Гуч хоногийн дотор ШИНЭ ХЭЛ СУРАХ арга


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-06-28

Өөрийн төрөлх хэлнээс өөр хэлээр ярьж сурах нь бидэнд өөрөөр сэтгэхийн зэрэгцээ дэлхийн бусад улс орны иргэдтэй холбоо тогтоох, харилцаагаа өргөжүүлэх боломжийг олгодог. Нельсон Мандела “Та хэн нэгэнтэй өөрийнх нь ойлгодог хэлээр яривал түүний толгойд орно. Харин төрөлх хэлээр нь яривал зүрхэнд нь хүрнэ” гэж хэлсэн байдаг. 

Та шинэ хэл сурахын ач холбогдлыг хэдий ухаарсан ч хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл би танд өөрийн испани хэл сурсан туршлагаасаа сонирхуулъя. Үүнийг та аль ч хэлийг шинээр сурахдаа ашиглаж болох ба зарим арга техник нь амархан, зарим нь хэцүү санагдаж ч магадгүй. Гэсэн ч та өөрөө л хичээж чадвал үр дүнгээ маш хурдан өгөх болно. 

Надтай тааралдсан ихэнх хүмүүс "Солонгос хэл сурах юмсан", "Япон хэл сурмаар байна", "Италиар яриад сурчихвал гоё доо" гэх зэргээр ярьсаар л байдаг. Тэд хаанаас, хэрхэн эхлэх вэ гэдгээ мэдэхгүй байгаа учраас "ярьсаар" л байдаг. Та ч мөн эдгээр хүмүүсийн нэг бол эхний ээлжинд хэл сурах төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Та 30 хоногийн дотор тухайн хэлний анхан шатны мэдлэгтэй болно гэж төлөвлөсөн л бол яг түүндээ таарсан төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Хамгийн чухал нь өдөр бүр тасралтгүй суралцах хэрэгтэй. 

ӨДӨРТ НЬ БИЕЛҮҮЛЭХ ЗОРИЛГО ТАВЬ

Юун түрүүнд өөрийгөө хуурах хэрэггүй гэдгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл өдөрт нь биелүүлэх зорилго гээд дэндүү амархан зорилго тавиад байвал энэ шатыг шуудхан алгассан нь дээр. Харин "Зорилго минь ямар байх ёстой юм бол?" хэмээн гайхаж байвал энэ нь "Хэл сурах хүсэлд тань тулгуурласан" байх ёстой аж. 

Би өдөр бүр эрчимтэй ажиллахыг эрхэмлэдэг ч ажлыг удаашруулах нэг зүйл гараад л ирдэг. Та нарт ч бас энэ асуудал тохиолддог л биз дээ? Ийм зүйлээс болж хэл сурах үйл явцаа удаашруулахгүйн тулд “өдөрт зайлшгүй хийх ёстой” ажлуудаа ялгаж байгаарай. Ингэхдээ хийх ёстой ажлуудаа төлөвлөснийхөө дараа илүү зохион байгуулалтад оруулаарай. Жишээ нь би 100 үг цээжлэх зорилго тавихын оронд үгсээ дөрвөн хэсэгт хувааж 25 үг цээжилдэг болсон.

Мөн “дүрэм сурах” гэдэг зорилгын оронд “энгийн одоо цагийн хэрэглээг сурах” гэхчлэн илүү тодорхой бөгөөд биелэх боломжтой зорилго тавих хэрэгтэй. Ингэж байж л танд үр дүн нь мэдрэгдэнэ шүү дээ. Ер нь аливаа хэлийг суралцаж байх явцад мэдэхгүй зүйл бага багаар гарч ирдэг. Хэрвээ нэг өгүүлбэр орчуулж байхад чинь таны мэдэхгүй дүрэм гараад ирвэл үүнийг дараа өдрийнхөө зорилго болгон ашиглаарай. 

Хүчин чармайлт гаргахгүйгээр ямар ч хэлийг сурах боломжгүй. Тийм болохоор өдөр бүр өөртөө зорилго тавих нь хамгийн ашигтай арга гэж хэлж болно. Үүнд мэдээж үг цээжлэх, дүрмээ давтах гээд ямар ч зорилго байж болно. Боломжтой бол хэр их хугацаа зарцуулахаа ч төлөвлөж болох юм.

“БИДНИЙ БАЙНГА ДАВТАЖ ХИЙДЭГ ЗҮЙЛ ҮЙЛДЭЛ БИШ ЗУРШИЛ БАЙДАГ”

Хэрвээ та хэл сурахыг хүсэж байвал үүнийгээ “зуршил” болгох хэрэгтэй. Ихэнх хүмүүс “Яаж ийм хурдан хугацаанд сурсан юм бэ?” гэж асуудаг. Хариулт нь “үгийн сан”. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгсийн утгыг мэдэж авснаар бусад ойролцоо утгатай болон ижил бичлэгтэй үгсийг ойлгоход дөхөм болно. Ингээд л сайн ярих, ойлгох суурь тавигдана гэсэн үг. Судалгаанаас үзэхэд төрөлх англи хэлгүй хүн 2,000 орчим үг мэддэг болчихвол англи хэлээр чөлөөтэй ярьж чадна гэсэн байдаг. Тийм учраас аль ч хэлээр чөлөөтэй ойлголцохыг хүсвэл үгийн сангаас эхлэх нь хамгийн зөв.

Би испани хэл сурч байхдаа өдөр бүр санаанд орж ирсэн 100 үгээ бичдэг байлаа. Энэ бол үгээ мартахгүй байх хамгийн сайн арга шүү.

ЭХ ОРОНД НЬ ОЧИХГҮЙГЭЭР ХЭЛИЙГ НЬ СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Цахим орчин хөгжсөн эрин зуунд амьдарч буйгаа санаарай. Солонгос эсвэл Америк яваад хэлийг нь сонсож, илүү сайн сурна гэсэн бодлоо хая. Гэртээ байхдаа ч суралцах боломж бий шүү дээ. Зурагт, Youtube, Netflix-тэй сайн найз болоход л хангалттай. Би испани хэл сурахын тулд испани дуу сонсож, үгийг нь харж байгаад дагаж дуулдаг байсан. Энэ бол сонсгол болон дуудлагаа сайжруулах сайхан боломж. Мөн аливаа хэлийг сурахдаа дараах аргуудыг хэрэгжүүлээд үзээрэй. Үүнд: 

YOUTUBE ДЭЭРХ БИЧЛЭГИЙГ ХАДМАЛТАЙГААР ҮЗЭХ

Та Youtube дээр бичлэг үзэхдээ өөрийн суралцаж буй хэлээрээ үздэг бол маш сайн байна! Хадмалтайгаар буюу "CC" тохиргоон дээр тавиад үзвэл үгээ зөв сонсох, сонсож чадаагүй үгийнхээ дуудлагыг сурч авах боломжтой шүү. 


ДУУ ОРЧУУЛАХ

Өглөө сэрээд дуртай дуугаа сонсохдоо үгийг нь орчуулах гэж оролдоод үзээрэй. Хэлний чадвар чинь илт мэдэгдэхүйц сайжирна.
 


ТУХАЙН ХЭЛ ДЭЭР "УНШИХ"

Та ном, сонин, сэтгүүл унших дуртай бол сайн хэрэг. Учир нь суралцаж буй хэл дээрээ ямар нэгэн ном, сонин сэтгүүл унших нь дүрэм, үгийн сангийн мэдлэгийг сайжруулах тустай. Нэмж зөвлөхөд өөрийн дуртай сайттай болоод, өдөр бүр шинэ мэдээ мэдээлэл хүлээн авах тохиргоог нь нээгээрэй. 

Хэл сурахад хамгийн чухал зүйл бол өөрийн гэсэн арга барилтай байх явдал юм. Цахим орчинд маш олон хүмүүс өөрсдийн хэл сурсан арга, туршлагаа хуваалцсан байдаг. Тэдгээрээс өөрт хамгийн ойрхон санагдаж буйгаа туршиж үзэхийг зөвлөе.

#Шинэ хэл #Зөвлөгөө