Гэрээсээ ҮР БҮТЭЭЛТЭЙГЭЭР ажиллах нь


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-04-18

"COVID-19вирусийн тархалттай холбоотойгоор зөвхөн манай улсын ард иргэд төдийгүй дэлхий даяараа гэрээсээ ажиллаж, хичээллэхийг илүүд үзээд байгаа билээ. Ажил, хичээлдээ явахын тулд өдөр бүр 1-2 цагийн өмнө босож, өөрийгөө бэлдэж, замын түгжрэлд бухимдана гэсэн асуудал байхгүйгээр гэрээсээ бүх зүйлээ амжуулна гэдэг зарим талаараа сайхан. Гэвч бараг л анх удаа гэрээсээ ажиллаж, хичээллэх шаардлагатай тулгарч буй бидэнд цагийн зөв хуваарилалт хийх, үр бүтээлтэй байх зэрэг олон асуудал тулгарах хандлагатай байна. 

Зөвхөн хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд бус цааш цаашдаа ч гэрээсээ ажиллах, цахимаар суралцах боломжууд асар их хэмжээгээр нэмэгдэж буй энэ үед гэртээ байхдаа ч ажил болон сургууль дээрээ байдаг шигээ хөдөлмөрийн бүтээмжтэй байхад тань туслах 7 зөвлөгөөг хүргэж байна. /Доор дурдсан зөвлөгөө гэрээсээ ажиллаж буй залууст ч мөн үр ашгаа өгөх тул өөр дээрээ хэрэгжүүлээд үзээрэй. laugh/

1. ӨДРИЙГ ЭХЛҮҮЛДЭГ ХУВААРЬТАЙ БАЙХ

Энэ бол ердөө л "09:50 минутад сэрчихээд 10:00 гэхэд компьютерээ асаагаад л хичээлээ хийж эхлэхгүй шүү!" гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл хэдий гэрээсээ хичээллэж байсан ч тархи болон бие махбоддоо "сэрэх" хугацааг нь өгөх хэрэгтэй.

Өглөө бүр 1 аяга ус уух, 5 минут биеийнхээ чилээг гаргах эсвэл дуртай номоо 15 минутын хугацаанд унших гээд юу ч хийсэн болно. Хамгийн гол нь өглөө сэрмэгцээ дээрх зүйлсийг хийснээр тархиа үр бүтээлтэй хичээллэхэд нь бэлдэж өгч байна гэсэн үг юм. Ингэснээр хоосон дэлгэц ширтэж, гөлөрч, нойрмоглохгүйгээр богино хугацаанд санаанд оромгүй олон зүйлсийг гараасаа гаргах болно. 

2. СУРАЛЦАХ ОРЧНОО ТУСГААРЛАХ

Бид тэнхимийн сургалтыг цахимаар авч оффис дээр хийх ажлаа гэрээсээ хийх болсноор бүх зүйлийг нэг дороос хийх боломжтой болсон. Хооллох, зурагт үзэх, утсаа оролдох, гэрийнхэнтэйгээ ярилцах, унтах, хичээллэх, ажиллах гээд л бүхнийг гэрээсээ хийчихвэл амар юм шиг санагдаж байгаа ч эцэст нь та ямар ч киног бүтэн үзээгүй, хэнтэй ч мэнд усаа гүйцэд мэдэлцэж амжаагүй, ямар ч ажил бүтээгээгүй байсаар хоцрох магадлал өндөр. Бидний заримд нь ч энэ асуудлууд аль хэдийнэ тохиолдоод эхэлсэн байх. 

Тиймээс гэртээ байгаа ч гэсэн ажиллах, амрах, хооллох орон зайгаа тус тусад нь гаргаад, зөвхөн тэдгээр газрууддаа харгалзах үйлдлийг нь хийгээрэй. Гал тогооны өрөөний ширээн дээр л хоол ундаа идэж, буйдан дээрээсээ л зурагт үзэж, хичээлийн ширээн дээрээсээ л хичээлээ хийнэ гэсэн үг. Ингэснээр анхаарал сарних асуудал багасаж, хийж буй зүйлсдээ төвлөрөх таатай орчин нөхцөл тань бүрдэнэ. 

3. УНТЛАГЫН ХУВЦАСТАЙГАА АЖИЛЛАХГҮЙ БАЙХ

Орноосоо босоогүй байхдаа эсвэл унтлагын хувцастайгаа хичээлээ хийснээр олигтой хийсэн ч юм байхгүй, амарсан ч юм байхгүй хоцорно. Тиймээс амрах үедээ хичээлийнхээ талаар огт бодохгүйгээр сайтар амарч, хичээллэж байх үедээ нойрмоглож залхуурахгүйгээр хичээллээрэй.

Орныхоо эргэн тойронд баахан бичиг цаас эгнүүлж тавиад, унтах болохоороо хажуу тийш нь хурааж тавьчихаад, өглөө нь дахиад л гаргаж ирээд үргэлжлүүлэх цикл нь тархинд тань зөв дохиог өгөхгүй. 

4. ШААРДЛАГАТАЙ БОЛ НҮҮРЭЭ БУДАХ

Хэдэн өдөр, сарын туршид гэрээсээ гаралгүйгээр хичээллэсний дараа үр бүтээлтэй байх хүсэл тань огт төрөхгүй байвал яг л хичээлдээ явах гэж байгаа мэтээр өөрийгөө бэлдээрэй. Жишээлбэл охидын хувьд үсээ гоёор засаад, нүүрээ будаж, айхтар гоёмсог биш юм аа гэхэд гэрийн футболко солиод үз. Залуус ч мөн адил үсээ засаад, нүүрээ угаагаад, хувцсаа солиод үзээрэй. 

Гэрээсээ гарахгүй байж ингээд бэлдэх нь инээдтэй, бүр ичмээр ч юм шиг санагдаж магадгүй. Гэвч энэ нь танд шинэлэг мэдрэмж төрүүлж, эргээд үр бүтээлтэй байдал руу шилжихэд тань тусална гэдэгт итгэлтэй байна. 

5. ЗААВАЛ ХИЙХ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТТАЙ БАЙХ

“За тэрийг хийх юм байна даа” гээд тархиндаа бодоод өнгөрөхийн оронд хийх ажлуудаа нэг нэгэнгүй жагсаан бичээрэй. Гэртээ байгаа үед таныг өөрөөс тань өөр шахаж шаардах хүн байхгүй учир мартахгүй гэж бодсон жижигхэн зүйлсээ ч ор тас мартаж орхих аюултай. 

Мөн цахим орчинд ажиллаж буй үед их ажил амжуулсан ч нэг их зүйл хийгээгүй мэт мэдрэмж төрөх нь бий. Тиймээс хийх зүйлсийн жагсаалтаа аль болох цаасан дээр гараараа бичээрэй. Мөн өөрийн биеэрээ "хийчихлээ!" гэсэн мэдрэмж авах зорилгоор хийсэн ажлуудаа чагтлах, эсвэл зөвлөөд яваарай. Хийнэ гээд жагсаан бичсэн ажлуудаа бүгдийг нь хийж дуусгачихаад улаан балаар дараад хаях ч сайхан шүү. 

6. АНХААРАЛ САРНИУЛАХ ЗҮЙЛСЭЭС ЗАЙЛСХИЙХ

Дээр дурдсанчлан таныг үргэлж харж, хяналт тавих хүн байхгүй учраас анхаарал тань энгийн үеийнхээс илүү хурдан сарних болно. Тиймээс хичээлээ хийж байх үедээ Фэйсбүүк мессэнжэр, Инстаграм, и-мэйл болон бусад аппликейшнүүдийнхээ мэдэгдэл /notification/-ийг унтрааж хэвшээрэй. 

Яг үүнтэй адил хичээллэх цаг тань дууссан бол хичээлтэй холбоотой и-мэйл, зурвасуудаа ч мөн шалгахгүй байхыг хичээгээрэй. Тархиа ийн амрааж хэвших нь таны маргаашийн үр бүтээмжтэй шууд холбоотой байх болно.

7. ТОХИРОМЖТОЙ ЗАВСАРЛАГА АВАХ

Гэрээсээ хичээллэх үед эхлэх болон дуусах цаг заагдаагүйн улмаас нэг бол юу ч хийхгүй хоцрох эсвэл өөрийгөө хэтрүүлэн ачаалуулах сул талтай байдаг. Энэ нь таны бие махбод төдийгүй сэтгэцийн эрүүл мэндэд ч хортой учир хичээлийнхээ дундуур хооллох, дасгал хийх, амрахад зарцуулах тодорхой хугацааны завсарлагуудыг авч хэвшээрэй. 

Өмнө дурдсанчлан дээрх зөвлөгөө нь гэрээсээ ажиллаж буй залууст ч мөн үр ашгаа өгөх болно. Хэдийгээр гэрээсээ ажиллах болон суралцах нөхцөлд дасан зохицоход тодорхой хугацаа шаардагдах ч нэгэнт дасчихвал өөрийгөө хянах, бусдын тусламжгүйгээр чармайж сурах зэрэг олон чадваруудыг эзэмшсэн байх болно. Тиймээс цагаа зөв бөгөөд үр бүтээлтэйгээр ашиглаарай!

Амжилт хүсье!

#Коронавирус #Боловсрол