Бид ирээдүйд дэлхийн хэмжээний томоохон их сургуулиудад суралцах хүсэлтэй уншигчдадаа зориулан орон оронд суралцаж буй оюутан залуусын туршлагаар цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэгвэл ярилцлагынхаа энэ удаагийн дугаараар ХБНГУ-ын Зийгений их сургуульд магистрын зэргээ хамгаалан, өдгөө Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд багшилж буй Р. Нямдуламтай ярилцлаа.
YOLO: Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. ХБНГУ-ын Зийгений их сургуульд магистрын зэргээ тэтгэлэгтэйгээр хамгаалсан гэж дуулсан. Магистрын зэргээ хамгаалахад анхаарах чухал шаардлагатай зүйлсийг Yolo.mn сайтын уншигчидтай хуваалцаач.
- Сайн байна уу? Танай уншигчдад мөн энэ өдрийн мэндийг хүргэе. Магистрын зэргээ хамгаалахад хамгийн чухал зүйл бол бакалаврын голч дүн. Дараа нь TOEFL болон IELTS-ийн оноо чухал. Гадаадын ямар орон, ямар сургуульд сурах гэж буйгаасаа шалтгаалаад энэ хоёр шалгалтын нэгийг заавал өгсөн байх шаардлагатай. Хэрвээ магистрын зэргээ юугаар хамгаалах, хаана сурах зэргээ хараахан шийдээгүй байгаа бол хамгийн түрүүнд ямар мэргэжлээр сурах, тэрхүү мэргэжлээр чинь магистрын зэрэг олгодог эсэхийг судлах, ямар улсын ямар хотод сурахыг хүсэж буйгаа тодорхойлох хэрэгтэй.
YOLO: Тэтгэлгийнхээ талаарх мэдээллийг анх хаанаас авч байсан бэ?
- Би БСШУСЯ-ны Сургалтын төрийн сангаас олгодог тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан. Анх энэ тэтгэлгийн талаарх мэдээллийг багшаасаа авч байсан юм.
Тухайн үед бүртгүүлэхэд маш цөөхөн хоног үлдчихсэн байсан болохоор их богино хугацаанд материалуудаа бэлдээд явуулсан. Тэтгэлгийн бүрдүүлэх материал, шаардлагатай бүх мэдээлэл нь БСШУСЯ-ны сайт дээр дэлгэрэнгүй байдаг. Материалаа өгөхийн өмнө анхаарах зүйл гэвэл тэтгэлэгт хамрагдах хүмүүс Засгийн газраас заасан сургуулиудад тэнцсэн байх ёстой гэсэн шаардлага байдаг. Бүх мэргэжилд биш тодорхой хэдэн мэргэжилд л тэтгэлэг олгодог. Тиймээс үүнийг сайн анхаарч тэтгэлгийн материалаа бэлдэх хэрэгтэй. Энэ тэтгэлгийн сонгон шалгаруулалтын хувьд эхний ээлжинд бүрдүүлсэн материалаа өгнө. Мэдээж материал дунд чинь хүсэлт явуулсан сургуульдаа тэнцсэн гэдгийг чинь батлах урилга байх шаардлагатай. Герман улсын сургуулиуд үнэ төлбөргүй байдаг учир миний хувьд амьжиргааны зардлын тэтгэлэг хүссэн юм. Хэрвээ явуулсан материалууд чинь шаардлага хангах юм бол ярилцлагад ороод, тэнцвэл тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг.
YOLO: Тэтгэлэгт материалаа бүрдүүлэх, хамрагдах зэрэг үед шантрах тохиолдол байсан уу? Тийм бол тухайн үеэ хэрхэн даван туулж байсан бэ?
- Тэтгэлэгт хамрагдах хугацаанд бага сага хүндрэлүүд гарч ирдэг. Гэхдээ хэцүү гээд мөрөөдөл, зорилгоосоо ухарч болохгүй. Энэ материалыг бэлдээд өгөхөд би шинэ юм мэдэж авч, дараа нь хүсэлтээ өөр сургуулиудад илүү сайжруулаад өгөх боломжтой учир шинэ зүйл мэдэж авч байна гэж л боддог байсан.
YOLO: Ер нь Монгол улсад бакалаврын зэргээ хамгаалчихаад Европын холбооны улсуудад магистрын зэргээ хамгаалах их хэцүү байдаг гэсэн яриа байдаг шүү дээ. Тэгвэл та яг энэ замыг туулаад гарсан хүний хувьд юу юуг анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөө өгөөч.
- Миний хувьд харин ч илүү амархан юм шиг санагдсан. Ялангуяа байгалийн ухааны чиглэлээр Монголдоо бакалаврын хөтөлбөрт сурсан хүн гадаадад магистр хамгаалахад энд олж авсан мэдлэг хаана ч, хэзээ ч гологдохгүй гэдгийг би баттай хэлж чадна. Яг над шиг олон залуус Монголдоо их сургуулиа төгсөөд, олон улсад үргэлжлүүлэн зэрэг ахиулж амжилттай суралцаж, ажиллаж яваа шүү дээ. Ер нь дотооддоо их, дээд сургуульд сурсан ч тэтгэлэгт хамрагдах боломж их байдаг. Дараа нь чиний ажилд орох анкет буюу CV дээр чинь тэтгэлэгт хамрагдаж байсан эсэх чинь бичигддэг тул Монголдоо тэтгэлэгт хамрагдсан гэдэг нь том давуу тал болдог.
YOLO: Энэхүү ярилцлагыг уншиж буй ирээдүйд Герман улсад суралцах хүсэлтэй оюутан залуус энэ улсын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байгаа байх. Энэ улсын ард иргэд нь хэр найрсаг вэ? Амьдрах өртөг, цагийн ажил хийх боломж, дотуур байр гээд ер нь Германд амьдарсан туршлагаасаа хуваалцаач?
- Герман улсад үзэж харах зүйл их. Хүмүүс нь найрсаг, сайхан ааштай, найз нөхдийн харилцааг их чухлаар авч үздэг. Герман хүнтэй нэгэнт нөхөрлөсөн бол цаашдаа ч найзын харилцаагаа таслахгүй, байнга холбоотой байдаг. Амьдрах өртөг нь томоохон хотууддаа үнэтэй тусдаг. Би харьцангуй жижиг хотод сурдаг байсан учир сард дотуур байр, эрүүл мэндийн даатгал, утасны төлбөр гээд нийтдээ 400 гаруй евро /Монгол мөнгөөр 1 сая 200 мянган төгрөг/ төлдөг байсан. Үүн дээр хоол хүнс, хувцас, ахуйн хэрэглээ гээд бусад зардал нэмэгдээд сард ойролцоогоор 700 орчим евро болдог байсан.
YOLO: Таны хувьд Герман улсад суралцахын давуу болон сул тал нь?
- Их сургуулиуд нь төлбөргүй, мөн маш чанартай учир сайн мэдлэг олж авч чадна. Харин гэрээсээ хол учир гэрээ бага зэрэг санадаг даа.
YOLO: Герман улсад суралцахыг хүсэж буй залуус маань хангалттай мэдээлэл авсан гэж бодож байна. Таны ажилладаг сургууль сурагчдаа чадварлаг боловсон хүчин болгох тал дээр ихээхэн анхаардаг гэж сонссон. Сургуулийнхаа талаар товчхон танилцуулахгүй юу?
- Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль маань 2013 онд байгуулагдсан. Хүмүүс “GMIT” гэдэг нэрээр нь сайн мэддэг. Манай сургуулийн бүх хичээл англи хэл дээр явагддаг бөгөөд Герман, Канад, Солонгос зэрэг олон улсуудаас профессорууд ирж оюутнуудад маань мэдлэг олгодог.
YOLO: МГТИС-ийн оюутнуудад гадаад оронд суралцах боломж хэр их байдаг вэ? Заавал бакалавр гэлтгүй магистрын түвшний оюутнуудад зориулсан хөтөлбөрүүд хэр их байдаг вэ?
- Манай сургууль Механик инженер, Уул уурхайн боловсруулах инженер, Хүрээлэн буй орчны инженер, Эдийн засагч инженер гэсэн бакалаврын дөрвөн хөтөлбөртэй. Одоо шинээр хоёр хөтөлбөр нэмэгдэж байгаа учраас үндсэндээ зургаан мэргэжлээр оюутан бэлтгэдэг гэсэн үг. Үүнээс гадна магистрын хоёр хөтөлбөр байдаг. Мөн нэгдүгээр курсийн оюутнууддаа зориулан “Зуны сургалт” хөтөлбөр хэрэгжүүлдэг юм. Энэ нь Фрайбергийн Технологийн их сургууль дээр 14 хоногийн хугацаатай Герман улсын талаар болон сурах гэж буй мэргэжлийнхээ талаар, уул уурхайн сургууль, байгууллагуудтай өөрийн биеэр танилцдаг хөтөлбөр. Гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудын хувьд Герман улсад нэг бүтэн семестрийн турш сурах боломжтой. Мэдээж оюутны сурлагын дүн, хичээл зүтгэлийг харгалзан шалгаруулж, Герман улсад суралцах талаар нь шийддэг.
YOLO: МГТИС нь Монголын анхны хотхон бүхий их сургууль шүү дээ. Сургуулийн хотхоны талаар бидэнтэй хуваалцаач?
- Хотхон гэдэг нь бүх талаараа оюутнууддаа зориулсан байгууламж юм. Дотроо номын сан, дотуур байр, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой фитнесс клуб болон хичээлээ хийхэд шаардлагатай интернет орчин, компьютерийн лаборатори гээд бүхий л зүйлс нь хотхон дотор байдаг. МГТИС маань Монголдоо оюутны хотхоныг цогцоор нь хөгжүүлэхээр хичээж явна даа.
YOLO: Тэгвэл МГТИС-ийн зүгээс олгодог тэтгэлгүүд байдаг уу?
- Манай сургууль төрийн өмчит улсын их сургууль учир оюутнууд маань Монгол Улсын Засгийн газраас зарладаг, боловсролын салбарт хэрэгжүүлдэг бүхий л тэтгэлэгт хамрагдах боломжтой. Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй МГТИС-ийн тэтгэлэг бий. Үүнд оюутнууд маань сургалтын төлбөрийн 100 хувь, 75 хувь, 50 хувийн тэтгэлгүүдэд хамрагдах боломжтой. Мөн ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба буюу “DAAD”-ын тэтгэлэг байдаг. Үүнд дөрөвдүгээр курсийн оюутнуудын 20 хувьд нь Германд суралцах эрхийг олгодог нь маш том давуу тал болдог. Харин нэгээс гуравдугаар курсийн оюутнуудын 20 хувьд нь сургалтын төлбөр + 200 еврогийн амьжиргааны зардлын тэтгэлэг олгодог. Ер нь хичээж чадвал оюутнууд маань бүгд тэтгэлэг авах боломжтой.
YOLO: Хичээлээс гадуурх үйл ажиллагаа хэр явагддаг вэ? Олон сонирхолтой дугуйлан, клуб байдаг гэсэн.
- Манай сургууль дээр мэтгэлцээн, шатар, амьд хөгжим, гадаад хэл, урлагийн гээд 20 гаруй клуб хичээллэдэг. Гэхдээ оюутнууд маань ихэнх өдрүүдэд 9:00-18:00 цаг хүртэл хичээлтэй байх тохиолдол байдаг тул өөрсдөө цаг заваа зохицуулж чадвал хэдэн ч клубт хамрагдах боломж байдаг.
YOLO: Ярилцлагын төгсгөлд ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид болон одоо бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудад ирээдүйд дэлхийн хэмжээний их сургуульд суралцах талаар зөвлөгөө өгөөч.
- Нэгдүгээрт хичээлээ маш сайн хийж, Элсэлтийн ерөнхий шалгалтаа сайн өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт гадаад хэлний чадвараа хичээнгүйлэн хөгжүүлэх хэрэгтэй. Мөн интернет орчинд өнгөрүүлж буй цагаа өөртөө хэрэгтэй байдлаар ашиглаарай гэж зөвлөе. Интернетэд гадаад хэлний үнэгүй хичээл, зөвлөгөө маш их байдаг учир өнөө цагт хэл сурахад заавал мөнгө үрэх шаардлагагүй болсон шүү дээ.
Мөн манай сургуулийн Элсэлтийн цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн учраас манай сургуульд суралцахыг хүссэн хүүхдүүд www.gmit.edu.mn вэбээс хүссэн мэдээллээ авч болно шүү.
Ирээдүйд дэлхийн хэмжээний их сургуулиудад суралцахаар төлөвлөж, хичээж буй та бүхэндээ амжилт хүсье!
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх