Бүтээлч шинэ санаа болон аливаа нээлтийг зөвхөн томчууд л хийдэг гэж бодож байна уу. Үгүй юм. Дэлхийн хаа нэгтээ өсвөр насны хүүхдүүд өөрсдийн бүтээлч санааг ашиглан олон зүйлийг шинээр сэдэж, хийж, хэрэглээнд нэвтрүүлж байдаг. Мөн өөрийн чаддаг мэддэг зүйлсээ бусадтай хуваалцдаг.
Тэгвэл тэдний төлөөлөл болсон хүүхдүүдийн илтгэлээс хүргэж байна. Бичлэгүүд монгол хадмал орчуулгатай учир ойлгоход чинь илүү хялбар байх болно. Сонирхуулахад Дэлхийн Мэтгэлцээний тэмцээнд гуравдугаар байрт орсон Ч.Эгшиглэнгийн талаарх мэдээллийг YOLO.mn өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл түүний “Мэтгэлцээн гэж юу вэ” илтгэлийг доорх бичлэгээс хүлээн авах боломжтой.
Дараах бичлэгүүдийг “Mongol TED Translators” орчуулсан болно.
Гоц авьяастай охин Адора Свитакийн хэлж байгаагаар дэлхийд зоримог санаанууд, аз туршсан бүтээлч байдал, ялангуяа өөдрөг үзэл зэрэг “хүүхэд шиг” сэтгэлгээ хэрэгтэй ажээ. Томчууд хүүхдүүдэд заахаасаа гадна тэднээс суралцах хүсэл эрмэлзэлтэй болж, хүүхдүүдийн агуу мөрөөдлийг өндрөөр үнэлдэг байх хэрэгтэй хэмээн тэрээр уриалсан юм.
Ихэнх 12 настай хүүхэд видео тоглоом тоглох дуртай байдаг. Харин Томас Саурез нь тэдгээрийг хэрхэн бүтээхийг өөртөө заасан юм. Нүхнээс гарсан амьтныг цохиураар цохидог тоглоом шиг “Бастин Жибер” гэх апп-уудыг хөгжүүлсний дараа одоогоор сурсан мэдлэгээ ашиглан бусад хүүхдүүдэд хөгжүүлэгч болоход нь Томас тусалж байна.
С.Буянхишиг нь Чингэлтэй дүүргийн “Салхит” гэх газар “Сэлбэ” голын ойролцоо амьдардаг, 117-р сургуулийн 7Б ангид суралцдаг юм. Ангийнхан нь түүнийг “Эко” сурагч гэж дууддаг. Тэрээр “Сэлбэ” голын эрэг дагуух хог, усан дотор урсаж буй хог, архины шилний хагархайг сайн дураараа түүдэг. Ц.Ухаанзаяа 12 настай. Анх ээж нь түүнийг урлаг ойлгодог, урлагт хайртай хүн болоосой хэмээн 4 настайгаас нь уран нугаралтаар хичээллэхийг нь дэмжиж үүнээс хойш хөгжим дарах, дуулах, бүжиглэх авьяасаа нээн хичээллэж иржээ. Өөрөө өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй халуун сэтгэлийн тусламжаа бусдад хүргэн хүмүүнлэгийн үйл ажиллагаануудыг зохион байгуулан оролцжээ.
Малала охин аав Юсуфзай: Яагаад миний охин ийм хүчтэй юм бэ? Учир нь би түүний далавчийг огтлоогүй юм.
Пакистаны сурган хүмүүжүүлэгч Зияуддин Юсуфзай (Ziauddin Yousafzai) олон хүний сонсохыг хүсдэггүй жирийн үнэнийг дэлхий нийтэд сануулжээ. Эмэгтэйчүүд болон эрчүүд боловсрол, бие даасан байдал болон хувь хүний чанарын хувьд ижил боломжтой байх ёстой. Тэрээр өөрийн амьдралын түүх болон 2012 онд сургуульд явах гэж зориглосныхоо төлөө Талибанчуудад буудуулсан Малала охиныхоо амьдралын түүхийг ярьж байна.
Малавийн залуу зохион бүтээгч Уильям Камкуамба 14 настай байхдаа номын сангаас авсан номноосоо зураглалын санаа авч хаягдал хэрэгслүүдээр гэрийнхэндээ цахилгаан үүсгэгч салхин хөдөлгүүр хийж өгчээ.
Б.Бат-Оргил 17 настай. ШУТИС-д сурдаг. Сүүлийн 10 жилийн турш хими болон математикийн олимпиадуудад жил алгасалгүй оролцож ирсэн. Улаанбаатар хотын хэмжээнд 1 алт, улсын 1 алт, 1 хүрэл медальтай бөгөөд 2013 онд Якут, 2013 онд Орос, мөн 2014 онд Вьетнам зэрэг улсуудад зохион байгуулагдсан олон улсын олимпиадад оролцон Хүрэл медаль авж байсан.
Ч.Эгшиглэн 15 настай. Хобби дунд сургуульд сурдаг байсан. Өдгөө Австралийн Канберра Коллежийн сурагч. 2013 оноос эхлэн мэтгэлцээний урлагаар хичээллэж эхэлсэн. Улаанбаатар хотын мэтгэлцээний тэмцээнүүдэд оролцон “Шилдэг илтгэгч” шагнал авж байсан бөгөөд олон улсын хэмжээний хоёр тэмцээнд Монгол улсаа төлөөлөн багаараа оролцож байсан. Мөн Дэлхийн мэтгэлцээний тэмцээнд багаараа гуравдугаар байр эзэлсэн. Ирээдүйд хүмүүнлэгийн салбарт ажиллахыг хүсдэг.
Маяа Пэнн анхны компаниа 8 настайдаа байгуулсан бөгөөд үйлчлүүлэгчид болон байгаль дэлхийнхээ өмнө хариуцлагатай ажиллахад ихээхэн анхаардаг. Тэр өөрийн түүх, бүтээсэн хүүхэлдэй, гаргасан загвар болон үзэгчдэд хүрэх эерэг нөлөөллөө энэхүү илтгэлээр хуваалцах болно.
13 настай Ричард Турэрийн амьдардаг тосгон мал амьтдаа нандигнан хайрладаг юм. Гэвч өдрөөс өдөрт арслангууд дайрах нь нэмэгдэж байна. Энэхүү богинохон атлаа урам зоригоор дүүрэн ярианд залуу зохион бүтээгч ямар ч хор хөнөөлгүйгээр арсланг үргээдэг, нарны эрчим хүчээр ажилладаг бүтээлээ та бүхэнд танилцуулж байна.
Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Женнифер Лин гайхамшигтай тоглолт үзүүлэхийн зэрэгцээ бүтээл туурвих үйл явцаасаа сонирхуулж, сонгогдсон дурын нот ашиглан уран сэтгэмжээрээ зохиосон сэтгэл хөдлөм гоцлолоо толилуулж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх