Би хөл хорионы үеэр юу хийж байгаа вэ? №6


Т.Мөнхжин | YOLO.MN
2020-04-13

Yolo.mn сайтын сэтгүүлч залуус маань хөл хорио тогтоосон энэ үед гэртээ өөрсдийгөө хэрхэн хөгжүүлж буй талаар хуваалцаж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт сэтгүүлч Т. Мөнхжин өөрийн туршлагаас хуваалцлаа. Т. Мөнхжин: 

- "Уртаас урт үргэлжилж буй энэхүү хөл хорионы үеэр цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар бодсоны эцэст ЦОО ШИНЭ зүйлсийг туршихаар шийдсэн юм. Урьд хожид огт туршиж үзээгүй зүйлсээ хийж үзэх нь шинэ мэдрэмж болоод шинэ ур чадвар олж авахад ихэд тусалсан.

ВАННЫН БӨМБӨЛӨГ /BATH BOMB/

Огт хийж байгаагүй зүйлсээ хийж үзэх жагсаалтын хамгийн эхэнд "ваннын бөмбөлөг" хийж сурах ажил багтсан билээ. Одоо үед интернэтийн тусламжтайгаар хүссэн бүхнээ хийх боломжтой болсон нь ихэд баярлууштай. Гарын таван хуруунд л багтах хэрэглэгдэхүүний тусламжтайгаар өөрийн хүссэн загвараар ваннын бөмбөлөг хийж, түүнээсээ урамшин суух нь бас л сайхан шүү. 

Хэрвээ та бүхэн өөрийн гараар ваннын бөмбөлөг хийхийг хүсвэл доорх бичлэгийг үзээрэй. 

ХУУЧИН ХУВЦАС - ШИНЭ ХУВЦАС

Шинэ хувцас авмаар байвч гэрээс гарч чадахгүй. Шинэ хувцас авлаа ч шүүгээний мухарт байх хуучин хувцаснуудаа яах билээ? Тэгвэл яагаад хуучин хувцсаа ашиглан хүссэн загвараар өөрчилж болохгүй гэж?

Харахад эв хавгүй ч өөрийн гараар зөвхөн өөртөө зориулан хийсэн бралет болон топууд маань надад лав гайхалтай болсон юм шиг л санагддаг. Хувцсаараа шал дэмий тоглоод хаячихлаа гэж битгий бодоорой. Энэ бол таны бүтээлч нэгэн болох анхны алхам юм шүү. 

Доорх бичлэгээс бралет хийх зааврыг үзээрэй.

ӨӨРИЙН ГАРААР ХИЙСЭН БУДАГ

Хэчнээн олон дэлгүүр хэссэн ч өөрт тохирсон өнгийн уруулын будгийг олох хэцүү байдаг. Тэгвэл гар доорх материалаар дуртай өнгийнхөө уруулын будгийг хийгээрэй. Миний хувьд өөрийн бяцхан брэндийг үүсгэчихсэн юм шиг л догдолсон. 

Доорх бичлэгээс уруулын будаг хийх зааврыг үзээрэй. 

Үүнийг уншиж буй та ч мөн карантиний үеэр өөрийгөө хэрхэн хөгжүүлж буй талаараа бидэнтэй хуваалцаарай. smiley

#Хөл хорионы үеэр юу хийж байгаа вэ #Хоол #Ваннын хөөс