Шөнө бат бөх унтаж амрахад тань туслах ЗӨВЛӨГӨӨ


Бид бүгд л коронавирусийн тархалттай холбоотойгоор ажил хичээл, санхүү, эрүүл мэнд, гэр бүл гээд л тоо томшгүй зүйлсэд санаа зовж байгаа байх. Улмаар хэт их бодолд автаж, сэтгэлээ тавгүйрхүүлснээс болоод шөнө ч хангалттай унтаж чадахгүй байгаа биз дээ? Тэгвэл YOLO.mn сайтын хамт олон та бүхэндээ сайн унтаж амрахад тань туслах 4 алхмыг хүргэж байна. 

ТОГТСОН ЦАГТ УНТАХ

Хэрэв та өдөр бүр өөр өөр цагт унтдаг бол тогтсон цагийн хуваарь гаргах хэрэгтэй. Тухайлбал та ажлын өдрүүдэд оройн 10 цагаас өглөөний 7 цаг хүртэл унтаж амардаг ч амралтын өдрүүдэд шөнийн 3 цагаас үд хүртэл унтдаг бол энэ нь маш буруу хэвшил юм. 

Эмч нарын зөвлөж буйгаар ажлын өдөр болон амралтын өдөр гэж ялгалгүйгээр өдөр бүр тогтсон цагт унтаж тогтсон цагт сэрснээр бие махбод тань энэхүү хуваарьт дасах болно. Аливаа зүйлийг 21 хоногийн турш хийхэд дадал болдог гэдэг шиг энэ хугацаанд өдөр бүр тогтсон цагтаа унтаж, тогтсон цагтаа сэрээд сурчихвал дараа нь хүссэн хүсээгүй орондоо орох цаг болоход нойр чинь хүрээд эхэлнэ гэсэн үг. 

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯНАХ

Ихэнх хүмүүс алкохол агуулсан бүтээгдэхүүн хэрэглэснээр бат бөх нойрсож, сайхан амарч чаддаг гэж ойлгодог. Гэвч таны бие махбод алкохол гэх бодисыг задалж шингээхийн тулд шөнөжин ажилладаг учир та өглөө ядарч сульдсан байдалтайгаар сэрдэг. Ингээд л өдрийн 12, 13 цаг хүртэл унтаж байж л сая нэг амарсан юм шиг мэдрэмж төрдөг байна. 

Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар унтахаасаа дор хаяж 3 цагийн өмнө уух зүйлсээ уух хэрэгтэй гэнэ. 

ШҮРШҮҮРТ ОРОХ

Хүн хэчнээн стресстэй байсан ч сайтар амрахад туслах шалгарсан аргуудын нэг бол орондоо орохоос 1-2 цагийн өмнө усанд орох. Халуун ваннд хэвтэх эсвэл шүршүүрт орсны дараа хүний биеийн температур буурдаг тул сайн амарч чаддаг.

Халуун дулаанаас илүүтэйгээр хүйтэн температуртай орчинд хүний нойр их хүрдэг учир унтлагын өрөөнийхөө хэмийг бусад өрөөнийхтэйгөө харьцуулахад үл ялиг бага байлгавал тохиромжтой. 

ХОРТ ТУЯАНААС СЭРГИЙЛ

Америкчуудын дунд хийсэн нэгэн судалгаагаар нойргүйдлийн зонхилох шалтгаан нь дэлгэцийн цэнхэр гэрэл байдаг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл ухаалаг утас, таблет, зурагт зэрэг цэнхэр гэрэл ялгаруулагч электрон төхөөрөмжийн хэт их хэрэглээний улмаас нойргүйдэл үүсдэг аж.

2013 онд хийсэн бас нэгэн судалгаагаар дэлгэцийн цэнхэр гэрлийн нөлөөгөөр хүний нойрны хэв маягийг зохицуулдаг мелатонин гэх гормон ялгарахаа больж, улмаар тархинд өдөр болж буй мэт дохио өгдөг байна. Мөн энэхүү судалгаагаар унтахынхаа өмнө утсаа оролддог хүмүүс шөнө дунджаар 7 цаг ч хүрэхгүй хугацаанд унтдаг гэдэг нь тогтоогджээ. 

Энэхүү нийтлэлийн төгсгөлд хүрээлэн буй орчин болон амьдралын хэв маяг нь бидний хэрхэн унтаж амрахтай шууд холбоотой байдаг гэдгийг ойлгосон гэж найдаж байна. Цар тахлын үед дархлаагаа хүчирхэг байлгах нь хэн хүний хувьд чухал асуудал болсон. Тиймээс унтахаасаа дор хаяж 30 минутын өмнө хорт туяа ялгаруулдаг эд зүйлсээ унтрааж дээр зөвлөсөн алхмуудыг хэрэгжүүлж хэвшээрэй. Өөрчлөлт хийхэд тийм ч их хүчин чармайлт шаардагдахгүй шүү дээ. 

Эх сурвалж: Grow

#Нойр #Амралт