Энэ долоо хоногийн онцлох уран бүтээлч: Harry Styles


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-03-17

“Түүнийг хонгор минь гэж битгий дуудаарай…
Намайг дууддаг байсан нэрээр түүнийг хэзээ ч битгий дуудаарай…”
 
- “Cherry” Harry styles

Долоо хоног бүрийн Пүрэв гарагт бэлтгэн хүргэдэг “Artist of the Week” буюу “Долоо хоногийн онцлох уран бүтээлч” булангийн хоёр дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өмнөх дугаарт дуучин Troye Sivan-ийн уран бүтээлүүдтэй танилцсан бол энэ удаад Английн дуучин, жүжигчин Harry Styles-ийн уран бүтээлүүдийг хүргэх болно.  

Өдгөө 26 настай залуу дуучин маань хөгжмийн карьераа 2010 онд “X Factor” хэмээх Английн телевизийн нэвтрүүлэгт оролцон эхлүүлж байжээ. Түүнээс гадна түүнтэй ижил насны дөрвөн залуус уг нэвтрүүлгээс хасагдчихсан байсан ч шүүгчдийн хүсэлтээр "One Direction" хэмээх хамтлаг болон нэгдэж эргэн ирж байсан билээ. 

2011 оны наймдугаар сард өдгөө Youtube хуудаснаа нэг тэрбум гаруй хандалттай "What Makes You Beautiful" дуугаараа хөгжмийн гараагаа эхлүүлсэн "One Direction" хамтлаг шуудхан л нэрд гарсан. Тэд 2016 онд тодорхойгүй хугацаагаар завсарлага авахаасаа өмнө бүтэн 5 жилийн хугацаанд маш шаргуу ажилласан билээ. Ингээд тус тусдаа уран бүтээл туурвиж эхэлсэн аж. 

Harry Styles-ийн хувьд 2017 онд "Sign of the Times" хэмээх өөрийн анхны бие даасан уран бүтээлээ туурвисан. 

“Зүгээр л нулимсаа унагахаа боль
Энэ бол цаг хугацааны дохио
Эцсийн шоунд тавтай морил
Хамгийн гоёмсог хувцсаа өмсч буй гэж найдъя
Би тэнд сайн харагдаж байна
Үнэндээ сайн биш байгаа хэдий ч”

Тэрээр нэгэн ярилцлагад хэлэхдээ: 

- "Энэ бол бидний хүнд нөхцөл байдалд орж буй анхны ч, сүүлийн ч тохиолдол биш. "Sign of the Times" дуу бол дөнгөж хүүхдээ төрүүлчихээд "Хүүхдийн биеийн байдал сайн байгаа ч та цаашид амьдрах боломжгүй нь" гэсэн үг сонссон эхийн зүгээс бичигдсэн дуу. Өөрөөр хэлбэл түүнд хүүхдэдээ "Урагшаа явж бүхнийг даван гараарай" гэж захиж зөвлөх ердөө тавхан минут л үлдсэн"

Яг л түүний хэлсэн шиг үнэхээр л энэ дуунд нэг тийм ид шидийн гэмээр уйтгар, түүНий цаана нуугдах хөнгөн санаа алдалт шингэсэн байдаг. "Нөхцөл байдал хэцүү байсан ч үүнийг хийх хэрэгтэй. Урагшлах хэрэгтэй" гэсэн санаа нь энэхүү дууг улам л нандин болгож буй шалтгаан нь биз ээ. 

Дууны төгсгөлийн хэсгийн

- "Бид хэзээ ч хангалттай ярилцаж байгаагүй
Бүх зүйл оройтохоос өмнө сэтгэлээ нээх хэрэгтэй" хэмээх мөртүүд нь мөн л хамгийн чухал хэсгүүдийн нэг. Гудамжинд алхах 10 хүний 1 нь сэтгэл гутралтай тэмцэж байгаа өнөөгийн энэ нийгэмд зовлон гунигаа дотроо тээн өөрийгөө дотроос нь хэмлэж, хоорондоо хангалттай хэмжээгээр ярилцаж чаддаггүй болсон нь зүрх өвтгөм хэрэг биш гэж үү? 

Үүний дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сард тэрээр өөрийн анхны бүрэн хэмжээний цомог болон "Harry Styles" хэмээх цомгоо гаргасан. Уг цомогт "Meet Me in the Hallway", "Sweet Creature", "Kiwi", "Only Angel" зэрэг нийт 10 дуу багтдаг билээ.

“Адилхан улаан уруул, адилхан цэнхэр нүд
Адилхан цагаан цамц, ахиад хэдэн шивээс
Гэвч энэ чи биш, бас би ч биш
Урьд нь байсан бид одоо байхаа больсон
Бид зүгээр л цохилох зүрхтэй байх
Ямар байдгийг санахаар оролдож буй
Чи бидний оронд зогсч буй хоёр сүнс”

- "Two Ghosts" 

Уг дуу нь мөн л "Harry Styles" цомогт багтсан бөгөөд хөрсөн хайрын тухай өгүүлдэг. Үүнийг өмнө нь болзож байсан бүсгүй болох дуучин Taylor Swift-д зориулсан гэж үздэг хүмүүс цөөнгүй байдаг. 

Хэнд ч зориулсан байлаа гэсэн уг дуу бол түүний хамгийн үзэсгэлэнтэй бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн. Дурлал ирдэг. Тэгвэл дурлал гэх зүйл бидэн дээр ирсэн шигээ буцаж бүдгэрэх үе ч бий. Энэ хүн дэргэд минь байхад л хорвоо дэлхий үргэлж сайн сайхнаараа байх мэт санагддаг байсан хүнийхээ нүд рүү нэг л өдөр харахад юу ч үгүй хоосон зүйлийг мэдрэх тийм л гунигтай мэдрэмжийг энэ дуунд гайхамшигтайгаар дүрсэлсэн. 

Харин уг цомгийн хамгийн сүүлд бичигдсэн "Caroline" дууг мөн л урьд нь болзож байсан эмэгтэйдээ зориулж бичсэн гэдэг. Сонсохын төдийд л цаг хугацаагаар аялуулах мэт энэхүү дуу танд ч бас 1970,80-аад оны үеийг санагдуулж магадгүй юм. 

Harry Styles 2017 онд өөрийн шинэхэн цомгоо гаргаад ч зогсохгүй жүжигчний карьерынхаа эхлэлийг тавьсан. Өөрөөр хэлбэл кино найруулагч Christopher Nolan-ийн “Dunkirk” хэмээх дайны сэдэвт кинонд туслах дүр бүтээн өөрийн ахин нэг авьяасыг батлан харуулж байжээ.

Тэрээр шүтэн бишрэгчдээ удаан хүлээлгэсний эцэст буюу 2019 онд өөрийн "Fine Line" хэмээх хоёр дахь цомгоо олны хүртээл болгосон. Энэ нь "хувийн" гэмээр олон олон мэдрэмжүүдийг төрүүлдгээрээ онцлогтой. Тиймдээ ч энэхүү бүтээл өмнө нь түүний уран бүтээлүүдийг сонсож байгаагүй, тэр бүү хэл үзэн яддаг байсан хүмүүсийг ч татаж чадсан байдаг. 

Цомогт багтсан "Cherry" дууг 2018 онд салсан хуучин найз бүсгүй Camille Rowe-д зориулан бичсэн бөгөөд дууныхаа төгсгөлд түүнийг хоолойг хүртэл оруулсан билээ. Тэрээр хэлэхдээ: 

- "Би энэ салалтад чин сэтгэлээсээ хандахыг хүссэн. Тухайн үед мэдэрч байсан бүхэндээ чин сэтгэлээсээ хандмаар байсан. Зүгээр л "Надад хамаагүй ээ" гээд өнгөрөөлгүйгээр илүү нээлттэй байхыг хүссэн гэх үү дээ.

Аливаа зүйлс хүссэнээр нь болохгүй үед хүмүүс ялихгүй зүйлсийг ч томруулж эхэлдэг. "Cherry" дуу маань ч нэг талаараа тийм гэж хэлж болно.

Энэ дууг бичдэг шөнө манай хоёр инженерээс бусад нь явчихсан байсан. Би дуу бичихийн тулд үнэхээр их дарамт мэдэрдэг л дээ. Өөрөөр хэлбэл дуу хийх маш их санаа төрдөг. "Таван жилийн дараа ийм дуу, харин арван жилийн дотор ийм дуу хиймээр байна" гээд л. Гэтэл тэр хоёрын нэг нь надад "Зүгээр л яг одоо юу хиймээр байгаагаа л хий" гэхэд нь би тэр шөнө унтахгүйгээр "Cherry" дуугаа бичиж байсан юм" 

"Чамайг сайн явааг мэдэж байгаа ч
Би хувиа хичээсэн хүн болохоор
Сайн яваа чинь таалагдахгүй байна"
гэхийг сонсоход тэр найз бүсгүйгээсээ салчихсан ч түүндээ хэр их хайртай байсныг нь мэдэрч болохоор юм шиг. Уг дууны эзэн бүсгүй нь Франц гаралтай модель бөгөөд "Найзуудын чинь аялгыг ч хүртэл санаж байна" гэх мөр уг дуунд багтдаг. Франц хэлэнд "Миний хайрт" гэх үгийг "Mon cheri" гэж хэлдгээс харахад дууны нэрийг зүгээр ч "Cherry" гэж өгөөгүй бололтой.  

"Artist of the Week" цуврал нийтлэлийнхээ энэ дугаараар онцлох хамгийн сүүлчийн дуу бол “Fine Line” цомогт багтсан “Falling” дуу. Энэ оны хоёрдугаар сард албан ёсны клип нь цацагдсан энэхүү дуу үг үсгээрээ бүхэл бүтэн түүхийг өгүүлчихдэг гэмээр. 

"Хэрвээ би хэн нэгэнтэй байхыг хүсдэггүй хүн бол яах вэ" гэх мөрөөс "Би чамд дахин хэрэг болохгүй мэт мэдрэгдэж байна" гэх бадаг руу шилжээд "Хэрэв чамайг л дэргэдээ байлгахыг хүсч байгаа бол яах вэ" хэмээн эхлэх дахилтаар төгсгөдөг. 

Усанд ч бага багаар живж байгаа ч уснаас гарах гэж огтоос оролдохгүйгээр түүнийгээ хүлээн зөвшөөрсөөр тэндээ "дуусчихдаг" клипний дүрслэл нь ч энгийн хэрнээ дуугаа гайхалтайгаар төгсгөж өгдөг.   

Ийнхүү энэ удаагийн дугаараа Harry Styles-ийн зарим дуунуудаас санал болгон өндөрлөе. Та бүхэн илүү ихээр мэдэж судалмаар буй уран бүтээлчдээ бидэнтэй хуваалцаарай.  

ADORE YOU

WATERMELON SUGAR

 
GIRL CRUSH

LIGHTS UP

MEET ME IN THE HALLWAY

SWEET CREATURE

GOLDEN

SHE

#Artist of the Week #Harry Styles