Би хөл хорионы үеэр юу хийж байгаа вэ? №5


Э.Цовоо | YOLO.MN
2020-04-09

Yolo.mn сайтын сэтгүүлч залуус маань хөл хорио тогтоосон энэ үед гэртээ өөрсдийгөө хэрхэн хөгжүүлж буй талаар хуваалцаж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт сэтгүүлч Э. Цовоо өөрийн туршлагаас хуваалцлаа. 

"Хөл хорио тогтоосон үед бидэнд жирийн үед байдгаас илүү их чөлөөт цаг гарч байгаа билээ. Өсвөр үеийнхэн болон залуус та бүхэн маань гэртээ уйдаж суухын оронд шинэ, сонирхолтой зүйлс туршиж, мэдлэг хуримтлуулж, өөрт буй энэ их цагийг үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй. Ингээд та бүхэндээ өөрийн туршиж, шинээр мэдэж авсан зүйлсээ хуваалцъя. 

ГЭДЭС ЦЭВЭРЛЭХ АМТАТ СМҮҮТИ ТУРШИВ

Орц:

  • Дурын тараг /1 литр/
  • Бууцай /50 гр/
  • Яншуй /50 гр/

Заавар:

Бууцай болон яншуйгаа угааж цэвэрлэсний дараа үндэс хэсгийг хэрчиж хаяна. Дараа нь тараг болон сайтар цэвэрлэсэн нарийн ногоонуудаа холигч /blender/-д хийж холино. Ингээд л хамгийн ихдээ аравхан минутын хугацаанд маш амттай бөгөөд эрүүл смүүти /smoothie/ маань бэлэн болно.

Бууцайг эрт үеэс эхлэн “ногоон ургамлын хаан” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд цусан дахь сахарын хэмжээг бууруулахад маш их том үүргийг гүйцэтгэдэг билээ. Тиймээс энэхүү смүүтиг гэртээ туршиж эрүүл мэнддээ анхаараарай. 

ШИНЭ ХООЛ ХИЙЖ СУРАВ

Орц:

  • Тахианы мөч /3 ш/
  • Будаа /300 гр/
  • Мөөг /200 гр/
  • Чинжүү /2 ш/
  • Бууцай /50 гр/
  • Далайн байцаа /сонголтоор/
  • Бяслаг /сонголтоор/
  • Кимчи /200 гр/

Заавар:

Юун түрүүнд будаагаа агшаагаарай. Дараа нь тахианы мөчөө бага зэрэг мөөгтэй хамт усанд хийж 30-40 минутын хугацаанд буцалгана. Энэ хооронд чинжүү, мөөг, бууцай зэргээ хэрчиж бэлтгээрэй. 

Буцалгаж дууссан бол тахианы мөчөө шөлнөөсөө гарган аваад махыг нь яснаас нь шулаарай. Ийнхүү хэрчиж бэлтгэсэн ногоо болон тахианы махаа хамтад нь бага гал дээр хуурна. Дараа нь кимчигээ хийгээд сайтар хуурах ба энэ хооронд агшаасан будаан дээрээ далайн байцаагаа жижиглэн хийж хутгаад бөөрөнхийлөөрэй. Будаагаа зүгээр л аягалахаас илүүтэйгээр дээр дурдсан аргаар будааны бөмбөлөг хийж тавибал илүү өнгөлөг харагддаг.

Хамгийн сүүлд нь будааны бөмбөлөг болон кимчитэй хуургаа таваглаад л амтат хоол маань бэлэн болно. Хүсвэл хуурган дээрээ бяслаг үрээд, эсвэл хуудсан бяслаг тавиад зооглох боломжтой. 

ИОГИЙН ДАСГАЛ ХИЙВ

Хөл хорионд байх үед энгийн өдрүүд шиг гадуур дотуур яваад, дасгал хөдөлгөөн хийх боломж бага шүү дээ. Гэтэл хүмүүс бид өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийх зайлшгүй шаардлагатай байдаг.

Дасгалууд дундаас хүний биед хамгийн чухал нөлөө үзүүлдэг нь сунгалтын дасгал учраас гэртээ иогийн дасгал хийж үзэхээр шийдсэн юм. Ингээд та бүхэндээ зориулан үр дүнтэй санагдсан дасгалууд бүхий Youtube сувгуудыг санал болгож байна. /Youtube сувгуудын нэрэн дээр дарахад тухайн суваг руу үсрэх болно./

Амжилт хүсье!"

#Хөл хорионы үеэр юу хийж байгаа вэ #Хоол #Иог