Шинэ содон дизайн, загварын хурц шийдлүүдийг шимтэн сонирхдог хүмүүсийн хувьд тавдугаар сарын эхний даваа гараг үргэлж л онцгой байсаар ирсэн. "COVID-19" вирусийн тархалттай холбоотойгоор 72 жилийн түүхэнд "The Met Gala" арга хэмжээ анх удаа хойшлогдсон юм. Гэсэн хэдий ч техник технологийн дэвшлийн ачаар уг арга хэмжээ виртуал хэлбэрээр зохион байгуулжээ.
1948 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй загварын ертөнцийн "Оскар" хэмээн нэрлэгддэг "The Met Gala" ёслолын арга хэмжээнд урлаг соёл, улс төр, спорт гээд бүхий л салбарын эрхмүүд сонин содон хувцаслалтаараа гоён оролцдог билээ. Хэрэв уг ёслолын энэ жилийн арга хэмжээ хойшлогдоогүй байсан бол Метрополитан урлагийн музейн 150 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор “About Time: Fashion and Duration” гэсэн ерөнхий сэдвийн доор зохион байгуулагдах байв.
Урьдны жилүүдийнх шигээ зохион байгуулагдах боломжгүй болсон хэдий ч "Met Gala" орчин үеийн техник технологийн хөгжлийг ашиглан анх удаа виртуал хэлбэрээр зохион байгуулагдсан нь олны анхаарлыг татаад байна. Уг виртуал ёслолыг нээн загварын бэлгэ тэмдэг болсон Anna Wintour үг хэлсэн бөгөөд жилийн энэ үеэр үргэлж завгүй байдаг байсан атал ингээд гэрээсээ мэндчилэх нь түүнд ямар харамсалтай байгааг онцолсон юм.
Ийнхүү арга хэмжээ виртуал хэлбэрт шилжсэнээр маш олон алдартнууд өөрсдийн өнгөрсөн жилүүдийн "Met Gala" арга хэмжээнд оролцож байх үеийн зургуудаасаа хуваалцсан. Мөн Vogue болон Billy Porter нар хамтран нэгэн сонирхолтой challenge эхлүүлсэн нь #MetGalaChallenge байлаа. Энэхүү challenge-ийн онцлог нь өөрсдийн "Met Gala" арга хэмжээн дээр харсан, өөртөө хамгийн их таалагдсан хувцсыг дуурайлган хийх байсан юм. Олон нийт ч үүнийг маш эерэгээр хүлээн авч уриалгахан оролцлоо. Ингээд та бүхэнд зарим сонирхолтой төрхүүдээс хуваалцъя.
1. EZRA MILLER
Энэхүү өвөрмөц төрхийг жүжигчин Ezra Miller 2019 онд "Met Gala"-д авчирч байсан юм. Тэрээр "Burberry" брэндийн хослолоос гоёж нүүрээрээ дүүрэн нүд зурснаас гадна өөрийн царайг дуурайлган хийсэн маскийг гартаа барьсан нь олны анхаарлыг ихэд татаж байсан билээ.
2. RIHANNA
Энэ бол дуучин Rihanna-гийн 2017 онд "Met Gala" ёслолын тайзыг чимсэн гоёл бөгөөд тухайн жилийн сэдэв нь “Rei Kawakubo/Comme des Garcons: Art of the In-Between” байсан юм. Дуучин бүсгүй маань уг ёслолд оролцохдоо "Comme des Garcons" брэндийн 2016 оны намрын загварт багтсан цэцэгсээр дүүрэн даашинзаар гоёсноор тухайн жилийнхээ онцлох төрхүүдийн нэгээр шалгарч байжээ.
3. CARDI B
Харин энэ бол реппер Cardi B-гийн 2019 оны "Met Gala" шоунд оролцохдоо өмссөн гоёлыг дуурайлган хийсэн хувилбар нь. Түүний өмссөн нүд халтирам гоёмсог улаан даашинзыг 35 хүний бүрэлдэхүүнтэй баг 30'000 гаруй өд ашиглан 2'000 цагийн хугацаанд урласан байдаг. Үүнээс гадна дизайнер Thom Browne уг даашинзад 250,000 ам.долларын үнэ бүхий 44 каратын бадмаараг чулууг шигтгэн өгсөн гэдэг. Ийм их хөлс хүч, авьяас шаардсан бүтээл тухайн жилийнхээ онцлох загваруудын нэгээр шалгарахгүй гээд ч яах билээ дээ?
4. KARDASHIAN-JENNER
Хэрэв та өнгөрсөн жилийн "Met Gala" арга хэмжээний зургуудаас цухасхан ч гэсэн үзсэн бол энэ төрхийг андахгүй биз. Алдарт Kim Kardashian, Kylie Jenner болон Kendall Jenner нар "Met Gala" арга хэмжээний улаан хивсний ёслолд үргэлж үзэсгэлэнтэй харагддаг ч өгөгдсөн сэдэвт нь тохируулан хувцасладаггүй гэдгээрээ алдартай. Харин өнгөрсөн жилийн “Camp: Notes On Fashion” нэртэй сэдэвт ийнхүү тохируулан хувцасласан нь үзэгчдийг багагүй гайхшруулаад амжсан.
5. CHER
Харин энэ бол "Met Gala" арга хэмжээний түүхэнд хамгийн олон гайхалтай өнгө төрхийг бүтээсээр ирсэн дуучин Cher-ийн гоёл. Тэрээр 1985 онд улаан хивсний ёслолд оролцохдоо дизайнер Bob Mackie-гийн урласан бүтээлийг өмссөн билээ. Зөвхөн даашинз нь төдийгүй нүүр будалт нь ч мөн одоог хүртэл "Met Gala"-гийн түүхэн дэх хамгийн гайхалтай төрхүүдэд тооцогддог.
6. SOLANGE KNOWLES
Дуучин Beyonce-гийн дүү Solange Knowles-ийн "China: Through the looking glass" сэдэвт 2015 оны "Met Gala" шоун дээр өмссөн гоёлын ийн дуурайлган бүтээжээ. "Giles" брэндийн 2015 оны цуглуулгад багтсан энэхүү бүтээлийг Solange үл ялиг өөрчлөн өмссөн юм.
7. BEYONCE
Энэхүү нийтлэлийн төгсгөлд дуучин Beyonce-гийн 2015 оны "Met Gala" арга хэмжээнд өмссөн гоёлыг онцолж байна. Тухайн жил Beyonce ёслолд хоцорч ирсэн хэдий ч "Givenchy" брэндийн үнэт эрдэнээр дүүрэн, биеийн дийлэнх хэсгийг ил харагдуулах даашинзаараа бүгдийн амыг таглаж орхисон билээ.
2020 оны "Met Gala" үйл ажиллагаа хэдий хүртэл хойшлогдох нь тодорхойгүй байгаа ч бидэнд энэ ондоо багтаан алдартнуудын загварын хурц тод шийдлийг ахин нэг удаа харах боломж олдоно хэмээн найдаж байна!
Ингээд та бүхэнтэйгээ энэхүү нэр хүндтэй үйл ажиллагааны сүүлийн хоёр жилийн онцлох төрхүүдээс хуваалцъя.
Эх сурвалж: Vogue
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх