Хөрөг: Аавын мисс охин


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-05-12

Мисс гэх алдрын титэм сонсоход гайхамшигтай ч тэргүүн дээрээ хазайлгахгүй тогтоон явахад хэцүү билээ. Мисс, тэр дундаа "Олон улсын мисс" гэсэн цол гуншинтай байна гэдэг ямар бахархууштай вэ. 1989 онд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дарга асан С.Лунаагийн санаачлагаар ҮСАХ, "Залуучуудын үнэн" сонин хамтран "Монголын сайхан бүсгүй" анхны улсын уралдааныг зохион байгуулж байсан билээ. Тэр үеийн миссүүд гэж даруухан, элдэв чамин чимэггүй титэм зүүсэн тоотой хэдхэн хүн байдаг байж дээ.

Цаг үе өөрчлөгдөж одоо бол миссээс их зүйл үгүй болчихсон ч юм шиг. Гэхдээ тэр олон миссүүд дунд хээнцэр чамин, харахад л сүрдэм гайхалтай титмийг тэргүүндээ зүүсэн хэрнээ миссийн нэрийг өндөрт өргөж яваа асар даруу төлөв олон бүсгүйчүүд бий. Тэдний нэг бол Олон улсын мисс Б.Гүнзаяа билээ. Асар их мэдээллийн урсгалд амьдарч буй өнөө үед загварын салбарынхныг хэл ам үргэлжид тойрон хүрээлдэг ч Гүнзаяа миссийн тухай муу үгийг мэдээллийн сайтаас хайгаад олсонгүй.

“МӨРДӨГЧ ДЕРРИК” ТАНИХГҮЙ ХҮНИЙГ UNFRIEND ХИЙЖ БАЙНА

Урд нь Мисс гэх тодотгол оршин тогтнож байгааг эс тооцвол тэр ч мөн эзэмшсэн мэргэжилдээ сайн мэргэжилтэн. Тэрээр Их засаг Олон улсын их сургуулийг эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн нэгэн. Тиймдээ ч тэрээр та бидний мэдэх “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” гэх уриатай “UNFRIEND” төслийг амжилттай зохион байгуулсан билээ. Дунд ангийн сурагч байхаасаа л сургуулийнхаа өсвөрийн цагдаа хийж, болохгүй байгаа зүйлийг засаж залруулах үүрэг гүйцэтгэж байсан түүнийг ээж аавынх нь найзууд “Мөрдөгч Деррик” гэж хочилдог байсан гэнэ лээ. Одоо үе шиг интернет, гар утас хөгжөөгүй байсан тэр үед “Ээж нь хаана байна? Ээжийгээ олоод ир” гэхэд газрын хаанаас ч олоод ирдэг хүүхэд байж.

Магадгүй эдгээр зүйлс түүнийг эрх зүйч мэргэжил эзэмших эхлэл болсон ч байж мэдэх юм. Гэхдээ уг мэргэжил түүний багын мөрөөдөл байсангүй. Олон зүйлд сонирхолтой, олон зүйл хийж чаддаг, хөрвөх чадвартай хүүхдүүдийн нэг асуудал нь мэргэжлээ сонгох байдгийн адилаар тэр ч бас мэргэжлээ сонгохдоо ихээхэн тээнэгэлзжээ.

Хүмүүнлэгийн ухааны Их сургуульд Герман хэлний ангийг сонгон хоёр жил суралцсаныхаа дараа ХБНГУ-ыг зорин бакалавраа төгсөнө гэж шийдээд тус сургуулийн босгыг даван орж ирсэн охин үнэхээр хэлснийхээ дагуу хоёр жил сурсан ч “Энэ миний мэргэжил биш юм байна” гэсэн дүгнэлтэд хүрч сургуулиа сольсон гэдэг. Ийнхүү тэрээр Их засаг Олон улсын их сургуульд хуульч, эрх зүйч мэргэжлээр суралцаж эхэлжээ. Энэ нь ч түүний хувьд хэзээд зөв сонголт байдаг нь “Би энэ сонголтдоо огтхон ч харамсдаггүй. Сурахад хэзээ ч оройтдоггүй юм” гэж нүүр бардам хэлж буйгаас нь тодхон.

Хэдий өөрөө хараахан ээж болоогүй ч гэлээ ах эгч хоёрынхоо хүүхдүүдийг өөрийн хүүхэд мэт хайрладаг түүний хувьд дүү нар нь утас барьж эхлэх үед мэргэжлээрээ сурч байхдаа уншиж танилцаж байсан хэргүүд дунд цахим гэмт хэрэг их байсан нь санаанд орж сэтгэл нь эмзэглэх болжээ. Ийнхүү нэгэнт айл болгоны хаалгыг тогшоод анхааруулж хэлж чадахгүй учраас бүх хүүхдүүдийг аюулгүй байлгах үүднээс “UNFRIEND” төслийг санаачилсан юм.

Уг төсөл нь ч үр ашгаа өгч олон хүн Фэйсбүүкээсээ танихгүй хүмүүсээ “unfriend” хийх болсон билээ. “Арван гурван наснаас дээш насныхан Фэйсбүүк хэрэглэх ёстой гэдэг ч өнөөдөр өөрийгөө арван гурван настай гэж бүртгүүлсэн ч нас нь хүрээгүй хэдэн мянган бяцхан хэрэглэгч байна. Нэг хүн хоёроос гурван өөр фэйсбүүк хаягаар яг юу хийж байгааг бид мэдэхгүй” гэж ярих түүний төсөл олон эцэг эхчүүдийг “сэрээж”, хүүхдийнхээ цахим орчин дахь амьдралд анхаарахад тус болсон юм.

Хүний төлөө сэтгэлтэй энэ бүсгүйг бага байхад ээж нь “Дандаа намайг түшиж тулж явдаг миний “хүн таяг”” гэж өхөөрдөн дууддаг байсан нь ч түүнийг бага байхын л ачлалтай, тусч охин байсныг илтгэх мэт. Сурагч байхдаа математикаа ойлгохгүй байгаа хүүхдүүдэд хичээлийг нь зааж өгдөг байсан тэрээр хотоос шилжиж ирсэн нэгэн охинд гэрт нь очиж өдөр болгон хамт хичээлээ хийж, мэдэхгүй байгаа бодлогыг нь зааж өгдөг байж. Одоо тэр охин нь гялалзсан амжилттай яваа та бидний эчнээ танил болсон нэгэн гэсэн.

“Би зүгээр л хүнд туслахдаа баяртай байдаг. Тэр хүнийг ингэж амжилттай явахад нь миний тэр нэгэн өдөр зааж өгсөн ганц бодлогын томъёо тусалсан ч байж болно шүү дээ. Энгийн зүйлд их хүч оршдог” гэж инээмсэглэн ярих түүний нүдэнд баярын оч гялтганах нь үнэхээр л хэн нэгэнд хэрэгтэй хүн нь байхыг хүсдэг залуу хүний цайлган сэтгэлээр бялхаж буйг нь илтгэж байлаа.

НЭГ СЕКУНДЫН ХУГАЦАА, НЭГ МИЛЛИМЕТРИЙН УРТТАЙ АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ

Анх 2006 онд бяцхан охин байхдаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Хөтөл” хотынхоо загварын тэмцээнд оролцохоор болоход ангийнх нь хөвгүүд “Гүнзаяа чадна, чадахгүй” гэж бооцоо тавьж байсан гэдэг. Өглөө аав ээжийгээ ажилдаа явахад нь цуг гарч гадаа тоглосоор орой аав ээж нь ажлаасаа ирэхэд хамт гэртээ ордог сайртсан хацартай, өндөр шар охиныг тухайн үед чадахгүй гэж бооцоо тавьсан хөвгүүд одоо амаа барьж байгаа биз ээ.

Бага байхын л уралдаан тэмцээнд оролцож явдаг байсан ч хичээлээ орхигдуулж үзээгүй онц сурлагатан тэрээр эхээс гурвуулаа, нэг ах нэг эгчтэй айлын отгон охин. Нэг айлын гурван хүүхэд бүгд хичээлдээ сайн хүүхдүүд байсан нь бага байхад нь гэр бүлд нь тохиолдсон нэгэн асуудлаас үүдэлтэй. Аав ээж хоёр нь хэсэг хугацаанд тусдаа байсан нь тэдэнд хүнд цохилт өгч, сонгоны ангийн ах эгч хоёр нь үүрээр хоёр гуравхан цаг унтан бусад хугацаанд хичээлээ хийж, өөрсдийгөө завгүй байлгасан ч байс хийгээд л уйлдаг байжээ. Аав ээж нь эвлэрч хамтдаа амьдарч эхэлснээр тэдний сурлага эрс сайжирч эхэлсэн гэдэг. 

Гүнзаяа аавдаа амь, аавын мисс охин. Энэ нь Дэлхийд чансаагаараа нэгт бичигддэг “Miss Universe” тэмцээнд Монгол улсаа төлөөлж явахаар шалгарсан тэр өдрийнхөө орой нь өөрийн цахим хаягт титэм зүүж буй агшныхаа зургийг “Аав аа охин нь чадсан” гэх тайлбартайгаар оруулснаас нь бэлхэн харагдана. Ярилцан суухад ч үе үе аавынхаа тухай ярин сэдэвтэйгээ уялдуулна. Хөнгөн атлетикийн тамирчин байсан аав нь түүнийг наадмын талбай тойруулж гүйлгэн, 100 метрт, холын зайд гүйлгэж, харайлгаж бэлтгэл хийлгүүлдэг байсан нь магадгүй түүнийг тэсвэр хатуужилтай нэгэн болоход нөлөөлсөн биз. Гүн сэтгэлээсээ хорвоо дэлхийд тустай хүн байгаасай гэж аавынхаа бэлэгшээж өгсөн Гүнзаяа нэрийг гоо үзэсгэлэнгийн олимп болох миссийн тэмцээний тайзнаа аавынхаа нэртэй, улс эх орныхоо нэртэй хамт өндөрт өргөн яваа түүний тэсвэр хатуужлыг хэн бүхэн гайхдаг. Оюутан ахуй насанд нь “Аав нь өөд болчихлоо” гэсэн мэдээг сонсоод багшдаа тайван гэгч нь хэлээд чөлөө аван гарч ирсэн охин ангиасаа гаран гүйсээр нэг мэдэхэд Сүхбаатарын талбайн дунд өвдөг сөхөрч суугаад өвдгөө базлан уйлж байсан гэдэг.

Тэрээр бүх амьдралаа төлөвлөдөг төлөвлөгөө сайтай нэгэн ч гэлээ жижиг деталь асуудалд хандахдаа тааруу нэгэн. Гадуур олон ажил амжуулж нийгмийн идэвх санаачлагатай байхдаа дуртай ч гэртээ байж, хоол хийж, юм оёж шидэхдээ тийм ч дуртай биш. Оюутны ширээнээс нөхөрлөсөн Агиймаа гэх найз нь түүний тухай дурсахдаа “Гүнзаяа их өөрийнхөөрөө хүн. Тэр дутагдалд нь ч сүүлдээ дасчихсан даа” гэж хэлснээс нь, мөн мисс Гүнзаяатай ярилцан суухад хийнэ гэснээ заавал хийдэг зангаас нь ажиглахад ч үнэхээр өөрийнхөөрөө нэгэн гэдэг нь мэдэгдэж байлаа.

Эгч Сүнжидмаа нь дүүгийнхээ дутагдалтай талыг “Гүнээ их эрх бас их эмзэг” хэмээн өхөөрдөн хэлж байлаа. Гүнзаяагийн хамгийн их хүлээн зөвшөөрч, бүр мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламжтайгаар ангижрах гэж хичээсэн сул тал нь “үгүй” гэж хэлж чаддаггүй чанар нь гэнэ лээ. Энэ зангаасаа болж олон удаа алдаж байсан ч нэгэн удаа маш том алдсан нэгэн. 2017 онд үеэлүүд нь нэгэн орой уулзъя гэж дуудахад хэдий дургүй байсан ч үгүй гэж хэлж чадаагүйгээс болж гэрээсээ гаран машинтай явж байгаад осолд оржээ. Ослоос үүдэн түүний гурван хавирга хугараад зогсохгүй хавирга нь хугарахдаа өрцийг нь цоолж дахин ганцхан миллиметр цааш явсан бол дотуур цус алдаж нас барах аюулд орсон гэнэ.

Ийнхүү тэрээр ганцхан секундийн дотор осолд орж, ганцхан миллиметрийн зайны тусламжтайгаар амьд үлдэж асар богинохон хугацаа, асар бага хэмжээ хоёрын үнэ цэнийг ойлгожээ. Осолд орсноосоо хойш төд удалгүй хугархай хавиргатай хэрнээ олон улсын миссийн тэмцээнд оролцон арван дөрвөн сантиметр өсгийтэй гутлан дээр инээмсэглэн алхаж өрөөндөө орж ирээд уйлдаг хүнд цаг үеийг туулсан ч хэд хэдэн номинацийн тэргүүн байрыг эзлэн эх орондоо ирж байсан удаатай. Энэ тухай найз Агиймаа нь “Тэр үед нэлээн хэцүү байсан. Сургууль төгсөх үе дөхөж байсан учраас одоо яана даа л гэж бодож байлаа. Хэвтрийн дэглэмтэй байхад нь эргэж очиход Гүнээ “Тэмцээний урилга ирсэн. Яаж ийж байгаад явмаар байна” гэчихсэн сууж байлаа. Ийм биетэй юм чинь худлаа байхдаа гэж бодтол манай хүн шарх нь жоохон анив уу үгүй юу шууд л тэмцээнийхээ бэлтгэлд ороод тэмцээндээ явсан. Тэмцээндээ дэд байр эзлэн олон шагнал аваад ирсэн дээ. Дайчин шаргуу хүсэл эрмэлзэлтэй зангаар нь ямар их бахархсан гээч” хэмээн гайхшран өгүүллээ.

Арван зургаахан настайдаа “Face of Mongolia” тэмцээнд оролцохоор хот руу явснаар хотын охид ямар байдгийг харж, тэднээс суралцаж, ирээдүйн загварын багш топ модель Д.Болормаатай тэрхүү тэмцээнээр дамжуулан танилцаж байжээ. Эгч Сүнжидмаа нь “Тэр тэмцээний үеэр ээмэг зүүлт нь хувцастай нь тохирохгүй байна гээд Гүнээ нэлээн гунигтай байсан. Би хэдэн шүр худалдаж аваад өөрийн гараар хийж өгье гээд орж ирэхэд уйлсан бололтой нүд дүүрэн нулимстай авьяасын үзүүлбэрээ бэлдээд монгол бүжгээ давтаж байсан нь одоо ч нүдэнд харагддаг. Бид хоёр шөнөжин сууж ээмэг зүүлтээ хэлхээд бүх үзүүлбэрээ нэг бүрчлэн давтаж тэмцээндээ амжилттай сайхан оролцсон. Түүнээс хойш бид хоёр тэмцээн уралдаан бүрт маш өндөр ач холбогдол өгч бэлддэг болсон. Аливаад бүх сэтгэлээ зориулж ажилладаг болохоор бүх зүйл нь сайн сайхан болж өрнөдөг байх гэж боддог доо” гэж инээмсэглэн дурсав.

Үнэхээр л Гүнзаяа мисс тэмцээн уралдаанд асар их бэлтгэлтэй оролцдог нэгэн. “Miss Universe Mongolia” тэмцээнд тэргүүн байр эзэлсний дараахан нь бидний хийсэн нэгэн ярилцлагад тэрээр “Бэлтгэлийн явц дунд шалгаруулалтууд маань явагдаж байсан. Миний хувьд 7 хоногийн 6 өдөр, өдөрт 3 удаа биеийн хүчний бэлтгэл хийж, алхаа, тайзны үзүүлбэрүүдийг бэлдсэн. “Miss Universe Mongolia” тэмцээний тайзан дээрх алхаа гишгээ бүрийг 3 сарын хугацаанд хувийн бэлтгэлдээ бэлдэж байсан. Хэрхэн тайзан дээр инээмсэглэх, аятай алхаа, аягүй алхаа, биеийн үндсэн байрлал, бусдын өмнө ярих гээд бүх зүйлээ бэлдсэн. Миний өрөө яг л бэлтгэлийн өрөө шиг болчихсон” гэж ярьсан нь түүнийг үнэхээр нарийн зохион байгуулалттай, цаг төлөвлөлт сайтайг гэрчилнэ.

САВ ДҮҮРЭН БАЯЛАГ

Сүнжидмаа эгч нь “Гүнээ гадаадын олон улс орон руу явдаг. Гаргаж өгөх бүрд л нүүр дүүрэн инээгээд “За залбираарай” гээд хаа хол хэзээ ч очиж байгаагүй гадны орон руу үүргэвчээ хүсэл мөрөөдөлтэйгөө хамт үүрээд явж оддог” гэж дүүгээ их л хайрлан өхөөрдсөн шинжээр дурсан ярив. Үнэхээр л Гүнзаяа загварын салбарынхаа ач буянаар 14 улс, 50 гаруй хотоор аялсан бөгөөд олон улсын мөнгөн тэмдэгт цуглуулах сонирхол нь ч үүнтэй холбоотой. Олон улсын миссийн тэмцээнд оролцож буй миссүүдэд монгол мөнгөн тэмдэгтээ бэлэглэхэд тэд хариуд нь улсынхаа түүхийг ярьж өгөн мөнгөн тэмдэгтээ дурсгал болгон бэлэглэсээр 14 улсаар аялсан ч 40 гаруй улсын мөнгөн тэмдэгттэй болсон гэнэ лээ. Багадаа зурагтын удирдлагаа гар утас болгон бариад “Москвагийн онгоцны буудал дээр байна” хэмээн утсаар ярьж гадаадад аялж байна гэж тоглодог байсан бяцхан мөрөөдөл нь ийнхүү биелж байгаа нь сайшаалтай.

Гүнзаяаг ажаад л байхад мисс хүн ийм л байх ёстой доо гэмээр өв тэгш бүсгүй. Уулзах цагаасаа багахан хоцорсон тэрээр уучлалт эрэн сандарсаар орж ирэхдээ өнөөх л нүүр дүүрэн инээмсэглэлээрээ танан цагаан шүдээ гарган инээмсэглэнэ. Танимхайран тэвэрч барууны соёлоор кинон дээрх бүсгүйчүүд нэгнийхээ хоёр хацар дээр зөрөн үнсдэгийн адилаар үнсэн мэндлэхэд түүнээс алим, хуш, мэлрэг цэцгийн таатай үнэр нимбэгний сэтгэл сэргэм үнэртэй хослон үнэртэж өөрийн эрхгүй асар их тайвшралыг эрч хүчтэй хамт мэдэрлээ.

“Тухайн өдөр сэтгэл санаа ямар байгаагаас шалтгаалан үнэртэй усаа сонгож түрхдэг. Өнөөдөр чамтай, залуу үеийн төлөөлөлтэй уулзах учраас эрч хүч мэдрэгдэхүйц үнэртэй үс сонгож түрхлээ” хэмээн өгүүлэхээс нь ажихад тэрээр хувь, хувьсгалын бүхий л ажилд сэтгэлээсээ хандаж зохион байгуулалттай байдаг нь сэтгэл хөдөлгөнө. Түүнийг ийнхүү гоо сайхандаа анхаарч, өв тэгш бүсгүй хүн болоход аав нь их үүрэг гүйцэтгэсэн. Аав нь түүнд “Эмэгтэй хүн эмэгтэй хүн шиг л байх хэрэгтэй. Гоё хувцаслаж, өндөр өсгийт дээр сайхан алхаж чаддаг байх ёстой. Үргэлж гоё бай” гэж багаас нь зааж зөвлөдөг байжээ. Тийм ч учраас Гүнзаяагийн хувцасны шүүгээний дийлэнх хувийг даашинз, банзал, костюм пиджак эзэлнэ. Хэдхэн харагдах бэлтгэлийн хувцсаа сүүлийн үед л шинээр авах болсон нь энэ гэнэ.

Гүнзаяа гаднаасаа эмх цэгцтэй харагддаг шигээ ажлын өрөө нь ч өөрийн гэсэн эмх цэгцтэй. Тэрээр цагаан өнгөнд дуртай бөгөөд өрөө нь ч мөн цагаан юм. Ширээ дүүрэн бичгийн цаас байх агаад тэрээр шинэ санаа орж ирэх тоолонд уг цаасан дээр бичиж тэмдэглэдэг гэнэ. Ажлын өрөөнд нь ороход хамгийн түрүүнд нүдэнд тусах зүйл бол түүний мөрөөдлийн самбар. Хоёр тал руугаа эргэдэг уг самбар дээр ойрын зорилгоо зурган хэлбэрээр илэрхийлж доор нь зорилтуудаа тэмдэглэсэн байх бөгөөд титэмний зураг, инээж буй хүүхдүүдийн зураг харагдана. Бүгд биеллээ олжээ. Тэрээр гоо сайхны олимп “Miss Universe” тэмцээнд амжилттай оролцсон. “Unfriend” төслөө зохион байгуулсны зэрэгцээ “Хүүхэд эрдэнэ сан”-гийнхаа ажилд төвлөрч олон хүүхдүүдийн ирээдүйг гэрэлтэй болгож инээмсэглүүлэхийн төлөө ажиллаж байна. Түүнд өөр нэг самбар байдаг. Гэхдээ тэр нь нууц самбар бөгөөд түүн дээр хувийн амьдралаа төлөвлөдөг гэнэ. Сонирхвол уг самбарт нь сайхан хань, хөөрхөн 5 хүүхэдтэй болно гэсэн мөрөөдөл нь багтсан ажээ.

Гүнзаяа гэх энэ үзэсгэлэнтэй бүсгүйг топ модель Г.Уранцэцэг нэгэнтээ “Чи өөрийгөө ингэж голж болохгүй. Тэр байтугай хүч чиний дотор бий. Чи савандаа булингартай ус оруулбал тэр чигтээ булингартай байгаад л байна. Харин цэнгэг ус оруулбал цэнгэг ус мэлтэлзээд хэчнээн сайхан гээч. Чи л өөртөө итгэхгүй бол чамд хэн итгэх юм бэ” гэж зэмлэж байсан удаатай. Энэ нь ч түүний сэтгэлд хадаастай явдаг гэнэ. Үүнийгээ дурсан инээмсэглэн кофеноосоо балгангаа тэрээр “Чамд ч гэсэн маш их хүч бий. Чи өөрийнхөө савыг бий болгоод түүндээ сайн сайхан зүйлсийг л оруулаад байгаарай” хэмээн нүд рүү минь эгцлэн хараад хэлэх түүнээс асар их урам зориг, ухаан, тэсвэр тэвчээр мэдрэгдэх шиг.

#Хөрөг найруулал #Мисс