Би хөл хорионы үеэр юу хийж байгаа вэ? №1


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-03-28

Миний сүүлийн үед уншсан хамгийн гоё ном бол "Daewoo" группийн ерөнхийлөгч Ким Ү Жүн (Kim Woo Choong) эрхмийн бичсэн “Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна” гэдэг ном. Тэрээр өөрийн амьдралын замнал, алдаа оноогоо эгнүүлэн бичсэн нь надад ирээдүйн талаарх төсөөлөл, цаашид хэн болох ёстой, юу хийх ёстойг минь бага ч атугай ухааруулах шиг л болсон.

“Залуучууд минь, та нар залуу  насандаа  л цагийг хэмнэх хэрэгтэй. Цаг хугацаа эргэж ирдэггүй. Бид хоёр удаа амьдардаггүй”
– Ким Ү Жүн (“Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна”)

Энэ номыг хэн бүхэн ядаж ганц удаа уншаад үзэхэд илүүдэхгүй. Уншиж дууссаны дараа юу ч хамаагүй хиймээр санагдана. Яг л зүгээр суух эрхгүй болчихсон мэт...

Энэ номыг уншихаас өмнө цаг төлөвлөлтийн тухайд их л “хойрго” хандаж байснаа ойлгосон юм. Ялангуяа залуу хүн цаг хугацааг хэмнэж, үр дүнтэй, өөрт ашигтай өнгөрүүлэх нь ямар чухал болохыг ойлгосон гэхэд болно. Энэ номыг өвлийн амралтаар уншсан болохоор хавар хичээл эхлэхэд олон зүйлс хийнэ гэж төлөвлөөд амжсан юм. Гэвч коронавирусийн улмаас манай улс хөл хорио тогтоочихсон болохоор зарим төлөвлөгөө маань (жишээ нь: сургалтад суух) биелэх боломжгүй болчихов. Гэсэн ч цахимаар хичээлээ үзэж, даалгавраа явуулж байгаа учраас танхимаар хичээллэхтэй харьцуулбал илүү их чөлөөт цаг гарч байсан юм. Ингээд хөл хорионы үеэр юу хийх вэ гэж төлөвлөсөн.

1. ДАСГАЛ ХИЙЖ ЭХЭЛСЭН

“Lose Weight in 30 Days” нэртэй аппликейшн миний тавьсан шаардлагыг бүрэн хангасан гэхэд болно. Өдөр бүр хийсэн дасгалын үр дүнг графикаар харуулахаас гадна эрүүл хооллох жор санал болгодог. Мөн дасгал хийснийхээ дараа жингээ үзээд аппликейшндээ оруулбал жингийн өсөлт, бууралтыг ч харуулдаг. БОДИТ ҮР ДҮНГ эндээс л харна шүү дээ! Ингээд хөл хорионы үеэр өдөр бүр дасгал хийж, эрүүл хооллох хэв маягт шилжив.

2. УНШИХ НОМЫН ЖАГСААЛТ ГАРГАСАН

Ихэнх хүмүүс “Goodreads” гэдэг аппликейшнийг мэдэх байх. Миний хувьд 2019 оноос л уг аппликейшнийг ашигладаг болсон юм. Харин 2020 онд илүү идэвхтэй ашиглах үүднээс 20 ном уншина гэсэн зорилго тавьсан болохоор хөл хорионы үеэр аль болох олон ном уншихыг хичээж байна даа. 

Одоогоор Р.Ж.Паласиогийн “Гайхамшиг” хэмээх номыг уншиж байгаа. Мөн ямар ном уншихаа хараахан төлөвлөөгүй бол “Гайхамшиг”-ийг уншаад үзээрэй. Хүсвэл киног нь ч үзэж болно. Гэхдээ би номоо уншиж дуусгаад киног нь үзье гэж төлөвлөсөн. 

3. ӨДӨР ТУТМЫН ХИЙХ ЁСТОЙ АЖЛАА ТӨЛӨВЛӨЖ ГҮЙЦЭТГЭЛДЭЭ ДҮН ТАВИХААР ШИЙДСЭН

Олон хүмүүс орой унтахаасаа өмнө маргааш хийх ажлаа төлөвлөдөг гэж бодож байна. Би ч тэдгээр хүмүүсийн нэг нь... Гэхдээ саяхнаас “TickTick” нэртэй төлөвлөгч аппликейшн ашигладаг болсон. Заримдаа бид толгойдоо төлөвлөсөн зүйлээ мартчихдаг бол заримыг нь зүгээр л шалтгаангүйгээр хийхгүй орхичихдог шүү дээ. Харин энэ аппликейшныг хэрэглэж эхэлснээс хойш цагийг их л үр бүтээлтэй өнгөрүүлдэг болсон. Сэтгэл дагаад тэр юм уу гэвэл ҮГҮЙ ээ. Учир нь энэ аппликейшн миний төлөвлөсөн ажлын гүйцэтгэл болон дутуу үлдээсэн ажлыг улаанаар тэмдэглээд гаргаад ирдэг. Тийм болохоор бүх төлөвлөсөн зүйлээ аль болох хугацаанд нь хийхийг хичээдэг болсон доо. Бүх зүйлээ төлөвлөж, эмх цэгцтэй байх нь хэчнээн амар байдаг гээч!

#Хөл хорионы үеэр юу хийж байгаа вэ #Хувь хүний хөгжил #Цаг хэмнэх #Дасгал #Ном