Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Ээжийгөө өрөвдөөд, тэр эмэгтэйг үзэн яддаг болоод байгаа
Сайн байна уу? Танд энэ захиаг уншиж байгаа өдрийн мэндийг хүргэе. Намайг бага байхад сэтгэлд сэвтэй нэгэн зүйл тохиолдсон юм л даа. Ээж дүүтэйгээ амралтын газарт амраад гэртээ иртэл аав минь өөр эмэгтэйтэй тэврэлдээд байж байсан. Түүнээс болоод аав ээж хоёр маань салсан. Аав ээжийн оронд тэр эмэгтэйг сонгосон. Би тэр үед маш их уйлсан ч энэ бүгдийг хүлээн зөвшөөрнө гэж бодоод аав дээрээ очиж хонохдоо нөгөө эмэгтэйг нь үзэн ядахаа болиод сайхан харьцаж эхэлсэн.
Хааяа зэвүүн үг хэлж миний сэтгэлийг өвтгөдөг. Энэ байдалтай 5 жил болж байна. Би одоо 18 настай болоод ч тэр үү маш их юм боддог болсон. Магадгүй том болох тусам ээжийгээ өрөвдөөд, тэр эмэгтэйг илүү их үзэн яддаг болоод байгаа. Яагаад би ийм амьдрал үзэж туулах ёстой гэж? Яагаад заавал би гэж? гэх мэт зүйлс боддог болсон. Тэр эмэгтэй дээр очоод хэлэх гэсэн үгээ хэлчихээд надад тохиолдсон зовлон ямар байдгийг мэдрүүлэхийг хүсээд л. Би хүн үзэн ядахаа болимоор байгаа ч чадахгүй байна. Би яах ёстой вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Ээжтэйгээ цагийг чанартай өнгөрүүлэхэд төвлөрөх нь илүү үр дүнтэй
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Ээжийнхээ яриан дундаас аавынхаа болон тэр хүний талаар ямар бодолтойг нь сонсож байсан уу? Ээж нь одоо аав болон тэр эмэгтэйн талаар ямар бодол, мэдрэмжтэй явдгийг мэдэх нь чухал. Ээжид нь тэд огт асуудал биш бөгөөд тэднийг уучилчихсан, аль хэзээний мартчихсан байвал яах вэ? Мэдээж ээжийгээ өрөвдөж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ ээжийгээ өрөвдөж хайрлаж байгаа бол тэр хүнийг үзэн ядахаас илүү би яавал ээждээ хань болох вэ? Ээждээ яаж туслах вэ? Ээжийнхээ сэтгэлийг яаж хуваалцаж ярилцах вэ? Яаж ээжийгээ сонсох вэ? гэх зэргээр ээжтэйгээ цагийг чанартай өнгөрүүлэхэд төвлөрөх нь илүү үр дүнтэй болов уу.
Бас тэр хүнийг үзэн ядах нь чамд хэцүү байгаа учраас “яаж болих вэ” гэж биднээс тусламж хүсэж байна гэж ойлголоо. Аав ээжийнхээ харилцаанд чи ямар ч буруугүй бөгөөд хариуцлага хүлээхгүй гэдгийг ойлгож, өөртөө сануулж байгаарай. Хосын харилцаа бол тухайн хоёр хүнд л хамаатай хувийн харилцаа юм. Тэр харилцааг сайжруулах, засах, авч явах нь эхнэр, нөхөр хоёрын л ажил болохоос хүүхдүүдэд нь хамаагүй. Удахгүй чи өөрөө гэр бүл зохиож чиний өөрийн хувийн амьдрал эхлэх байх. Чи түүндээ л төвлөрөх хэрэгтэй.
Чамтай ижилхэн нөхцөл байдалд орсон олон хүүхдүүд, залуучууд бидэнд ханддаг. Аав ээжийнхээ харилцааг бодож, санааширч, үзэн ядах тусам тэр хүүхэд өөрөө л сэтгэл гутралд орж хохирох хандлагатай байдаг. Өөрийгөө тийм байдалд оруулахгүйн тулд одооноос анхаараарай. “Миний оролцох асуудал биш” гэж өөртөө хэлж байгаарай. Мөн сэтгэлээ тайвшруулах хамгийн зөв алхам нь уучлах байдаг шүү дээ. Зарим ээж, аав нар эсвэл хамаатнууд “чи л ээжийгээ эсвэл аавыгаа буцааж авчирна” эсвэл “чамаас болж явсан” гэх мэтээр хүүхдүүддээ сэтгэлийн дарамт үзүүлэх тал байдаг. Хэрвээ энэ чамд бас тохиолдож байгаа бол “үгүй, энэ хүн буруу ярьж байна” гэж бас өөртөө сануулж байгаарай. Энэ үеийг давж, илүү сэтгэлийн хүчтэй хүн болно гэж итгэж байна. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
АСУУДАЛ: Ганцаардахгүй байгаа ч сэтгэлд таагүй мэдрэмж төрөөд байна
Сайн байна уу? Би ахлах ангийн сурагч. Шилжилтийн үеэсээ болоод ч тэр үү ер нь их зүйлд санаа зовниж тал тал тийшээ үсчдэг болчихож. Найз нөхдийн хувьд холдчихоор надтай холбоо сүлбээгүй. Тэгээд Фэйсбүүк, Инстаграмаар харахаар бусад найзууд маань хоорондоо уулзаад их л жаргалтай байгаа харагдах юм. Би хүнтэй үерхдэг болохоор ганцаардахгүй байгаа ч ер нь сэтгэлд таагүй мэдрэмж төрүүлэх юм. Энэ асуудлаасаа болоод өөрийгөө голж өөртөө итгэлгүй болсон. Энэ асуудлыг хэнтэй ярилцах хэрэгтэй вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Өөрөө түрүүлж алхам хийгээд ярилцаад үзээрэй.
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Найз нөхдөөсөө яагаад хөндийрөөд байгаа вэ? Найзууд нь чамаас хөндийрөөд байгаа юм уу? Эсвэл чи найз залуутай болсон учраас хөндийрсөн юм уу? Бид заавал нэгийг нь сонгох албагүй бөгөөд аль алийг нь тэнцүү авч явах хэрэгтэй болов уу. Найзуудтайгаа харилцах гэж оролдлого хийсэн болов уу? Найзууд нь чамайг найз залуутай юм чинь ганцаардахгүй байгаа байх гэж бодоод байгаа юм болов уу? Захидлаас чамайг найзуудтайгаа уулзмаар, ярилцмаар байна гэж ойлголоо. Тиймээс өөрөө түрүүлж алхам хийгээд ярилцаад үзээрэй. Хэн хэнийгээ буруу ойлгоод явж байх магадлалтай шүү дээ. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Отгонцэцэг
АСУУДАЛ: Хичээл үү? Урлаг уу?
Сайн байна уу? Би 16 настай. Одоо л мэргэжлээ сонгоод түүгээрээ цааш хичээхгүй бол болохгүй юм шиг санагдаад байна. Гол асуудал гэвэл яг алийг нь сонгохоо мэдэхгүй байна. Уралдаан тэмцээнд олон жил амжилттай явсан болоод ч тэр үү урлагийн карьераа дуусгамааргүй, чадвараа бүр цааш нь ч хөгжүүлмээр юм шиг. Хааяа би чадах болов уу? Надаас ч илүү хичээллэсэн хүүхдүүдтэй эн зэрэгцэн явж чадах болов уу? гэж бодогддог.
Бас олон жил хичээл гээд явсан болохоор хичээлээ ч бас орхигдуулмааргүй байна. Надад зөвлөж байгаа хүмүүсийн ихэнх нь хичээлээрээ яв, цаашдаа ч хэрэгтэй, өндөр цалин...энэ тэр гээд. Миний хувьд хичээл урлаг хоёр суралцахуйн чадвараараа яг ижилхэн. Хоёулаа надад хэрэгтэй юм шиг санагддаг. Би ч өөрөө аль аль салбарт нь сонирхолтой... Яг яах вэ? Надад туслаач!
ЗӨВЛӨГӨӨ: Эхлээд зорилгоо тодорхойлоорой
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Хүсэл сонирхол, чадвараа сайн тодорхойлсон санагдлаа. Тэгвэл энэ мэргэжлээр би нийгэмдээ юу хийж өгч чадах вэ? гэдэг асуултад хариулаад үзээрэй. Бид мэргэжлээ өөрийнхөө төлөө сонгодог юм шиг боловч яг үнэндээ бусдын төлөө, нийгмийн сайн сайхны төлөө сонгодог. Нийгэм хэнийг хүсэж байна вэ? гэдгийг бодолцож судлах нь чухал.
Ойрын 10 жилд Монголд хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдийн жагсаалтыг интернетээс харж болно. Нөгөөтэйгүүр чиний ирээдүйн зорилго юу вэ буюу чи ур чадвар, цаг хугацаа, эрч хүчээ нийгмийн ямар асуудлыг шийдвэрлэхэд эсвэл нийгэмд юуг бүтээхэд зарцуулмаар байна вэ? гэдэгт хариулах хэрэгтэй. Хэрвээ дээрхэд хариулахад хэцүү байвал 20 жилийн дараа ямар хүн баймаар байгаагаа төсөөлөөд үзээрэй. Тэгвэл зорилгоо тодорхойлоход хялбар болно. Зорилго чинь тодорхой байгаа үед аль карьерыг сонгохоо шийдэхэд дөхөм болох юм. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Отгонцэцэг
АСУУДАЛ: Их сургуульд тэнцэхгүй юм шиг санагдах болсон
Сайн байна уу? Би 11-р ангийн сурагч. Ирэх жил төгсөх ангид орж, цаашлаад хүссэн сургуульдаа сурахын тулд хүүхэд бүр одооноос бэлдэж эхэлж байгаа. Би бусад хүүхэд шиг ирээдүйд ямар мэргэжилтэй болох талаараа шийдсэн байгаа. Гэвч би 9-р ангиасаа эхлээд зарим зүйлийг маш хурдан мартаж, хичээл дээрээ төвлөрч чадахаа больж, их сургуульд тэнцэхгүй юм шиг санагдах болсон. Би яаг яавал дээр бол? Эмч дээр очоод юу гэхээ сайн мэдэхгүй, зориг хүрэхгүй юм. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Анхаарал төвлөрөлт муудах нь олон зүйлээс шалтгаалж болно
Сайн байна уу? чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрт тохирохуйц мэргэжлээ тодорхойлсон, түүнийгээ эзэмшихийн тулд эртнээс хичээж, бэлдэж байгаа чинь сайшаалтай байна. Харин мартах, анхаарал төвлөрөлт муудах зэрэг нь стресс, ядаргаа, зарим тохиолдолд биеийн махбодын эрүүл мэнд гэх мэтчилэн маш олон зүйлсээс шалтгаалж болох учир шууд хариулахад хэцүү байна. Ямар ч шалтгаантай байсан дараах зүйлсийг хийвэл анхаарал төвлөрч, ой тогтоолт сайжрахад туслах болно.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач З. Намуундарь
АСУУДАЛ: Хэд хоногийн дараа буцаад л нөгөө байдалруугаа шилждэг
Сайн байна уу? Би 14 настай, 8-р ангид суралцдаг. Жоохон урт ч гэсэн заавал уншиж өгөөрэй. Аав ээж маань миний үеийн хүүхдүүдийн эцэг эхийг бодвол арай илүү нас дээр гарсан хүмүүс л дээ. Тэгээд гэртээ гурвуулаа л амьдардаг. Гэхдээ нэлээн дээхнээс гэр доторх уур амьсгал эрчтэйгээр муудаж эхэлсэн. Тодорхой яривал орой бүгд орондоо орж хэвтсэний дараа аав миний өрөөгөөр шагайгаад, намайг унтаж байгаа үгүйг шалгачихаад цаашаа өрөөрүүгээ ордог. Аав маань унтаж байгаа гэж ойлгодог ч яг үнэндээ би сэрүүн л байж байдаг л даа. Тэгээд өрөөндөө орсных нь дараа ээж аав хоёрынхоо ярьж байгаа зүйлийг чагнана. Бүх өдөр давтамжтайгаар хэдхэн сэдэв л ярьдаг.
А: Ойрд би нэг л болохгүй байна.
Э: Юу яриад байгаа юм өдий насанд баймааргүй сайхан амьдарч байж юу нь болохгүй байна гэж ингээд байгаа юм?!
А: Юм хийх гэхээр л болохгүй байна, өдөржингөө хийсэн юмгүй суучихлаа. Надад ерөөсөө хийж чадах юм алга.
Өдөр тутамд нэг иймэрхүү. Заримдаа бүр гүн гүнзгий сэдэв яриад, үхсэнийхээ дараа энэ байраа хэнд өгөх вэ гээд сонсмооргүй зүйл ярих үе ч байна. Аав маань цаанаасаа л бүх зүйлийг муу муухай талаас нь бодоод байдаг болчихсон. Харин ээж бүр тэрэн дээр нь дөрөөлөөд манай тал танай тал гээд л хааяадаа аймар хэрүүл болно. Бас болоогүй яг энэ үедээ архи ууна. Үнэхээр бодоод үзвэл аав ээж маань иймэрхүү зүйл ярих нас нь болоогүй, миний ч иймэрхүү зүйл сонсоод байж байх нас болоогүй л баймаар.
Том эгч маань аав ээж хоёрын энэ байдлыг анзаараад эмнэлгээр шинжилгээ өгч нэлээн явж үзсэн. Энэ юутай ч эрүүл мэндтэй холбоотой асуудал биш болоод ирсэн л дээ. Үнэхээр яавал дээр вэ? Энэ хэвээр байвал би ч стрессдээд, өөрсдөд нь ч хэцүү баймаар юм. Ядаж л энэ гутрангуй байдлыг миний зүгээс жоохон сэргээж болох ямар нэгэн санаачлага байна уу? Ээж аавдаа яаж анхаарвал жоохон ч болов ахиц гарах бол? Өөрсдөө уг нь яг нэг гэгээрээд л одоо ёстой архи уухгүй амлая гээд над дээр ирэх үе байна. Тэгснээ л хэд хоногийн дараа буцаад л нөгөө байдалруугаа шилжинэ. Надад гэр бүл гэдэг их үнэ цэнэтэй зүйл. Одоо яг ингээд л байгаад байвал яагаад ч болохгүй. Цаг хугацаа ч алдана. Та миний хийж чадахаар зүйлсэд чиглэл өгөөч?
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийнхөө хийж чадах зүйлсийг хийхэд л хангалттай
Сайн уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Чиний зүгээс хийж чадах гол зүйл нь аав ээждээ бодож буй зүйлсээ нээлттэйгээр хэлэх юм. Тэдний яриа чамд сонсогдоод байгааг, сонсоход хэцүү мэдрэмж төрж байгааг, аав нь гутрангуй болоод байгааг, бас тэдэнд санаа тавьж тусалмаар байгаагаа гээд л бүгдийг нь хэлж болно. Аавыгаа сэтгэл зүйчтэй ярилцаад үзэхийг ятгаж, зөвлөгөөний цаг авахад нь тусалж болно. Учир нь тэр аливаа зүйлийг сөргөөр хүлээж авч, ирээдүйд итгэлгүй болоод байгаа бол сэтгэл зүйч түүнд хамгийн сайн тусалж чадна.
Дараа нь чиний хийж чадах зүйл бол аль болох өөрийгөө тайван, эерэг байлгахад анхаарах юм. Мэдээж аав, ээж нь чамайг стрессдүүлэхийг хүсэхгүй байгаа учраас чамайг унтсаны дараа ярилцахыг хичээдэг бололтой. Чи яаж стрессээ тайлж, яаж өөрийгөө тайвшруулж, яаж өөрийгөө хөгжүүлж болох вэ? гэдэгт төвлөрөөрэй. Бид аав ээжийгээ архи уухыг болиулж чадахгүй. Ер нь тэдэнд ямар нэг байдлаар шууд нөлөөлж, тэднийг өөрчлөхөд хэцүү. Харин бид өөрсдийгөө удирдаж, өөрсдөдөө нөлөөлж бүрэн чадна. Бид цовоо сэргэлэн, идэвхтэй байвал аав ээж ч түүнийг харж сэтгэл нь сэргэнэ шүү дээ. Өөрийнхөө хийж чадах зүйлсийг л хийхэд хангалттай. Хүн өөрөө өөрийгөө л өөрчилдөг учраас “би тэдэнд тусалж чадахгүй байна, би тэднийг өөрчлөхгүй байна” гэж өөрийгөө буруутгах ямар ч хэрэггүй. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх