхээ үгийг сонссон нь дээр болов уу?
ЗӨВЛӨГӨӨ: Эцсийн шийдийг зөвхөн чи л гаргана.
Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Мэргэжил сонголт бол чухал шийдвэр. Иймээс ч шийдвэр гаргахад хүндрэлтэй байдаг. Мэргэжил сонгоход өөрийн сонирхол, бусдын зөвлөгөө, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт гэсэн хүчин зүйлүүдийг харгалзаж үзэх нь зөв. Өөрт чинь сонирхож байгаа мэргэжил байгаа бололтой. Чиний хэлдэг зөв. Хүн өөрийн дуртай зүйлдээ цаг зав, хичээл зүтгэл, сэтгэл зүрхээ харамгүй гаргадаг. Өөрийн сонирхож байгаа мэргэжлийнхээ хөдөлмөрийн зах зээлийг судалж үзсэн үү? Хэрэв судлаагүй бол судлаад үзээрэй. Судалсныхаа дараа эцэг эхдээ дахин ойлгуулж хэлэхийг зөвлөж байна. Бодитой мэдээлэл хараад тэд чиний шийдвэрийг хүлээн зөвшөөрч магадгүй юм. Мэргэжлүүдийн талаарх мэдээ мэдээлэл, тоо баримт, онцлогийн талаар насанд хүрсэн хүмүүс ч тэр бүр сайн ойлголттой байдаггүй.
Бусад хүмүүсийн зөвлөгөөг сонсохоос битгий зугт, тэдний юу гэж хэлэхийг сонсоод үз. Магадгүй чиний анзаараагүй зүйлсийг хэлж магадгүй. Гэхдээ сонгосон мэргэжлээрээ чи цааш амьдрах тул эцсийн шийдийг зөвхөн чи л гаргана. Сонголт хийх хэцүү байгаа бол сэтгэл судлалын төвд хандан мэргэжил сонголтын оношилгоо хийлгэж, зөвлөмж авч болно. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Амьдрал дээр яагаад ийм биш юм бол гэж боддог байх.
Сайн байна уу? Би 19 настай, эмэгтэй. Би зурган дээр их дажгүй гардаг. Instagram, Facebook маань ч дажгүй. Гэхдээ бодит амьдрал дээрээ маш олон гадаад үзэмжийн асуудалтай. Амьдрал дээр харьцдаг хүмүүс маань намайг сошиал дээр ийм биш юм мөртлөө яагаад ийм байдаг юм бол гэж боддог байх. Энэ асуудлаасаа болоод 3 жил амьдрал дээрээ ч сошиал дээр ч хүнтэй харьцаж чаддаггүй. Жоохон харьцаад эхлэхээр тэр намайг ийм харагддаг гэж байгаа даа, тэр намайг сошиал дээрээ хуурамч гэж бодож байгаа даа гэж бодогдож өдөр болгон айдастай амьдарч байна. Байдалтайгаа эвлэрээд явъя гэхээр огт эвлэрч чаддаггүй. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Чи бол зурган дээр гоё гарсан охин ч мөн, толинд өө сэвтэй харагдаж байгаа охин ч мөн
Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Бараг л бүх хүн бусдад сайхан харагдаж, эерэг сэтгэгдэл төрүүлэх дуртай байдаг. Тэглээ гээд онлайн ертөнцөд өөрөөсөө өөр хүний дүр эсгэвэл хохирол нь бодит өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байх, үүнээс болоод нийгмийн харилцаанд орж чадахгүй байх, бүр хэтэрвэл толинд харж чадахгүй байхад ч хүрч болно. Өөрөөсөө зугтахад хүрнэ гэсэн үг. Хүн аль болох бодит өөрийгөө хүлээн зөвшөөрч, хайрлах тусам өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай амьдарч чадна. Чиний хувьд зурган дээр их дажгүй гардаг бол энэ чиний давуу тал гэсэн үг шүү дээ. Давуу талдаа талархах хэрэгтэй болов уу. Харин чи албаар зургаа янзлаад хэт өөр хүн шиг болгож өөрчлөөд байвал энэ нь асуудал юм.
Хоёрт, бусдын бодлыг тааж, ургуулж бодохоо зогсоохыг хичээгээрэй. Чамайг хуурамч гэж хэн ч бодоогүй байхад чи хэтрүүлж бодоод байна уу?
Гуравт, чи зөвхөн гоё гарсан зурган дээрх өөрийгөө “би” гэж хүлээн зөвшөөрөөд өө сэвтэй хэсгээсээ зугтаад байна. Чи бол зурган дээр гоё гарсан охин ч мөн, толинд өө сэвтэй харагдаж байгаа охин ч мөн. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх