Yolo.mn сайтын сэтгүүлч залуус маань хөл хорио тогтоосон энэ үед гэртээ өөрсдийгөө хэрхэн хөгжүүлж буй талаар хуваалцаж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт сэтгүүлч О. Дорж өөрийн туршлагаас хуваалцлаа. О.Дорж:
- "Миний хувьд хөл хорио тогтоосон эхний хэдэн долоо хоног ямар нэгэн зүйл хийхгүйгээр /онлайн хичээлээ хүртэл/ сайхан амарсан. Гэтэл 3 долоо хоногийн дараа л амралтын ядаргаанд орчихсон. Ингээд өөрийн үзэх дуртай влоггеруудынхаа өдөр тутамдаа хэрэгжүүлдэг дадлыг өөр дээрээ хэрэгжүүлэхээр зорьсон юм.
Зөв дадлыг хэвшүүлэхийн зэрэгцээ онлайн хичээлээ ч хийж эхэлсэн. Нэгэн зэрэг маш олон зүйлийг хийх шаардлагатай болсон нь надад "Хүн завгүй байх тусмаа олон ажлыг амжуулж чаддаг. Харин зүгээр суугаад аливаа ажлыг үе үе, халтар мултар хийсэн болгоод л орхиод байвал залхуурлын эхлэл болдог" гэдгийг ойлгуулсан юм.
Ингээд та бүхэндээ хөл хорионы үеэр өдөр тутамдаа хийж буй зүйлсээ маш таатайгаар хуваалцъя.
УНШИЖ ДУУСГАЛГҮЙ ОВООЛСОН НОМУУДТАЙГАА "ТАНИЛЦАВ"
Номын шүүгээ маань өнгөрсөн жилийн номын үзэсгэлэн худалдаа, номын хямдрал болон бэлгэнд авсан номуудаар дүүрсэн байв. Заримыг нь бүр нээж ч үзээгүй байлаа.
Ингээд цаг гарсан дээр нь эдгээр номуудаа эхнээс нь уншиж, тэмдэглэл /One Note/ хөтөлж байна. Мөн олон улсын харилцаа чиглэлээр суралцдаг тул мэргэжилтэйгээ холбоотой ном, сурах бичигтэйгээ илүү тулж ажиллахыг хичээж байгаа.
ЭНЭ ҮЕИЙГ АНГЛИ ХЭЛНИЙ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ БОЛОМЖ ГЭЖ ХАРСАН
Сүүлийн 2 жилийн хугацаанд англи хэлний ур чадвараа сайжруулахдаа тусгайлан цаг гаргаагүй. Тиймээс хөл хорионы үеэр хийх зүйлсийн төлөвлөгөөгөө гаргахдаа багагүй олон цагийг англи хэлээ давтахад зориулсан.
Өнөө үед ихэнх ажлын байр англи хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй байхыг шаардах болсон. Гэхдээ англи хэл чухал ч монгол хэлний чадвараа орхигдуулж болохгүй. Иймд монгол хэл дээр бичигдсэн номуудыг ч сайн ойлгож унших хэрэгтэй.
ХАНЫН ТУРНИК ХАДУУЛЖ НОРМАТИВ ТОГТООВ
Хөл хорио тогтоохоос өмнө буюу өвлийн амралтаараа ханын турник хадуулсан нь тун ч их хэрэг болсон доо. Эхлээд дасгал хийж биеэ халаасны дараа өдөрт тодорхой тоогоор суниах норм тавьсан. Энэ тоогоо долоо долоо хоногоор ихэсгэх байдлаар төлөвлөв.
LINKEDIN ХӨТӨЛЖ ОНЛАЙН СУРГАЛТАД ХАМРАГДАВ
LinkedIn хөтлөх нь ирээдүйн карьерт эерэгээр нөлөөлнө. Нэг талаараа ажлын байрны сүлжээ хэдий ч мэргэжил нэгтнүүдтэйгээ туршлагаа хуваалцах орон зай юм.
Анх LinkedIn-д хаяг нээгээд, нээсэн хаягаа хөгжүүлэх явцад цоо шинэ орон зайд ороод ирсэн юм шиг л мэдрэмж төрж билээ. Та бүхэн ч мөн анх удаа энэхүү платформыг ашиглаж үзэж байгаа бол "Bloomberg TV Mongolia" сувгийн нэвтрүүлэгч Ану эгчийн хаягийг дагахыг зөвлөж байна.
Мөн онлайн сургалт дундаас Coursera сайтын сургалт өнөө үед хамгийн тохирсон сургалтын аргыг ашиглаж байгааг ойлгосон. Та өөрийн ухаалаг утсан дээрээ Coursera-гийн аппликейшнийг татах эсвэл вэбээс сайт руу нь хандсанаар англи хэл дээр өөрийн хүссэн чиглэлийн сургалтуудад хамрагдах боломжтой. Хэрэв энэ арга барил танд таарахгүй бол үүнээс гадна өчнөөн олон ҮНЭГҮЙ онлайн курсууд байгаа учир сайтар судалгаа хийгээрэй.
ТӨСЛИЙН АЖЛАА ОНЛАЙНААР АМЖУУЛАХ
Коронавирусийн цар тахлын улмаас олон хүн нэг дор цугларах боломжгүй болсон тул төслөө цахим хэлбэрээр үргэлжлүүлэхээр шийдэв. Уулзалт болон хурлаа Microsoft Teams зэрэг аппликейшнээр явуулах болсон нь цаг зав хэмнэсэн ч санал бодлоо бүрэн илэрхийлэх, ойлголцох зэрэг тал дээр дутмаг байв"
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх