2020 оны гуравдугаар сарын 20-ны 15 цаг 30 минутын байдлаар "COVID-19" буюу шинэ коронавирусын 246,620 тохиолдол бүртгэгдэж, 88,483 хүн бүрэн эдгэрч, 10,049 хүн нас барсан байна. Дэлхийн 177 улсад тархаад буй уг вирусийн эсрэг улс орон болгон тус тусын арга хэмжээг авч байгаа билээ. Эдгээр хүнд өдрүүдэд хилийн чанадад суугаа монгол оюутнууд маань "Ази хүн" гэсэн үндэслэлээр арьс өнгөөр ялгаварлах үзэлд өртөх тохиолдол цөөнгүй байна.
АНУ, ВАШИНГТОН
- "Энд гуравдугаар сарын 14-ний өдөр хөл хорио тогтоосон. Хэрэгжилтийн хугацаанд бүх сургууль, цэцэрлэг, коллеж, их сургуулиуд завсардаад байна. Хөл хорио тогтоосонтой холбогдуулан цагийн ажил олдохоо больсон. Ойролцоогоор 25% нь л маск зүүж байгаа харагддаг. “Lee чи коронатай юу?” гэх мэтээр шоглох үе байдаг"
- Сиатл Сентрал коллежийн оюутан Г.М
АНУ, ОХАЙО
- "Охайо мужид "Covid-19"-ийн тохиолдол харьцангуй бага байсан учраас өнгөрсөн долоо хоног хүртэл хичээл танхимаар орж байсан. Хүмүүс төдийлөн анхаарахгүй байгаа. Зарим оюутнууд бараг хөл хорио тогтоосонд баярлаад тэмдэглэж байсан. Манай сургуульд арьс өнгөөр ялгаварлах үзэл ер нь гайгүй. Гэхдээ хөл хорио тогтоохоос өмнө Азиудаас бага зэрэг зайгаа барьж байгаа нь ажиглагдаж байсан. Бусад хотуудад харин арьс өнгөөр ялгаварлах явдал нэлээн их гарч байгаа сураг дуулдсан. Үүнийгээ дагаад бууны эрэлт хэрэгцээ өсөж байна. Оюутны байранд байнга хлораминтай цэвэрлэгээ хийдэг. Гэхдээ Монгол шиг гудамж талбайгаа ариутгаагүй"
- Оберлиний хөгжмийн консерваторын оюутан Б.Б
КАНАД, ВАНКУВЕР
- "Манай хотод өдөрт коронавирусийн 40-80 тохиолдол бүртгэгдэж байна. Хүнсний дэлгүүрээс бусад олон нийтийн үйлчилгээний газрууд хаалгаа барьсан. Хүнсний хангамжид зохицуулалт хийх үүднээс нэг хүний худалдан авах боломжтой бүтээгдэхүүний хэмжээнд хязгаар тогтоосон. Маск, ариутгалын бодис гэх мэт бүтээгдэхүүн хомс. Сургууль болон ажлын байрууд цахим хэлбэрт шилжсэн. Мужууд онц байдал зарлаж АНУ болон бусад улстай хилээ хааж зөвхөн Канадын иргэншилтэй нэн шаардлагатай иргэдээ хилээр нэвтрүүлж байна. Энд маск өвчтэй хүмүүст хүрэлцэхгүй учраас өвдөөгүй бол битгий зүү гэж зөвлөж байгаа. Масктай явж байгаа хүмүүсийг тэр дундаа Азиудыг гадуурхах зүйл ажиглагддаг"
- Британийн Колумбын их сургуулийн оюутан И.М
АВСТРАЛИ УЛС, МЕЛЬБУРН
- "Австрали улс руу ямар ч нислэг орохгүй байгаа. Тасманиа арал хаагдсанаар анхны хөл хорио тогтоосон муж боллоо. Одоогоор өвчилсөн тохиолдлоороо Сидней хот хамгийн өндөр үзүүлэлттэй нь байна. Супермаркетууд дахь бараа бүтээгдэхүүнүүд дуусч эхэлсэн. Дараа долоо хоногоос хичээл цахим хэлбэр рүү шилжинэ. Мельбурний их сургуулийн ажилтнаас "COVID-19" вирус илэрсэн. Ийм нөхцөл байдалд ерөнхий сайд Скотт Моррисон эдийн засгийн асуудлаа л яриад байх юм. Азиуд л маск зүүж байна. Харин Австраличууд тоохгүй, маск зүүхгүй байна. Арьс өнгөөр ялгаварлах үзэл байгаа ч гэсэн надад бол мэдрэгдээгүй. Гэхдээ Азиудтай муухай харьцах, зайгаа барьж, доромжлох гэх мэт зүйлс анзаарагдаж байна"
- Хомсглений институтын оюутан Х.И
ИТАЛИ, ТУРИН
- "Хичээл цахим хэлбэрээр орж байна. Эмийн сан, хүнсний дэлгүүрүүд тогтсон цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байна. Хөл хорио тогтоосон учраас гэр гэртээ байхыг зөвлөж байгаа. Хэрвээ гэрээсээ гарах бол "foglio" буюу маягт бөглөдөг. Маягт дээрээ хаанаас хаашаа ямар зорилгоор явж байгаагаа тодорхой бичиж, утасны дугаар, хувийн бүртгэлээ тэмдэглэж үлдээнэ. Маск хүрэлцэхгүй байгаа учраас зарим хүмүүс ороолтоо ашиглаж байна. “Glovo just eat” гэх мэт хоол хүргэлтийн газрууд ажиллаж байгаа. Хүмүүс гэрээсээ хүргэлтийн бүтээгдэхүүнүүд захиалах нь их болсон. Италичууд арьс өнгөөр нэг их ялгаварлаад байдаггүй. Харин Албани, Турк гэх мэт бусад улсын хүмүүс тиймэрхүү авир гаргах нь бий"
- Турины Их Сургуулийн оюутан Ч
ШВЕД, ОРЕБРО
- "Бүх их сургуулиудад хөл хорио тогтоосон ч цэцэрлэг болон бага сургуульд хөл хорио зарлаагүй. Гэхдээ эцэг эх нь хүсвэл хүүхдээ сургуульд нь явуулахгүй байх эрх олгосон. Уг нь Швед улс энэ вирусээр далимдуулж ямар нэгэн ялгаварлан гадуурхалт гаргасан тохиолдолд хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Гэхдээ гадуур явахад Азиудаас жийрхэж ам хамраа таглах тохиолдол байдаг. Намайг сургуульдаа явахад дээд ангийн оюутнууд “Хятад руугаа тонил” ч гэж байсан"
- Orebro Их Сургуулийн оюутан Н.Д
УНГАР, БУДАПЕШТ
- "Хөл хорио тогтоосон учраас хичээл алсын зайн хэлбэрээр орж байна. Гурав хоногийн өмнөөс хүнсний дэлгүүр болон эмийн сангаас бусад бүх газрууд 15 цагаас хойш хаалгаа барих болсон. Ямар ч арга хэмжээ, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явагдахгүй байгаа. Ойролцоогоор 30-40% нь л маск зүүж байна. Ази хүмүүс арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтад өртөх нь их. Ази хүн хараад “Корона” гэж орилж, санамсаргүйгээр хүрчихвэл уурлаад барьж идэх шахаж, нулимдаг"
- Будапештийн Бизнесийн их сургуулийн оюутан О.Т
ОХУ, САНКТ-ПЕТЕРБУРГ
- "Сургуулиудад дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хөл хорио тогтоосон. Бусад албан байгууллага, үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж байна. Санкт-Петербург хот Москва хотыг бодвол өвчилсөн тохиолдлын тоо багатай. Зарим их сургуулиудын дотуур байр бүх оюутнаа гаргаж, гэртээ харихыг зөвлөж байна. Хятад улсын зарим оюутнуудаа хөөх тохиолдол хэд хэд гарсан. Таксинд суухад “Ази хүнд үйлчлэхгүй” гэдэг. Метронд суухад биднээс холдох, мөрлөх, “Хятадууд” гэж хашхирч “Нэг агаараар амьсгалж чадахгүй нь” гэдэг. Сүүлийн хэд хоног Москвад монгол оюутнууд хятад оюутнуудтай андуурагдаж зодуулах тохиолдлууд гарч байгаа гэсэн"
- Санкт-Петербургийн Урлагийн их сургуулийн оюутан Э.У
ТАЙВАН, ТАЙНАН
- "Хичээл хэвийн орж байна. Сургуульд маань "COVID-19"-ийн 1 тохиолдол илэрсэн. Би болж өгвөл хичээлдээ явахгүй байгаа. Эндхийнхэн огт тоосон шинжгүй байгаа ч миний хувьд нөхцөл байдал хэтэрхий эрсдэлтэй байна. Хөл хорио тогтоогоогүй, гудамж талбайд явах хүмүүс ч вирус гарахын өмнөх шиг байдгаараа л байна"
- Ченг Кунгийн үндэсний их сургуулийн оюутан Ч.М
БНСУ, ИНЧОН
- "Би одоогоор Инчонд байдаг. Энд "COVID-19" вирусийн тийм ч олон тохиолдол илрээгүй. Ер нь халдвар илэрсэн гэхээсээ илүүтэй эдгэсэн гэх мэдээлэл түлхүү гарч байгаа. Бүгд масктай байж ариутгал сайн хийгддэг. Хичээлээ цахимаар үзэж эхэлсэн. Өвчний голомт Дэгүд хөл хорио тогтоож, бүх газрууд хаалгаа түр хугацаанд барьсан"
- Инха их сургуулийн оюутан Э.М
ЯПОН, СҮЗҮКА
- "Хөл хорио зарлагдаагүй. Маск авахаар бол интернетээс захиалж л авч байгаа. \Сүзүка хотод коронатай холбогдуулж хөл хорио зарлаж магадгүй гэсэн хурал хийсэн. Манай хотод вирусийн тохиолдол илрээгүй. Миккайчи, Осака, Нагояа гэх мэт ойрхон оршдог хотуудад харин илэрсэн"
- Оюутан У.А
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх