Коронавирусийн цар тахлын энэ үед өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд өглөө оройгүй л гараа угаацгааж байна уу? Тэгвэл та гараа угааж байхдаа саван ер нь хэрхэн үүссэн бэ? Саван бактерийг хэрхэн устгадаг вэ? Бактерийн эсрэг саван энгийн савангаас илүү үр дүнтэй байдаг болов уу? Гар ариутгагч хэрэглэх нь гараа савангаар угааснаас илүү үр дүнтэй байдаг болов уу? гэх асуултуудын талаар бодож үзсэн үү? Тэгвэл танд дээрх асуултуудын хариултыг өгөхөөр энэхүү нийтлэлийг бэлтгэн хүргэж байна.
САВАНГИЙН ҮҮСЭЛ
Саван нь ус, өөх тос, шүлт болон давсны нийлмэл бүтээгдэхүүн юм. Хамгийн анх МЭӨ 2,800 жилийн өмнө Вавилончууд саванг бүтээсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Одоогийнхоос ялгаатай нь тухайн үеийн савангийн найрлагад амьтны гаралтай тос болон модны үнс л багтдаг байв. Мөн эртний Египетчүүд савантай ижил төстэй жор боловсруулан, үүнийгээ шарх, арьсны өвчин болон бие угаахдаа хэрэглэдэг байжээ.
Ромчууд ч мөн саван хийдэг байсан ч тухайн үед зөвхөн эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг байсан тул ахуйн нөхцөлд хэрэглэх боломжгүй гэж үздэг байжээ. Ингээд хэдэн мянган жилийн туршид савангийн үндсэн найрлагад өөрчлөлт оролгүйгээр орчин үед иржээ.
САВАН БАКТЕРИТАЙ ХЭРХЭН ТЭМЦДЭГ ВЭ?
Хүний арьс байнгын нөхөн төлжиж, өөрөөсөө тослогийг ялгаруулж байдаг учраас тоос шороо, бактери зэрэг нь амархан наалддаг. Ийм учраас л бид байнгын нян, бактери тээж явдаг байна. Гарт наалдсан бактерийг дан ганц усаар угаалаа гээд хангалттай хэмжээнд устгаж чадахгүй. Харин саван бол чадна шүү.
Саванд агуулагдах молекулууд ус болон тостой маш идэвхтэй уусдаг. Өөрөөр хэлбэл гараа савандаж угаах үед савангийн молекулууд устай холилдож тосыг задалдаг. Энэ үед гараа усаар зайлахад гарт наалдсан бактериуд нь савантай хамт урсан үгүй болдог байна. Бид бүгдийн мэдэж буйгаар зөвхөн арьсан дээр гэлтгүй хумсны завсар ч олон тооны нян агуулагддаг. Тиймээс гараа хэдий чинээ сайн угаана, бактери төдий чинээ үгүй болно.
БАКТЕРИЙН ЭСРЭГ САВАН ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ ЮУ?
Асуултын хариулт бол ҮГҮЙ. Итгэмээргүй мэт боловч судалгаагаар бактерийн эсрэг саван нь бактерийг устгахад энгийн савангаас илүү үр дүнтэй байж чаддаггүй нь тогтоогдсон байдаг. Бактерийн эсрэг саванд энгийн савантай харьцуулахад триклосан эсвэл триклокарбан зэрэг найрлагууд нэмэлтээр орсон байдаг бөгөөд эдгээр нь бактерийн эсийн мембран хүртэл нэвтэрч, бактерийг устгадаг байна. Гэтэл бидэнд бактерийг устгах биш арьсанд наалдсан бактериудыг л урсган зайлуулах шаардлага бий шүү дээ.
Ингээд энэхүү нийтлэлийнхээ төгсгөлд та бүхэндээ АНУ-ын Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс гаргасан статистик мэдээллийг хүргэе.
Мөн та гар ариутгагч бодис савангаас илүү үр дүнтэй байдаг эсэх талаар эргэлзэж байгаа бол ЭНД дараарай.
Эх сурвалж: Soap History, Wikipedia
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх