Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Өөрийнхөө муу талуудыг л харах боллоо.
Сайн байна уу? Би 12 настай, эмэгтэй. Ойрын үед өөрийнхөө дандаа муу талыг л харах болсон. Нүд, ам, хамар, биеийн өндөр гэх мэт маш олон зүйлс дээр гутарч эхэлсэн. Өөрөө өөртөө нэг л таалагдахгүй болоод байна. Өөртөө уур хүрч бачимдаж эхэлж байна. Би яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Хөөрхөн байхаас илүү эрүүл байх нь илүү дур булаам
Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. “гэнэт л”, “яагаад ч юм”, “зүгээр” гэх үгсийн цаана аливаа шалтгаан байдаг. Гутрах, гуниглах, баярлах бүхий л сэтгэл хөдлөлийн цаана үйл явдал байдаг. Өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулсан уу? Өөрийг чинь бусад хүмүүс хэн нэгэнтэй харьцуулсан уу? Хэн нэгэн чамайг дутуу үнэлсэн үү? гэх мэт олон асуулт гарч ирж байна. Цаад шалтгааныг нь тодорхойлж байж одоо үүсээд байгаа сэтгэл хөдлөлөө удирдах боломжтой болох болов уу?
Шилжилтийн нас бол гадаад дүр төрхөндөө ихээр анхаарч эхэлдэг үе. Хүн бүр өөрийн гэсэн онцлог, давуу талтай. Бид байгалиас, эцэг эхээс өгсөн өгөгдлийг тэр бүр өөрчилж чадахгүй ч өөрийгөө харах хандлага, өнцгийг өөрчилж болно. Чамаас шалтгаалж болох зүйлээ л өөрийн хэмжээнд хийхэд болно. Жишээ нь үсээ олон янзаар засаж, шинэ зүйл туршиж үзэх. Дасгал тогтмол хийж биеийн галбир, булчингаа хөгжүүлэхэд анхаарах. Дасгал нь бидний бие физиологийг эрүүл болгож өөрчлөхөөс гадна сэтгэл санааг өөдрөг болгож өгдөг. Энэ мэт идэвхтэй үйл ажиллагаа хийснээр өөрийгөө үнэлэх үнэлэмж өөрчлөгдөж болдог. Тэгээд ч орчин үед царай нь хөөрхөн байхаас илүү бие нь эрүүл, булчинлаг, тамирчин маягийн байх нь илүү дур булаам болоод байна шүү дээ. Дээрээс нь хүний өөрийгөө илэрхийлж, аливаа юмсыг хүлээн авч байгаа хандлага, зан чанар буюу personality нь царай төрхөөс нь илүү бусдад сэтгэгдэл төрүүлдэг. Булчинлаг бие дээрээ өөдрөг, өөртөө итгэлтэй personality-г нэмбэл хамгийн дур булаам болох байх. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Маргааш гээд хойшлуулаад, маргааш нь дахиад л хойшлуулаад...
Сайн байна уу? Би энэ карантинтий үеийг ашиглан өөрийгөө хөгжүүлье гэж бодсон ч нэг л болж өгөхгүй байх юм. Өдөрт хийх зүйлсээ төлөвлөж, жагсааж, томоор бичээд тавьсан ч залхуу хүрээд ч юм уу, яг яагаад гэдэг нь мэдэгдэхгүй, нэг л амжихгүй, бүх юм бүтэхгүй байгаа мэт санагдаад байна.
Энэ үед яг яаж өдрийг үр бүтээлтэй гоё өнгөрөөх вэ? Өөрийгөө хүчлэх нь зөв болов уу? Нүдэнд утас харагдаад, 30 минут л оролдъё гээд суухаар нэг мэдэхэд 2 цаг өнгөрчихсөн байна. Тэгээд л тэр ажлаа за яг маргааш гээд хойшлуулна. Маргааш нь яг адилхан... Ерөнхийдөө бол туушгүй, залхуу байгаад байх юм. Үүнийг яаж шийдэх вэ? Яавал дээр вэ? Туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Сул талаа мэдэж байгаа бол засаж болно гэсэн үг
Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр санаа зовж байна гэдэг сайн зүйл. Сул талаа мэдэж байгаа бол засаж болно гэсэн үг. Мэдээж үүнд тодорхой хугацаа шаардлагатай. Бидний өдөр тутмын хийж байгаа зүйлс “рефлекс” болсон байдаг. Жишээ нь бид сургуулийг харах үед найз нөхөд, багш, хичээл гэсэн дохиог хардаг буюу нөхцөлт рефлекс бий болсон байдаг. Сургууль учир хичээл хийнэ, даалгавраа шалгуулна, шинэ зүйл сурна.
Харин бид гэртээ ор, зурагт, интернет, хөргөгч гэх мэт дохиог хардаг. Эдгээр дохионууд биднийг тайван, идэвхгүй амраах байдалд шилж гэсэн дохиог өгдөг. Ийм учраас бид гэртээ илүү хөдөлгөөнгүй, тайван байдалд шилжээд, амьдраад сурсан байдаг. Тиймээс өөртөө шинэ рефлекс суулгахын тулд илүү хичээл зүтгэл гаргах хэрэгтэй боллоо.
1. Эхний ээлжинд орноосоо холдоорой. Ор унтаж амрах ёстой газар бөгөөд аливаа зүйлийг бодох, ном унших, кино үзэх газар биш юм.
2. Утсаа өөрөөсөө хол тавиарай. Хэрэв хийх гэж байгаа зүйлд чинь утас зайлшгүй хэрэгтэй бол сошиал хаяг руугаа орохгүй байх. Утас харах үед Facebook, Instagram, Youtube гэсэн дохионууд өгөөд байгаа болохоор өөрийн мэдэлгүй орчихсон сууж байгаа юм. Энэ нь бид өөрсдөдөө мөн адил “нөхцөлт рефлекс” суулгасан байна гэсэн үг. Хүн багаасаа л өөрийгөө удирдаж, хянаж, хар аяндаа төрж буй хүслийг давж сурах хэрэгтэй. Аль болох эртнээс өөрийгөө удирдаж сурах тусам илүү өндөр амжилт гаргана. Чамайг утсаа оролдохгүйгээр өөрийгөө удирдаж чадна гэдэгт итгэлтэй байна.
3. Өөрийн хийх зүйлд тодорхой цаг гаргаарай. Эхний ээлжинд 20 минут дараа нь 30 минут гэх мэтээр хугацааг нь багаас нь ихэсгээрэй. Ингэснээр өөртөө нөхцөлт рефлекс суулгахад хялбар болно. Ялангуяа одоогийн чиний нөхцөлд энэ арга хамгийн тохиромжтой. Бүтэн өдрийг өөрийгөө хөгжүүлэхэд зарах биш эхний өдөр 20 мин байхад л хангалттай. Үлдсэн цагт нь чи юу хүссэнээ хийж болно. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Би одоо хүртэл өөрийгөө юунд сайн гэдгээ мэддэггүй
Сайн байна уу? Би 19 настай, эмэгтэй. 2017 онд 10 жилээ төгсөөд 1 жил онгоцны үйлчлэгч мэргэжлээр сураад энэ жил сургуулиасаа гарсан юм. Бусад хүүхдүүд багаасаа л ямар мэргэжилтэй болохоо төлөвлөөд, зөвхөн тэр чиглэлээрээ хичээлээ хийгээд өөрийгөө хөгжүүлээд явдаг. Харин миний хувьд одоо болтол өөрийгөө юунд сайн гэдгээ мэдэхгүй эргэлзсэн, өөртөө итгэлгүй амьтан болж хувираад байна.
Одоогоор нэг жилийн турш кофе шоп-д баристагаар ажиллаж байгаа юм. Энд ажиллаад их зүйлийг өөрөөр хардаг болж байгаа. Гэхдээ миний хамгийн их санаа зовж байгаа зүйл бол ирээдүйд яахаа мэдэхгүй, дээрээс нь эргэн тойрны хүмүүс нэг л яана даа гэсэн байдлаар харьцаад байгаа ч юм шиг. Гэрийнхэн маань заримдаа мөнгө л сайн олж байвал ямар ч ажил хийж болно гээд л...
Миний хувьд хамгийн их харамсдаг зүйл бол багадаа уран нугаралтаар хичээллэдэг байсан ч өөр газар луу нүүгээд ар гэрийн шалтгаанаас болоод үүнийгээ орхисон явдал. Миний хамгийн хайртай дуртай ганц зүйл минь байсан. Уг нь өнгөрсөн зүйлд харамсаад хэрэггүй гээд өөрийгөө тайвшруулдаг ч үргэлж бодогдох юм. Гол нь яаж өөрийгөө дуртай зүйлийг олох вэ гэдэг л байна. Ихэнх хүмүүс ганц зүйлийг үнэхээр төгс эзэмшсэн байдаг. Харин би гэдэг хүн ямар ч авьяасгүй, өдрөөс өдөрт өөртөө итгэх итгэл минь буураад байдаг. Яавал дээр бол?
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн амьдралыг бусдынхтай битгий харьцуулаарай
Өдрийн мэнд! Захиа илгээсэнд баярлалаа. Бид өөр өөрсдийн хэмжээнд асуудалтай нүүр тулж байдаг. Хүн бүрийн амьдрал адилгүй. Бид өөр өөрсдийн хэмжээнд амьдралд үүсээд байгаа асуудлыг шийдэж байдаг. Өөрийн амьдралыг бусад хүмүүсийн амьдралтай битгий харьцуулаарай.
Түүнчлэн нийт хүмүүсийн хэдэн хувь нь багаасаа хийх дуртай зүйлээ олж, түүнийгээ тууштай хийж, мэргэжлээ болгодог бол? Тун цөөхөн байх. Өөрийн чинь хувьд хийж үзсэн, оролдож үзсэн байна шүү дээ. Ямар ч авьяасгүй, чадваргүй болохоороо эдгээр зүйлийг хийж байна гэж үү? Чи зүгээр суугаагүй байна шүү дээ. Аливаа зүйлийг оролдож байж дуртай, үгүйгээ мэднэ.
Өөрийгөө олон зүйлсэд сорин, их туршлага хуримтлуулах тусмаа цаашид юу хийх хэрэгтэйгээ илүү сайн ухамсарлах болов уу? Тиймээс битгий бууж өгөөрэй. Мөн өнгөрсөндөө харамсах бол бидэнд ямар ч хэрэггүй, эрч хүч барсан, мөн өөртөө итгэх итгэлийг унагасан зүйл юм. Өнгөрсөндөө биш цаашдаа юу хийх вэ гэдэгтээ л төвлөрөөрэй. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Амьдрах шалтгаан байхгүй юм шиг санагддаг
Сайн байна уу? Би 14 настай, эмэгтэй. 8-р ангид суралцдаг. Одоогийн байгаа асуудлууд маань миний санааг маш ихээр зовоож байна.
1. Карантины үеэр теле хичээл хийх ёстой ч хийгээгүй бүтэн 1 сар болж байна. Хийе гэж бодсон ч өөрийн мэдэлгүй утсаа аваад бүтэн өдрийг утас оролдоод өнгөрүүлчих юм. Хичээл ороход 25-аас ихгүй хоног үлдсэн болохоор маш их санаа зовж байна. Би яаж залхуурахаа больж хичээлээ идэвхтэй хийж эхлэх вэ?
2. Би бүх юмыг их хүндээр тусгаж авч, байнга элдэв юм бодож санаагаа зовоож байдаг. Их ганцаардмал, зожиг хүн. Хүнээс жоохон л үг сонсонгуут дотор сонин болоод явчихдаг. Бас хүнтэй нээх их харилцаад байх дургүй. 6-р ангидаа шинэ сургуульд орж суралцаад өдгөө 3 жил болсон боловч ямар ч сайн найзтай болоогүй. Манай ангийн охид 2 фракцад хуваагдчихсан. Надтай хамт шилжиж орсон ангийн охин маань 1 фракцад нь орчихсон. Би харин алинд нь ч ороогүй болохоор аливаа багийн үйл ажиллагаа, хамтарч хийх зүйл дээр дандаа ганцаараа үлдэхээр их хэцүү санагддаг. Бас намайг ямар нэгэн алдаа гаргангуут бүгдээрээ нэгэн зэрэг над руу дайрцгаадаг. Бүгдээрээ намайг тэнэг охин гэж бодоцгоодог гэсэн. Би яаж тэдний ингэхийг нь болиулж жирийн сайхан харилцаатай болох вэ?
3. Биеэ даасан хүчирхэг эмэгтэй болж Америкт суралцаж, ажиллаж, амьдрах нь миний зорилго. Би ч угаасаа бусад хүүхдүүд шиг бие биетэйгээ үерхэж, гадуур сэлгүүцэж, алцганах дургүй. Анх бага ангидаа хичээлээ маш сайн хийдэг байсан ч дунд ангидаа ороод сурлага муудсан. Бас байнга ном уншдаг байсан ч ном уншихаа больсон. Гэр бүлийнхэн маань намайг хуулийн хүн бол гэж шахалт үзүүлдэг. Гэвч би хуулиар явмааргүй байна. Би яаж мөрөөдөлдөө үнэнч байж, бүх хичээлдээ жигд сайн болж, мөрөөдлөө биелүүлэх вэ?
4. Манай аав ээж 2 салаад 2-3 жил болж байна. Хоёулаа тус тусдаа хайртай хүмүүстэй болчихсон. Гэхдээ хоёулаа надад хайртай. Би эмээ өвөө дээрээ байдаг ч тэдэнтэй харилцах дургүй. Өвөө маань байнга ээжтэй хэрэлдэж элдвээр хараадаг болохоор маш хэцүү байдаг. Гэрт ч тэр, сургууль дээр ч тэр хаана ч сайхан харилцаа байхгүй. Хэн ч намайг сайн ойлгодоггүй. Хааяа дээр дурдагдсан бүх зүйлийг бодоод үзэхээр надад ерөөсөө амьдрах шалтгаан байхгүй ч юм шиг санагддаг. Ээжийгээ жаргааж чадвал өөр хийх юм байхгүй гэж боддог. Сүүлийн үед олигтой сайн инээж, уйлахаа ч больсон. Би яаж энэ сэтгэл гутралаасаа салах вэ? Олон зүйл дурдсан бол уучлаарай. Асуудлуудаа шийдэхэд минь тусална гэж найдаж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Энэ бол давах ёстой даваа
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа.
- Бид сургууль дээрээ хичээлээ хийж харин гэртээ тайван байдалд амраад дассан байдаг. Магадгүй үүнтэй холбоотойгоор хичээлээ хийж өгөхгүй байгаа байх. Иймээс өөртөө дадал суулгах хэрэгтэй. Шинэ дадал суухад ойролцоогоор 21 хоног шаардлагатай байдаг. Хичээл хийх нь өөрийн чинь хувьд шинэ зүйл биш. Хичээл хийх дадал биш харин тогтвортой сууж сурах дадал суулгаарай. Өдөрт тогтсон цаг, тогтсон газарт сууж хичээлээ хийх нь шинэ дадал юм. Түүнчлэн хүн бүрд өөрийн хичээл хийх хэв маяг байдаг. Чи сонсогч уу, уншигч уу, эсвэл бичигч уу, ярилцагч уу гэдгээ тодорхойлоорой. Тэгээд түүндээ тохирсон байдлаар давтвал үр дүнтэй. Жиш: сонсогч бол илүү их мэдлэг олгох подкаст сонсох, сонсдог ном сонсох гэх мэт.
- Ямар ч зүйл дээр туршлага хэр байгаагаас үр дүн хамаарна. Туршлага их байх тусам чадвар сайн байдаг. Бусадтай харилцана гэдэг маань мөн л адил чадвар. Туршлага их байх тусам сайн чадвартай байна гэсэн үг. Олон хүмүүстэй харилцдаггүй болохоороо бусад хүмүүсийн чамд хэлэх үг, хандлага хүндээр тусаж байж магадгүй юм. Мэдээж бусад хүмүүсийн сэтгэлийг бодохгүй таагүй үг хэлдэг хүмүүсийг зөвтгөх аргагүй. Гэхдээ таагүй харилцаатай хүмүүстэй харилцах нь хүртэл харилцааны чадварыг сайжруулж өгч байдаг. Ямар үед тэднээс хол байх вэ? Хэрхэн тэдний харилцаанд хариу үйлдэл өгөх вэ? гэх мэт үйлдлүүдийг харилцаж байж л сурдаг. Хүмүүстэй ойр ойрхон харилцаж байж л сайн харилцагч болно. Өөрийгөө битгий тусгаарлаарай. Хүмүүсээс зугтах хэрэггүй. Энэ бол давах ёстой даваа юм шүү.
- Гэр бүлийн харилцаа дан ганц биднээс хамаардаггүй. Өөр дээрээ хэт их ачаа авах гээд хэрэггүй. Гэр бүлийн дотоод харилцаа, уур амьсгал нь гэр бүлийн бүхий л гишүүдээс хамааралтай байдаг. Гэр бүлийн гишүүд бүр өөрийн гэсэн үүрэгтэй. Магадгүй хүн бүр өөрийгөө ойлгуулах гээд өөрийнхөөрөө дайраад байж магадгүй юм. Одоогийн нөхцөл байдалд өөрөөсөө гарах боломжтой зүйлийг гаргахад хангалттай.Үүсээд байгаа нөхцөл байдал дан ганц чамаас хамаарахгүй шүү дээ.
Олон салангид асуудал үүсээд байгаа бол тус тусад нь авч үзээд, өөрийн зүгээс юу хийж чадах талаараа бодоод эсвэл жагсаалт гаргаад үзээрэй. Хамгийн их зовоож байгаагаасаа хамгийн бага руу нь эрэмбэлээд бичээрэй. Зарим зүйлд цаг хугацаа шаардлагатай байдаг. Өөрөөс чинь хамаарах бүрэн боломжтой асуудал дээр илүү төвлөрөөд үзээрэй. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэхээс айдаг
Сайн байна уу? Би 14 настай, эмэгтэй. Би одоо 8-р ангид сурдаг. Сүүлийн 2 жил ээж маань намайг давхраа оёул гээд байгаа юм. Би хийлгэмээр байгаа ч гэсэн манай ангийнхан болон багш нар юу гэж бодох бол гэхээс айгаад байна. Ахлах ангид ч ороогүй байж нүүрэндээ мэс хүргэлээ гээд. Үүнийг үл тоогоод хийлгэлээ гэж бодоход намайг чичлээд байх вий, давхраа хийлгэсэндээ харамсах вий гэдгээс айгаад байна. Намайг иргэний үнэмлэхээ авахаас өмнө хийлгээрэй гэсэн.
Өнгөрсөн жил ээж үсээ будуулаад жоохон үлдсэн будгаар нь миний үсийг будсан чинь маш дарамттай байсан. Ийм жоохон юм байж үсээ будууллаа гээд. Яг үнэнийг хэлэхэд би бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэдгээс айдаг. Энийгээ болъё гэж байнга л хичээдэг. Гэхдээ энэ бодлоосоо салж чаддаггүй ээ. Бас байнга бүх зүйлд өөрийгөө буруутгаад байдаг муу зантай. Ингэдэг гэдгээ мэддэг мөртлөө хэчнээн хичээсэн ч засаж чаддаггүй. Энэнд манай ангийн хүүхдүүд нөлөөлдөг байх гэж боддог. Ангийн ихэнх хүүхдүүд хоёр нүүртэй, ховч, “нэг тиймэрхүү” хүүхдүүд байдаг. Байнга л тэднээс айж, намайг юу гэх бол гээд л. Сургуулийн нийгмийн ажилтан менежер гээд бүгд тэдэнд хэлсэн ч засраагүй.
Сайн найздаа давхраа хийлгэхээ хэлэхээр олигтой юм хэлэхгүй. Гаднаа гаргахгүй байгаа ч цаанаа дургүй л байгаа юм шиг байна лээ. Уг нь найз маань “зүгээр ээ” гэсэн бол итгэлтэй болох байлаа. Даанч тийм хариу хэлээгүй болохоор хэцүү байна. Ээждээ хэлэх гэхээр санаа нь зовох байх гээд хэлж чадахгүй байна. Надад өөр хандаад байх ойр дотны хүн байхгүй. Бас иймэрхүү ярвигтай зүйл болсон чинь би ганцаараа байгаа юм шиг санагдаад байна. Хэн байгаа билээ гэхээр нэг ч хүн санаанд орохгүй байна. Надад туслаач. Болж өгвөл бүх тулгамдсан асуудалд маань хариулаад өгөхийг гуйя.
ЗӨВЛӨГӨӨ: Шийдвэртээ эргэлзэж байвал чи бэлэн болоогүй байна гэсэн үг.
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Давхраа хийлгэх эсэх шийдвэрийг чи гаргана. Тийм ч амар шийдвэр биш учраас сайн найз нь чамд шууд хийлгэ эсвэл боль гэж хэлж чадаагүй байх. Бусдын саналыг сонсох зөв ч хэн нэгний хийлгэ эсвэл боль гэсэн үгээр биш өөрийн шийдвэрийг гаргах хэрэгтэй.
Өнгөрсөн жил үсээ будахад дарамттай байсан гэсэн байна. Ээж чинь шийдвэр гаргаад будсан нь таалагдаагүй юм уу? Хэрвээ давхраа хийлгэвэл ямар эрсдэлтэй болон давуу талтай вэ гэдгийг жагсааж бичээд тэр эрсдэлийг би давж гарч чадах уу гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Гэхдээ давхраа хийлгэх эсэх шийдвэрийг хэзээ ч гаргаж болно шүү дээ. Заавал одоо биш. Заавал 16 хүрэхээсээ өмнө биш. 20 хүрээд ч шийдвэрээ гаргаж болно. Шийдвэртээ эргэлзэж айж байвал нэг үгээр чи бэлэн болоогүй байна гэсэн үг.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Отгонцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх