ЗАХИДАЛ: Гуравдугаар сарын захидлын хариу №5


ССҮТөв | YOLO.MN
2020-03-22

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Найзууд маань намайг шагнал авахаар барьцдаг

Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. Би ангидаа хоёр сайн найзтай. Тэдэнтэй нөхөрлөөд их удаж байна. Би хичээлдээ болон бас бус зүйлдээ сайн л даа. Яагаад үүнийг хэлж байгаа вэ гэвэл би хувьдаа сайн найзууд бие биенээ бүхий л талаар нь дэмждэг гэж боддог. Гэтэл найзууд минь намайг завгүй болоод, аль эсвэл шагнал авахад барьцдаг гэх үү дээ.

Жилийн өмнө би тэр хоёрын Фэйсбүүк чатыг нь санамсаргүй харчихсан юм. Намайг муулаад ч барахгүй элдвийн хараалын үгээр доромжилчихсон байсан. Нэг хэсэгтээ л итгэж өгөхгүй байсан ч шуудхан очоод асуухаар шийдсэн юм. Гэтэл тэдний хариу нь намайг өөр хүнтэй найзалснаас болоод тэгсэн гэсэн. Уучлахыг хүсээгүй ч сайн найзын үүргээ биелүүлэхийн тулд тэднийг ойлгохыг оролдож, илүү анхаарал тавихыг хичээж байна.

Гэвч саяхан нэг сайн найз маань надаас харилцаагаа тасалсан. Надад "чи хэрэггүй ээ, өөр сайн найзууд байгаа" гэж хэлсэн. Би ч ойлголоо гэж хэлсэн. Бас нөгөө сайн найзтайгаа маш муу харилцаатай байгаа. Тэр хоёр маань буруу замаар ороод байгаа нь илт мэдэгдэж байгаа л даа. Намайг хэлэхээр чамд хамаагүй л гэх юм. Би тэдэнтэй буцаад найзлах ёстой юу? Надад өөр найзууд байгаа л даа. Гэхдээ одоо яахаа мэдэхгүй байна. Туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Хэтэрхий хүчлэх хэрэггүй

Сайн уу? Бидэнд хандсанд баярлалаа. Чи их сайн найз бололтой. Гэсэн ч тэр хүүхдүүд чамаас холбоогоо тасалж байна гэхээр чамд мөн дутагдалтай тал байдаг бололтой. Эсвэл тэд зүгээр л чамайг өөр найзтай болсонд гомдсон байх. Ямар ч байсан чи тэдэнтэй харилцаагаа сайжруулах гэж хичээсэн байна шүү дээ. Тэгсэн ч тэдний хандлага өөрчлөгдөхгүй байгаа бол хэтэрхий хүчлэх хэрэггүй болов уу? Он цаг өнгөрөхөд хүн өөрчлөгддөг. Хэрвээ өөр өөр сонирхолтой, үзэл бодол таарахгүй болчихвол урьдынх шигээ найзлахад хэцүү.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Гэрээ санаж байна

Сайн байна уу? Би гадаадад ажиллахаар ирээд 3 сар болж байгаа 20 настай залуу. Би гэрээ санаад их шаналж байна. Хүнд хэлэхэд эвгүй ч санах дээрээ тулбал хүүхэд, том хүн ялгаагүй л гэрээ санадаг юм болов уу? Яах аргагүй хэн нэгэнд хэлж зөвлөгөө авахгүй бол сүүлийн үед шөнө ч унтахаа болилоо. Өмнө нь гэрээсээ холдох нь битгий хэл хамаатныхаа айлд ч хонож үзээгүй гэрсэг хүнд бол хэцүү даваа юм.

Энд ирээд өглөө сэрэх болгондоо, өдөр ажил дээрээ, орой хэвтэж байхдаа ч өдөр хоног тоолоостой. Яг одоогийн байдлаар 277 өдөр үлдлээ гээд л хүлээгээд сууж байна. Ингэж бодох бүрд хол, улам бүр хол санагдаж эдгээр олон өдрүүдийг хэрхэн давж гарна даа гэж бодон санаа алдана. Энэ байдал намайг улам бүр бухимдуулж, хуримтлагдсан стресс нь нойргүйдэлд хүргэж байгаа байх гэж дүгнэж байна. Унтахгүй байхаар сэтгэл санаа улам тогтворгүй болж сөрөг сэтгэл хөдлөл давамгайлах боллоо. Мөнхийн санаа зовж, юунаас гэдгээ мэдэхгүй ч үргэлж түгшиж, айдастай байх боллоо. Яавал энэ байдлаас гарах бол?

ЗӨВЛӨГӨӨ: Даваад гарвал дараа нь ямар ч нөхцөлд өөрийгөө удирдаж чадна

Сайн уу? Бидэнд хандсан баярлалаа. Чи гадаадад ажиллахаар явахдаа зорилго, шалтгаантай явсан байх. Гэрийнхэн нь ч чамайг тэнд ажиллаж амьдарч байгаад баяртай байгаа байх. Хүн бүр гадаадад дасан зохицоход их, бага хугацаа зарцуулдаг. Үүний нэг нь чамд тохиолдож байгаа бололтой. Чи өөр дээрээ их сайн дүгнэлт хийдэг юм байна. Гэрээ санаж стрессдсэнээс болж нойргүйдэж бас түгшүүрлэхэд хүрч болно. Харин одоо үүнээс аль болох хурдан гарах хэрэгтэй. Яаж вэ?

Гэрийнхэндээ санаж байна гэдгээ хэлсэн үү? Хэлсэн ч ахиад хэлээрэй. Хүн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ дотроо тээгээд байхаар өөрт нь ачаа болж мэдрэгддэг. “Би та нарыгаа маш их санаж байна. Ийм ийм зүйлийг санаж байна. Гэсэн ч би хичээнэ ээ. Удахгүй дасах байх. Ажил маань...” гэх мэтээр нээлттэй яриарай. Эсвэл бичээрэй. Уйлмаар байвал уйл. Хэрвээ чи энэ үеийг даваад гарвал дараа нь ямар ч нөхцөлд дасан зохицох, өөрийгөө удирдах чадвартай болно. Тиймээс бууж өгөх талаар бодоод ч хэрэггүй. Өдөр хоног тоолохоо боль.

Ямар улсад амьдардаг вэ? Тэр улсад чинь сайн сайхан зүйлс их л байгаа байх. Тэр улсынхаа талаар илүү бодож, тэндхийн хэлээ сайжруулаарай. Гадаадад байхад хэтэрхий их монголоо бодоод байхаар тэндээ сайхан амьдарсан юм байхгүй, орчноосоо өөрийгөө тусгаарлаад эхэлдэг. Хэрвээ ингэж захидлаар харилцах нь чамд таалагдаж байвал үргэлжлүүлээд бидэн рүү байнга захидал бичиж байгаарай. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Тэр миний найзад талтай гэдгийг мэдсэн

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Би 5 жилийн өмнө шатрын клубд нэгэн Америк охинтой танилцаад маш сайн найзууд болсон. Байнга шахуу гэрт нь очиж тоглодог. Бас тэр бага байхаасаа л Монголд амьдарсан учраас монголоор их сайн ярьдаг. Нэг өдөр тэдний хөршид дахин нэг Америк гэр бүл шинээр нүүж ирсэн. Тэднийх бидний үеийн нэг хүүтэй байсан. Тэр гэр бүл монгол хүмүүст англи хэл заадаг байлаа.

Бид бараг юу ч ярьдаггүй байсан. Тэднийхэн дөнгөж нүүж ирсэн болохоор монгол хэл мэдэхгүй. Манай ангийн хөвгүүд бас тэдний хүүхдүүдтэй найзууд болсон. Нэг удаа тэд нар түүнийг монгол охинд сайн болсон, бас тэр охин нь намайг гэж ярих болсон. Эхэндээ би юу ч бодоогүй. Гэхдээ дараа нь яагаад ч юм түүнд өөрөө сайн болчихсон. Удаач гүй манай ангийн хөвгүүд худлаа ярьсан болохыг мэдээд гутарсан ч сэтгэл минь өөрчлөгдөөгүй.

Миний сайн хөвгүүний гэр бүл бас манай сургуулийн хэдэн хүүхдүүд зааланд тоглоод цуйван захиалгаар хийлгээд очиж авахаар явах гэж байсан юм. Би бас манай эрэгтэй найз бид 2 түүнтэй хамт явсан. Эрэгтэй найз маань байнга бид хоёрыг холбож яриад байсан болохоор нь би англиар түүнд “Бид зүгээр л найзууд” гээд хэлчихсэн. Тэр хариуд нь "Тийм ээ, чи ч сайн найз” гэж хэлсэн. Миний бодлоор бид тийм ч дотно биш байсан.

Би ч улам англи хэл сурахыг хичээж, түүнд ойртохыг хичээсэн. Заримдаа манай найзууд байхад ч тэр зөвхөн надтай ярьдаг байсан. Үнэн хэрэгтээ тэр миний найзад талтай гэдгийг мэдсэн. Гэхдээ тэр охин найз залуутай байсан. Би их гутарсан ч яагаад ч юм больж чадахгүй байгаа. Хэдэн сарын дараа тэр гэнэтийн шалтгаанаар Америк руу явсан. Дараа жил буцаж ирэх байх. Би түүний Инстаграм хаягийг олчихсон. Би түрүүлээд чат бичвэл яах бол гэж маш их бодож байна. Бас яагаад миний хайрласан хөвгүүн бүр миний сайн найзуудад сайн болоод байгаа юм бэ? гээд л.

ЗӨВЛӨГӨӨ: Бичээд үзвэл яасан юм бэ? 

Сайн уу? Бидэнд хандаж сэтгэлээ нээсэнд баярлалаа. Хайр дурлалын захианд шууд л ингэ, тэг, тэгвэл болно гэж хариулахад хэцүү. Тэр хүү чам руу хариу бичих үү, бичсэн ч та хоёр ямар харилцаатай болох вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ чи түүнийг найзад чинь талтай гэдгийг яаж мэдсэн бэ? Яг баттай юм уу? Баттай байсан ч хүний сэтгэл өөрчлөгддөг шүү дээ. Ямар ч байсан бичээд үзвэл яасан юм бэ? Түүний чамайг юу гэж боддог, ямар хандлагатай нь мэдэгдэнэ шүү дээ. Нэг хүнийг хэтэрхий удаан бодоод, ямар ч үйлдэл хийхгүй байхаар тэр хүний тухай бодол обсессив болж яг л муу зуршил шиг болчихдог. Тиймээс таалагдсан бол түүнийгээ хэлээд нээлттэй байх нь өөрийгөө хайрлаж байна гэсэн үг. Гэхдээ мэдээж чи өөрөө шийднэ шүү дээ. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Өдрийн утсаа оролдож, унтаж, идэж л өнгөрөөж байна

Сайн байна уу? Би 12-р ангийн сурагч, эмэгтэй. Гэхдээ мэргэжлээ хараахан сонгоогүй л явна. Өөрийн хүсч буй болон хийж чадах зүйлсээ сайн мэдэхгүй юм. Дизайн чиглэлээр явъя гэж бодохоор удаан суух дургүй. Бас тэр мэргэжилд тийм ч их дурлаад байгаа юм байхгүй болохоор төгсөөд шал дэмий байх гэж эргэлзэж байна.

Төгсөх анги учраас хичээх ёстойгоо мэдэж байгаа боловч зорилгогүй болохоор өдрийг утсаа оролдож, унтаж, идэж л өнгөрөөж байна. Бүх юм надаас шалтгаална гэдгийг мэдэж байгаа ч юу ч хийж чадахгүй юм. Энэ зүгээр л залхуурал уу? Бага ч болов зөвлөгөө өгнө гэж найдаж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Шалгалтандаа бэлдэх 90 хоног л үлдсэн

Сайн уу? Бидэнд хандсан баярлалаа. Хэрвээ үнэхээр ямар ч мэргэжилд татагдахгүй байгаа бол дуртай хичээлээсээ эхлээрэй. Дуртай хичээл байгаа биз дээ? Тэр хичээлээ өдөр бүр давт. Бас түүгээрээ шалгалт өгөөрэй. Дуртай хичээлийн чинь ард чамд тохирох мэргэжил байгаа.

Хүн нэг амралтын байдалд шилжээд, хичээл хийхгүй удчихаар тэр байдлаасаа гарч идэвхтэй болоход хэцүү байдаг. Энэ зүйл зөвхөн чамд биш олон төгсөх ангийнханд тохиолдож байгаа байх. Өглөө эрт босох нь хамгийн зөв. Гэрийнхнээс сэрэхээс өмнө босоод толгой сэргэг, нам гүм орчинд дуртай хичээлээ давт. Өглөөний 7 цагаас өдрийн 11 цаг хүртэл давтахад хангалттай шүү дээ. Түүнээс хойш чи юу дуртайгаа хийж болно. Үүнийг уншсаны маргаашнаас заавал хэрэгжүүлээрэй. Шалгалтандаа бэлдэх ердөө 90 хоног л үлдсэн шүү дээ. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


АСУУДАЛ: Чадахгүй гэж айж байна

Сайн байна уу? Би 10-р ангид сурдаг. 16 настай. Мэргэжил болон орох сургуулиа сонгочихсон. Гэтэл сүүлийн үед гаргасан сонголтдоо их эргэлзэх боллоо. Бага байхаасаа л дизайнер болохыг мөрөөддөг байсан ч энэ мэргэжлээр ажиллахад их мэдрэмж шаарддаг учир чадахгүй байх гэж айж байна. Загварын зураг зураг нь надад сайн дадлага болсон ч бусдын зургийг харахаар минийх нэг л дутуу, хангалтгүй санагдаад өөртөө итгэлгүй болчихлоо. Сүүлдээ бүр энэ мэргэжлээр ажиллаж чадахгүй юм шиг санагдаж байна. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Б төлөвлөгөө л гээд бодчих

Сайн уу? Бидэнд хандсанд баярлалаа. Хүн нэг зорилго тавиад, түүнийхээ талаар удаан бодоод, бусадтай өөрийгөө харьцуулаад ирэхээр хэзээ нэг өдөр бууж өгмөөр санагддаг. Энэ бол хэвийн зүйл. Ямар ч байсан чи зорьж ирсэн мэргэжлээрээ шалгалт өгөх нь зөв. Гэсэн ч ямар нэг өөр мэргэжил бодогдоод харамсах юм шиг санагдаад байвал тэр чиглэлээрээ ч гэсэн шалгалтаа өгчихөд буруу зүйл байхгүй. Б төлөвлөгөө гээд л бодчих. Ямартай ч мөрөөдлөө биелүүлэхээс бүү зугтаагаарай. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter